
Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болов. Засгийн газрын Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалт бий болгохоор тусгасан байдаг. Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлээгүй нь дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсэж буй нийгмийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна.
Иймд тус хуульд радио долгионы ашиглалтын зөвхөн техник, технологитой холбоотой асуудлыг тусгаж авч үзэх нь. Үүнээс гадна хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаардлагдмал нөөцийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх талаар тусгах аж.
Мөн иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн шинэ зохицуулалтыг гаргахаар Засгийн газраас дээрх хуулийг шинэчлэн боловсруулаад байна. Энэхүү хуулийг баталснаар гар утасны хэрэглээ, станцуудын байршил хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл илэрсэн тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах боломж бүрдэх юм.