“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган өчигдрөөс эхэллээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэхдээ “Тус чуулган нь Азийн улс орнуудад засаглалыг сайжруулахад үүсэж буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, асуудлыг шийдвэрлэсэн сайн туршлага, алдаа онооноос суралцахад бид бүхэнд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлага, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршиж байгаа юм.
“Нэгдсэн нэг бодлого, нэг улс” уриатай Монгол Улсын гурван тулгуурт бодлого нь засаглалын, эдийн засгийн, нийгмийн реформ хийх зорилготой. Үндсэн хуулийн хүрээнд засаглалын реформ хийх замаар бодлогын тогтвортой байдал, төрийн институцийн тогтвортой байдал, ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албыг төлөвшүүлнэ.
Ингэснээр хууль дээдлэх зарчим, шударга ёсыг эрхэмлэсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглалыг бэхжүүлэх суурь харилцаа бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Тогтвортой, нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлэн, амьдралын түвшинг сайжруулахын төлөө төрийн алба нь ажиллах зарчмыг мөрдлөгө болгоно.
Засаглалын реформын хүрээнд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, ирэх оноос мөрдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Энэ хуулийг шинэчлэн хэрэгжүүлснээр тогтвортой, чадвартай төрийн албыг бэхжүүлэх, иргэдээ сонсдог, хамтран шийдвэр гаргадаг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг төрийн үйлчилгээ бий болно.
Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх асуудлаар зохион байгуулж байгаа чуулганы зорилго нь манай Засгийн газрын зорилготой нийцэж байгаа юм. Оролцогч улсууд тус чуулганаас өөрсдийн үйл ажиллагаанд ажил хэрэг болгох үнэтэй туршлагыг хуваалцана гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
Чуулганд Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээний гишүүн орнуудын төлөөлөгчид болон яамдын төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар, аймгийн ИТХ-ын дарга нар, зарим ТББ-ын төлөөлөл оролцож байна. Чуулганыг ЗГХЭГ, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй юм. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгох нь энэхүү чуулганы зорилго аж.
Чуулганд Азийн 11 улсын 22 байгууллага сайн засаглал болон шууд ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо, нийгмийн хариуцлага, сонгуульд тавих хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвээр өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцана.
Мөн манай улсын зургаан байгууллага нутгийн удирдлагын болон бусад чиглэлээр нэвтрүүлж буй туршлагаасаа хуралд оролцогчдод танилцуулах юм. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд ажиллаж буй “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулна. Монгол Улс гишүүнээр элсэн орсон Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээнд Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн аж. Эл чуулган гурван өдөр үргэлжлэх юм.
Бэлтгэсэн: А.Амина