МАН-ынхны нэр холбогдсон “60 тэрбум”-ийн гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг сэргээн шалгаж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Тагнуулын ерөнхий газарт гэрчийн мэдүүлэг өгөв. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирээд хэвлэлийнхэнтэй уулзсан юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог энэ хэргийн сэргээн шалгах ажлын хэсгийг ахалж буйг би эсэргүүцэж байна. АТГ өмнө нь бичлэгийг эвлүүлэг гэж үзээд хэргийг хаасан. Тэр хүмүүс дахиад энэ хэрэг дээр ажиллаж болохгүй. Нэмэлт мэдээлэл байна гээд сэргээж байгаа юм бол ТЕГ үргэлжлүүлэн шалгах нь зөв гэсэн саналаа АТГ-ын дарга болон ТЕГ-ын даргад бичгээр өглөө.
Мөн М.Энхболд дарга нэгэнт харамсал илэрхийлсэн тул түүнийг дуудаж байцаалт авах ёстой, энэ бичлэг эвлүүлэг, мөн биш гэдгийг ТЕГ эцэслэн тогтоож, олон нийтэд зарлахгүй бол би олон улсын шүүхэд хандана, АТГ төрийн 1750 албан хаагчаас мэдүүлэг авсан гэдэг, үүнийг дахин нягтлах хэрэгтэй гэх мэтийн нэлээд хэдэн байр суурь илэрхийллээ.
Энэ хэргийг нэлээд далайцтай судлахаар төлөвлөж байгаа, гэхдээ хугацаа орно гэдгийг ТЕГ-ын ахлах мөрдөн байцаагч Энхтөр хэлж байна. Гарын үсэг зурсан 26 гишүүн, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, гомдол гаргасан бүх хүн хэрэг хаашаа эргэхийг анхааралтай ажиглах болно. Тиймээс “60 тэрбум”-ын хэрэг авлига мөн, биш гэсэн эргэлзээг тайлж, мэдээллийг нээлттэй байлгахыг хүслээ” гэв.
Мөн “Мэдээлэгч буюу шүгэл үлээгч мэдээлэл өгснийхөө төлөө хохирох, дарамтлуулах, ямар нэг асуудалд орох явдал олон гардаг юм байна. Би өөрөө ч үүнийг биеэр тууллаа. Тиймээс намрын чуулган эхэлсэн даруйд мэдээлэл өгсөн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг хуулийн төсөл санаачлах бодолтой байна” гэсэн.
“Хэргийн анхны мэдээлэгч Г.Доржзодовтой уулзсан уу” гэсэн асуултад хариулахдаа тэрбээр “Уулзсан. Энэ талаараа сая байцаалтын үеэр ч ярилаа. Энэ залуу үнэхээр үнэн мэдээлэл өгсөн үү, эсвэл энэ мэдээлэл нь эвлүүлэг байсан уу гэдгийг олж тогтоох ёстой. Хэрвээ тэр хүний мэдээлэл үнэн бол энэ залуу нийгэмд шүгэл үлээж чаджээ гэдгийг хүлээн зөвшөөрч, өмнө нь түүнтэй холбон ярьж байсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгон, нэр төрийг нь сэргээх ёстой.
Хэрэв худлаа мэдээлэл тараасан бол зохих хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Ер нь сүүлийн үед АТГ-ынхан гэнэтхэн нэг хүнийг барьж хориод, 30 хонуулаад сулладаг, тэгээд яасан нь мэдэгдэхгүй сураг алдардаг боллоо. Хэрэв тэр хүн нь үнэхээр буруу зүйл хийгээд хоригдсон бол шүүхээр асуудлыг шийдэх ёстой. Шүүхээр шийдэхгүй сураг алдарч байгааг нь харвал буруугүй байсан гэж ойлгомоор.
Тэгвэл огт буруугүй хүнийг 60 хоног хорино гэдэг хүний эрхийг зөрчиж, зандалчилж байгаа хэлбэр. АТГ улс төрийн зорилгоор ийм зүйл хийдэг боллоо. Хуулийн байгууллага улстөрждөг, улс төрийн гар хөл болдог, хэргийг улстөрчийн хүсэл сонирхлоор нээж, хаадаг байж болохгүй” хэмээсэн юм.
А.Амина