АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өчигдөр хийж, өнгөрсөн нэг сарын хугацаанд шалгаж шийдвэрлэсэн ажлаа танилцууллаа. Энэ удаа Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм. АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар хамгийн эхэнд мэдээллээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСЭЭ АЖИЛД ТОМИЛЖЭЭ
Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гаргасан шийдвэр, ашиг сонирхлын зөрчилтэй тендер шалгаруулалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, ажил, үйлчилгээ, гадаадын зээл тусламжийн үр ашиггүй зарцуулалт, танил тал, эрх мэдэл, тал тохой татсан шийдвэр гаргах явдал байсаар.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн эрх авмагцаа төрийн албанд хариуцлага, ёс зүйг бий болгохоо амласан ч амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаа бололтой. АТГ-ын өчигдрийн хурлын үеэр зарим яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт авлига, ашиг сонирхлын зөрчил түгээмэл, түүнийг засаж залруулах, таслан зогсоох ажил хийхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байгааг хэллээ.
АТГ-ынхан өнгөрсөн хоёр жилд яам, агентлагуудад ажиллаж, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, яам агентлагуудад 150 зүйл бүхий зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянахад биелэлт нь хангалтгүй, бодитой ажил хийгээгүй нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтан гарах нөхцөлийг бүрдүүлжээ.
Уг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуульд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг хүлээсэн байдаг төрийн байгууллага, албан тушаалтнууд хуулийн зүйл заалтыг үл ойшоож байгаа аж.
Биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрээр орон нутгийн албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт явуулан түүнээсээ хандив, тусламж авч, бусдад давуу байдал олгох явдал байгаа нь авлигын гэмт хэрэг гарах шалтгаан болж буйг АТГ-ынхан сануулж Уул уурхай, хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зөвлөмж хүргүүлсэн. Харамсалтай нь, тэр зөвлөмжийн мөрөөр ажил хийгээгүйн улмаас нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийсээр байгаа бөгөөд зарим аймагт төрийн албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг АТГ-ынхан онцоллоо.
Мөн БОАЖЯ-ны байранд засвар хийх, хурлын танхимын тоног төхөөрөмж нийлүүлэх 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК-ийн данс руу шилжүүлж, бэлэн мөнгө болгон гаргаж авчээ. Улмаар барилгын засварын ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эрчим хүчний салбарт бас хууль зөрчсөн үйл ажиллагаа байсаар. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл 830 компани эзэмшиж буй аж. Үүний 250 нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой байдгийг АТГ-ынхан 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн шалгалтаараа тогтоосон юм. ЭХЯ-наас 2017 онд зарласан сонгон шалгаруулалтад энэ салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж буй долоон компани 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч гэрээ байгуулсан гэнэ.
Эрүүл мэндийн салбарынхан Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад төдийлөн анхаарч ажиллахгүй байгаа аж. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох явдал эрүүл мэндийн салбарт түгээмэл. Тухайлбал, “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон. Мөн хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан нэгнийг тус яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх мэдээллийг шалгахад Б нь Д.Сарангэрэлийг УИХ-ын сул гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан нь тогтоогджээ. Мөн ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь салбарын сайдынхаа төрсөн хүүгийнх нь найз гэдэг нь батлагдсан гэнэ.
Н.АЛТАНХУЯГИЙН ЗӨВЛӨХ М.ТУЛГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сард гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээллийг хянаж үзээд долоод нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргаж, 12-т хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал прокурорт шилжүүлжээ. Үлдсэнд хэрэг үүсгэх үндэслэлтэй, эсэхийг нягталж буй аж. Энэ сард 382 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 199 хэргээр буюу 2.4 дахин өссөн байна. Үүний 18-ыг шүүхэд шилжүүлэх саналтай, 27-г хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.
Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдээс олны анхаарал татсан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгад холбогдох үйлдэл юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжих ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Дээр дурдсан онуудад БСШУЯ-наас зарласан, Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднах талбай, нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбай, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах гээд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй тендерт хамаарал бүхий хүмүүсээ шалгаруулсан хэмээн шалгуулж байсан юм.
Мөн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба тэргүүтэй хүмүүс “Оюу цагаан барс” ХХК-ийн нэрээр хуш модны самрын 30 тн чөмөг, 600 тн яс экспортлох тусгай зөвшөөрөл олгохын тулд хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэх санал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гаргаж, НПГ-т хүргүүлжээ.
Харин шинээр АМГТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэд аж ахуйн нэгжүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэнэ. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий санхүүч А.Сувданчимэг, 065 дугаар ангийн мөн албаны дарга Т.Байгалмаа зэрэг хэд хэдэн ангийн дээрх албан тушаалыг хашдаг хүмүүс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй үйлдлийг илрүүлж шалгуулахаар болсон талаар манай сонин энэ оны тавдугаар сарын 17-ны дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл АТГ-ынхан Зэвсэгт хүчний ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалаа урвуулж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэн өөрсдийнхөө дансанд шилжүүлэн завшиж байсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.
Мөн МУИС-ийн өнөөгийн захирал Я.Төмөрбаатар зэрэг хүмүүсийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол НПГ-аас баталсныг АТГ-ынхан мэдээллээ. Тэд “МУИС-ийн удирдлагуудтай холбоотой өргөдөл, гомдол хэсэг багш гаргасан. Үүнийг НПГ-аас хянаад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн зүйл байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой гомдол санал ирүүлснийг хуулийн дагуу шалгаж байна” гэсэн юм.
“АТГ-ЫН ДАРГАД 19 НАСТАЙ ОХИН БАЙХГҮЙ”
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулсан юм.
-Олон нийтийн сүлжээгээр “АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин нь “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг” гэсэн мэдээлэл гараад байгаа. Түүнд 19 настай охин байдаг юм уу. Үнэхээр ийм ажил хийдэг гэж үү?
-АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд ч үгүй. Энэ бол санаатайгаар тараасан худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах, саармагжуулах зорилготой мэдээллүүд тарааж байна. Энэ мэт мэдээллийг цувралаар бэлтгэж, цацах гэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Олон нийтийн сүлжээнд энэ мэдээллийг хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар бичсэн байсан. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг атлаа ийм хариуцлагагүй, худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Иймэрхүү худал мэдээлэл тараасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно.
-60 тэрбумын хэргийг сэргээсэн байсан. Ямар шатанд байгаа вэ?
-60 тэрбумын гэх хэрэг асуудлыг ТЕГ, АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч шалгасан гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Энэ ажлын хэсэгт орсон байгууллагуудаас тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж прокурорт санал тавьсны дагуу сэргээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-“Эрдэнэт үйлдвэр”, “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой хэргийг шалгаж дуусаагүй юу?
-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын явцад “Жаст групп”-д хийсэн аудитын болон санхүүгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Хэргийг ойрын үед прокурор, шүүхэд шилжүүлэх байх.
Бэлтгэсэн: Г.Равжаа