
МОНГОЛООС ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ САНАЛЫГ ДЭМЖИЖ БУЙГАА МЭДЭГДЭВ
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. Уг арга хэмжээнд оролцож буй Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Р.Н.Минниханов бараалхсан. Мөн Төрийн тэргүүн хоёр хөршийн удирдагч нартай уулзлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод үр дүнтэй уулзалт хийснээс хойш дахин уулзаж, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай буйгаа онцолсон.
Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах болон ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэргийг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой санал тавив.
БНХАУ-ын дарга Cи Зиньпин хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн буйгаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урилаа. Түүнчлэн тэд өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон тухайгаа мэдэгдэв.
Хоёр улсын Төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон.
В.ПУТИН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ДАХИН НОТЛОВ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн уулзалтын эхэнд хоёр орны Төрийн тэргүүн нар Алс Дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд эдгээр уулзалт ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн, хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дахин дурдаж, тус улсаас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийг шинэчлэх болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын төлөөх хамтарсан төлөвлөгөөг шинээр гаргаж ажиллах талаар ярилцав.
Мөн Алс Дорнодод далайн боомт ашиглах талаар судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой санал тавьж ярилцлаа. Түүнчлэн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах тухайд саналаа илэрхийлж, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардуулав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлоод, цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ болон ДЦС-ын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээж байлаа. Талууд ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Монгол Улсад айлчлахыг урив.
Ерөнхийлөгч Х.Баттулга үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр үгийнхээ эхэнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцад хамрагдах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд болохыг онцлоод, “Монгол Улс нь хөрш болон бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр түвшинд хүрсэн, аливаа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ.
Энэ ч үүднээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Улс төрийн харилцааны өндөр түвшнийг бататгахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж, томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүд хэрэгжүүлэх талаар Чиндао хотод болсон уулзалтаар В.Путин Ерөнхийлөгч, Си Зиньпин дарга нартай ярилцсан.
ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн. Монгол Улсын энэ хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён В.Путин танд талархалаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжинэ гэж найдаж байна. Бид энэ асуудлаар баталгаатай эрх зүйн орчин бий болгоход бэлэн.
Манай улс худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан бол БНСУ-тай мөн ийм хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг дуусгасан. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндэслэлийг хамтран судлахаар ярилцаж байна” гэв.