Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гарагт УИХ-д өргөн барьж, яамныхныхаа хамт товч мэдээлэл өглөө. Төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг есөн их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8, тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна.
Тэнцвэржүүлсэн орлогод Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв сангийн орлого ороогүй болохыг Сангийн сайд тодотгосон. Хүний хөгжил сангаас дамжин ирсэн нэг их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум, цаашид жил бүр нэг их наяд гаруй төгрөг хуримтлуулахаар тооцжээ. Ингэснээр манай улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, хойч үедээ өвлүүлэх зорилт бодит ажил хэрэг болно гэж үзэж буй аж.
Харин нийт алдагдлаас 1.3 их наяд төгрөгийг нь гадаадын зээл, тусламж, үлдсэнийг нь оновчтой менежментээр нөхөх аж. Зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлэх, нефть боловсруулах үйлдвэр, Дархан, Налайхын авто зам, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг ажил хийх юм байна. Мөн ирэх жил зээл авахгүй гэдгийг Сангийн сайд онцлов.
Одоогоор өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьтай тэнцэж байгаа нь тайвшрах цаг болоогүйг илтгэж буйг тэрбээр тэмдэглээд, “Өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувьд хүргэхийн төлөө ажиллана” гэв. Зэсийн үнийг 2019 оны төсвийн төсөөллөөс доогуур тооцсоноо Сангийн сайд онцолсон. Тэрбээр ирэх оны төсвийн төслийг “харьцангуй бодитой” болсон гэж байсан юм.
Тэд ДНБ-ий өсөлт найман хувь байхаар тооцжээ. Мөн онд Татварын багц хуулийг шинээр хэрэгжүүлнэ гэж тооцсон нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэхэд хүргэсэн байна. Ирэх онд Засгийн газар төсвийн зарлагын реформыг хийхдээ тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв байлгах, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг өсгөж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зориулах гэнэ.
Тухайлбал, хилийн бүх боомтыг камержуулах, автомашины рентген төхөөрөмж суулгах, дөрвөн боомтыг шатахууны чанар шалгах аппараттай болгох аж. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс инфляцын түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор 720 тэрбум төгрөг тусгажээ. Харин хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор тооцсон аж. Туршилтын шугамаар Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ-ийг төсвөөс ангид, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх олгохоор төсвийг нь тооцсон байна.
Өөрөөр хэлбэл, тэд өөрсдөө хөрөнгийн эх үүсвэрээ шийдэж, эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлэх гэнэ. Үүнээс гадна МСҮТ-д суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тооцож, 41 тэрбум төгрөг суулгасан байна. Түүнчлэн нэг их наяд 366 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 сургууль, 60 цэцэрлэг, 22 дотуур байр, 32 эмнэлэг, 27 спорт заал шинээр барихаар төлөвлөжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэхээр буй юм байна.
Утааг бууруулахад нийт 200 орчим тэрбум төсөвлөснөөс 45 тэрбумыг нь гэр хороололд цахилгаан, дулааны шугам тавихад зарцуулах бол үлдсэнийг нь боловсруулсан түлшний үйлдвэр барих болон бусад ажилд зориулах гэнэ.
Үүнээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн 50, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн 30, агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг аймгууд өөрсдөө зарцуулах боломж олгохоор тусгасан байна. Ингэснээр орон нутаг төсөв, санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзжээ.