МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцлээ. Ингэхдээ өнгөрөгч долдугаар сарын 7-нд болсон МАХН-ын ээлжит бус их чуулганаараа баталсан шинэчлэн найруулсан дүрмийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж, бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэв. Үүгээр тус намын дүрмийн 60, мөрийн хөтөлбөрийн 90 орчим хувь нь өөрчлөгдөн шинэчлэгдэж буй аж.
Харин Дээд шүүх бүртгэхээс татгалзсан дээрх хоёр заалт нь “Намын даргад нэг хүн нэр дэвшвэл ил, хоёр ба түүнээс дээш хүн дэвшвэл нууц санал хураалт явуулна” гэх агуулгатай аж. Дээд шүүхээс гаргасан өчигдрийн шийдвэрийн талаар тодруулахаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдоржтой холбогдоход “Манай намын дүрмээс л иймэрхүү заалтыг нь онцолж үзээд байх шиг байна. Бусад намын дүрэмд ч даргаа сонгохтой холбоотой энэ мэт заалт бий шүү дээ” гээд дээрх хоёр заалтыг бүртгүүлэхээр дахин Дээд шүүхэд хандахгүйгээ хэлсэн юм.
Ийнхүү МАХН Дээд шүүхэд дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө бүртгүүлэх гэж гурав дахиа хандсаны эцэст үндсэндээ зорилгодоо хүрлээ. Энэ намын дарга нь Н.Энхбаяр уу, О.Баасанхүү юү гэж маргахааргүй болж байх шиг байна. Сануулбал, энэ оны гуравдугаар сарын 12, тавдугаар сарын 14-нд болсон хуралдаанаар намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзсан юм.
Ингэхдээ эдгээр дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг баталсан ээлжит II их чуулганыг хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй талаар Дээд шүүх дүгнэлтдээ дурдсан байдаг. Дээд шүүхээс татгалзсан хариу авах бүртээ МАХН-ынхан “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа, эсэхийг Дээд шүүх хянаж, нягтлах ёстой. Намын дотоод асуудал Дээд шүүхэд ямар ч хамаагүй. Гэтэл улс төрийн зорилгоор манай намын хүсэлтийг ёсоор болгосонгүй” хэмээн шийдвэрийг нь буруушаасан байр сууриа илэрхийлсээр ирсэн ч долдугаар сарын 7-нд ээлжит бус их чуулганаа зохион байгуулж, сая бүртгүүлсэн шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталсан юм. Мөн Н.Энхбаярыг даргаараа улираан сонгосон.
Энэ хугацаанд болсон ээлжит болон ээлжит бус их чуулганыг хуралдуулах сэдэл нь тус намаас УИХ-д цор ганц суудал авсан гишүүн О.Баасанхүүгийн “МАХН Н.Энхбаяр гэж ганц хүнийх боллоо. 2011 оноос хойш их чуулганаа хийсэнгүй, сонгуулиудын ялагдлын шалтгаан, намын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийн талаар ярьсангүй” гэх гомдол, шүүмжлэлээс улбаатай гэхэд болно.
Тиймээс ч тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9, 10-нд Төрийн ордонд МАХН-ын II их чуулган гээчийг зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдсон. Улмаар баталсан дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр, өөрийгөө МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт гаргасан билээ. Харин үүнийг нь Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Гэсэн ч гишүүн О.Баасанхүү “Бидний хүсэлтийг хүчингүй болгоогүй.
Баримтаа бүрдүүлээд дахиад шүүхэд хүсэлт гаргана” хэмээн мэдэгдэж буй. Угтаа Дээд шүүхээс түүнд “МАХН-ын дүрмийн 9.1-д зааснаар тус намын удирдах дээд байгууллага нь их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар их чуулганы хуралдах тов, төлөөлөгчийн тоо, тэдгээрийг сонгох журмыг бага чуулганаас тогтоодог байна. Хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь бага чуулганы гишүүдийн тоо, тэдгээрийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн, эсэх талаар хоорондоо маргаантай, II их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг” гэх тайлбар хэлж, бүртгэхээс татгалзаад буй. Магадгүй О.Баасанхүү гишүүн Дээд шүүхэд дахин хандаж болох ч одоогоор МАХН-ын албан ёсны дарга гэх “дүр”-ийг Н.Энхбаяр Дээд шүүхийн дээрх шийдвэрийн тусламжтайгаар илүү үнэмшилтэйгээр бүтээгээд эхэллээ.

“ЕЭВЭН”-ГИЙН НЭГ ТАЛ
Даргаараа Н.Энхбаярыг дахин сонгож, О.Баасанхүүг “хөөж” чадахуйц дүрэмтэй болсон МАХН-ын ээлжит бус их чуулганы шийдвэрийг Дээд шүүх ийнхүү баталгаажууллаа. “Бүх шатны сонгуульд нам, түүнээс нэр дэвшигчийг дэмжээгүй, эсрэг ажилласан, бусад нам, нэр дэвшигчийг нь үйлдэл, эс үйлдлээрээ дэмжсэн болон намын өмч, нэр, хэвлэмэл хуудас, бэлгэдэл, тамга тэмдгийг хууль бусаар, эсхүл ашиг сонирхлынх нь эсрэг эрх мэдлээ хэтрүүлэн, дур мэдэн ашигласан бол гишүүнээс хасагдсанд тооцно” гэх нэмэлт, өөрчлөлтийг сая Дээд шүүх бүртгэсэн юм. Одоо түүнийг хөөх үү. Эсвэл Н.Энхбаяр тэргүүтний хэлээд байгаачлан УИХ-д МАХН-ыг төлөөлөн суугаа О.Баасанхүүг өөр хэн нэгнээр сольчих юм уу. Аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гишүүнийг хөөх агуулгатай нэмэлт, өөрчлөлтийн дагуу Н.Энхбаярын талынхан “Тэр
суудалд байгаа хүнийг өөрчлөх үү, оронд нь өөр хүн байлгах уу гэдэг нь дараагийн асуудал. Үүнийг нам дотроо ярилцана. О.Баасанхүү бие дааж сонгогдоогүй. Орхон аймгийнхан МАХН-д саналаа өгсөн” хэмээцгээж байсан. Улмаар түүнийг МАХН-ын гишүүн биш, намаас хассан хэмээн удаа дараа онцолж ирсэн. МАХН гэх нэрийг авснаасаа хойш долоон жилийн турш хуралдаагүй их чуулганы зорилго үндсэндээ Н.Энхбаярыг улирааж, О.Баасанхүүг намаас хөөх замаар УИХ-ын гишүүн бус болгоход чиглэсэн нь нууц биш. Өөдөөс нь цор цор хийгээд зогсохгүй өөрөө намын дарга болох гэж үзсэн О.Баасанхүүг нам дарах ажиллагаа байсантай маргах хүн үгүй биз. МАХН-ыг УИХ-д суудалтай болгож буй ганц “дайчин”-аа хэдийн нүд үзүүрлээд эхэлчихсэн байсан юм.
Гэвч Дээд шүүхийн 2006 оны 48 дугаар тогтоолоор Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа “УИХ-д суудалтай нам” гэдгийг “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам буюу намуудын эвсэл хамаарна. Нам буюу намын эвслээс нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын УИХ дахь суудлын тоо хасагдаж, шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй” хэмээн дурдсан байна.
Нөгөө талаар О.Баасанхүүд зориулсан дээрх заалт нь тус намын дүрмээр л зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой юм. Ийм маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй, тухайн намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх талаар Улс төрийн намын тухай хуульд заажээ. Дээд шүүхийн дээрх тогтоолд ч “Намын дүрмээр зохицуулах дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэдгийг намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, бүх шатны байгууллага, хурлын үйл ажиллагаа, дүрэм, хөтөлбөрт өөрчлөлт оруулах, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах зэрэгтэй холбоотой асуудлыг хамааруулахаар тайлбарласан байна.
Үүнээс гадна УИХ-ын гишүүний бүрэн эрх төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог. Тэдний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох тодорхой хэдэн нөхцөлийг ч Үндсэн хууль, УИХ-ын тухай болон холбогдох бусад хуульд тодорхой заасан байдаг. Цаашид хэрэг явдал хэрхэн өрнөлөө ч Н.Энхбаяртай МАХН, О.Баасанхүүтэй УИХ тал еэвэнгийн “үлгэр”-ийг ээлжит сонгууль хүртэл үргэлжлүүлж, хорших нь ээ.
Ц.Шаравдорж: О.БААСАНХҮҮ БИДНИЙ АНХААРЛЫН ТӨВД ОГТ БАЙХГҮЙ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдоржоос цөөн зүйлийг тодрууллаа.
-Намын гишүүнд хариуцлага тооцох тухай буюу “О.Баасанхүүү гишүүнд зориулсан” гэгдэж буй заалтыг танай намын шинэчилсэн дүрэмд бүртгэсэн үү?
-Бүртгэсэн, хүлээн зөвшөөрсөн.
-Тэгэхээр О.Баасанхүү МАХН-аас хасагдаж, танай нам УИХ-д суудалгүй болох нь ээ?
-Чин үнэнийг хэлэхэд О.Баасанхүү бидний анхаарлын төвд огт байхгүй. Хутган үймүүлэгч, намын гишүүн атлаа бүх үйл ажиллагааг нь эсэргүүцэж байдаг өчүүхэн нөхөр л дөө. Ер нь ээлжит бус их чуулган зарлаж, дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэхдээ хэн нэгэнд арга хэмжээ авах гэсэн бодол, сэдлээр хийгээгүй. Улс төрийн нам хариуцлагатай байх ёстой. Гишүүн нь үүргээ ягштал биелүүлдэг байх ёстой гэсэн шаардлагыг л шинэчилсэн дүрмээр тавьж байгаа.