
УИХ-ын өнгөрөгч баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Түүнийг тус хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжсэн юм. Тэрбээр томилогдохдоо “Өмнөх сайдын хийж байсан хэд хэдэн томоохон, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлнэ.
Ялангуяа иргэний нисэхийн салбарт эхлүүлсэн ажлыг дэмжинэ. Салбарынхаа мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана. Төрийн албыг улс төрөөс хараат бус, мэргэшсэн байлгахад анхаарна” гэсэн бол чөлөөлөгдсөн сайд Ж.Бат-Эрдэнэ “Юуны өмнө боловсон хүчний асуудалд анхаарч ажиллаарай. Одоо томилогдох Төрийн нарийн бичгийн даргад гоц анхаарах ёстой шүү. Намчирхсан, эсвэл хэн нэгний түлхээс, хатгаасаар орж ирэх хүн дахин авмааргүй байгаа юм.
Салбар хийгээд дотоод үйл ажиллагаагаа мэддэг, зарчимч хүн авч, ажиллуулаарай. Ингэвэл танд амар байх болно. Болохгүй байгаа хүмүүс нь буцаад ирсэн шүү, болиулаарай. Сайд ирэхээр би хамаг ажлыг чинь хийгээд өгнө гээд гүйдэг дарга нар бий шүү” хэмээн захилаа. Я.Содбаатар нь физикч, инженер мэргэжилтэй юм.