
Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээлэл солилцох, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техникийн туслалцааны хүрээнд дэмжлэг авах нөхцөл бүрдсэн билээ.
Дэлхийн худалдааны байгууллагын Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр нь 1980 оны нэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдэн орсон байна. Цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж буй бэрхшээлийг арилгах, хавсралтад тусгасан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх нь хэлэлцээрийн гол зорилго юм.
Монгол Улсын иргэний нисэхийн салбарт 2018 оны тавдугаар сарын байдлаар зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг ашиглаж байна. Иргэний нисэхийн салбар нь нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн. Тиймээс зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор агаарын хөлөг, сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Энэхүү хэлэлцээрт нэгдсэн орсноор, агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгана. Улмаар арилжааны тээврээс гадна хөдөө аж ахуй, түргэн тусламж, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжилд дэмжлэг болно. Зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, эд анги, газар дээрх нислэгийн бүх төрлийн дадлагын төхөөрөмж татвараас чөлөөлөх боломж бүрдэнэ. Ингэснээр иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах татварын таатай нөхцөл бүрдэх, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад өргөжин хөгжих зэрэг давуу тал бий болох аж.