
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу ШШҮХ-гийн зарим удирдах албан тушаалтныг өөрчилжээ. Тухайлбал, шинжилгээний асуудал хариуцсан тэргүүн дэд, дэд захирал, Захиргаа, удирдлагын газар, Санхүү төлөвлөлт, хангамжийн газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон зарим нэгжийн дарга нарыг өөрчилж томилсон байна.
ШШҮХ-гийн тэргүүн дэд захирлын албан тушаалыг Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга асан, цагдаагийн дэд хурандаа Даваацэрэнгийн Мөнхбат хаших болжээ. Уг албан тушаалыг хашиж байсан хурандаа Ч.Алтанхишиг гавьяаныхаа амралтыг эдлэх хүсэлтээ өгсөнтэй нь холбогдуулж ийнхүү томилсон байна. Дэд хурандаа Д.Мөнхбат нь 1972 онд Сүхбаатар аймагт төрсөн, 1990-1991 онд Цагдаагийн сургууль, 1997-1999 онд Цагдаагийн академи, 2016 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академи төгссөн, эрхзүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй, 2010 онд Цагдаагийн академид магистрын зэрэг хамгаалсан аж.
Тэрбээр 1991 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 1999 онд ЦЕГ-ын Криминалистикийн шинжилгээний төвд шинжээч, 2002 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ахлах шинжээч, 2010 онд Сүхбаатар дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн дарга, 2011 оноос Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байжээ.
Мөн тус хүрээлэнгийн Захиргаа, удирдлагын газрын даргаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга байсан, дэд хурандаа Банзрагчийн Баттогтохыг томилсон байна. Тэрбээр 1973 онд төрсөн, 1998-2001 онд Цагдаагийн академи, 2018 онд ОХУ-ын ДХЯ-ны Удирдлагын академи төгсжээ. Б.Баттогтох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад 1999 онд ЦЕГ-ын Криминалистикийн шинжилгээний төвд шинжээч, 2001 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шинжээч, 2009 онд тус аймгийн ШША-ны ахлах шинжээч болжээ.
2012 онд Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга, 2015 онд ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний хэлтэс болон Дорнод аймгийн ШША-нд ахлах шинжээч, 2016 онд Криминалистикийн шинжилгээний хэлтэст шинжээч, 2018 оноос Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллах болжээ. “Энэ өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/42 дугаар тушаалаар баталсан Шүүхийн шинжилгээний байгууллагын бүтэц, орон тоонд багтаан хийсэн. Ажлын зайлшгүй шаардлагаар удирдлагын хүрээнд өөрчлөлт орууллаа” хэмээн ШШҮХ-гийн эх сурвалж мэдээлэв.
Г.Равжаа