ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Хууль сахиулахын их сургууль (ХСИС)-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Төрөөс боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх асуудлыг зорилт болгосон.
Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инновац, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр заасан. Боловсролын шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын тэргүүний жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологийг тасралтгүй нийлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү өндөр зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд ХСИС-ийн багш, сонсогч, оюутан, ажилтан бүр шинэ нөхцөл байдал, шинэ зорилтоо ухамсарлан сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийж, эрдмийн нэгдмэл хамт олон болон төлөвшиж, ихээхэн хүчин чармайлт гарган хөдөлмөрлөх ёстойг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр дараа нь Удирдлагын академийн хичээлийн жилийн нээлтэд оролцсон. Тус академи нь үндэсний удирдах ажилтан, манлайлагчдыг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэдгийг Г.Занданшатар тэмдэглээд “Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого батлан хэрэгжүүлж байна. Нэг гол тулгуур нь төрийн алба, засаглалын шинэчлэл юм.
Энэ хүрээнд төрийн албаны хууль шинэчлэгдэн, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна. Удирдлагын академид төрийн албан хаагчдыг давтан сургаж, мэргэшүүлэх салбар сургууль байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Засаглалын шинэчлэл, төрийн албыг бэхжүүлэх, чадавхжуулахад Удирдлагын академийн гүйцэтгэх үүрэг их” хэмээн онцлов.
Мөн нийгмийн хөгжлийн шаардлагаас үүдэн Удирдлагын академи нь орчин цагийн удирдахуйн онол арга зүй практикийг эзэмшүүлдэг, түгээн дэлгэрүүлдэг үндэсний хэмжээний төдийгүй олон улсын шаардлагад нийцсэн практик соёлыг түгээн дэлгэрүүлдэг, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт судалгаа эрдэм шинжилгээний байгууллага болон хөгжих учиртай гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.