
ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академи, ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сан хамтран Ардчиллын IV чуулганыг амжилттай зохион байгууллаа. Хоёр байгууллага 1995 оноос хойш жил бүр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулсаар ирсэн бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чухал сэдвүүдийг тодорхойлон, Ардчиллын чуулганы сэдэв болгодог уламжлал тогтоогоод буй.
Эл чуулган нь 2015 онд “Ардчилалд иргэдийн идэвх, оролцоо чухал болох нь”, 2016 онд “Монгол Улс сонгуулийн өөрчлөлтийн өмнө”, 2017 онд “Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” гэсэн сэдвийг сонгосон бол энэ удаа “Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь” сэдвийн дор өрнөв.
Ардчиллын IV чуулганыг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нээж, “Конрад Аденауэр” сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, Удирдлагын академийн захирал, профессор С.Зулпхар нар нээлтийн үг хэллээ. Чуулганд ЗГХЭГ, яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн багш нар, судлаачид өргөнөөр оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах арга замыг онол, практикийн түвшинд хэлэлцэж, асуудлын гарцыг тодорхойлоход чиглэснээрээ өмнөх жилүүдийнхнээс онцлог гэж зохион байгуулагчид нь ярьсан юм.
Ардчиллын IV чуулганд ХБНГУ-ын зочин илтгэгч, Киелийн захиргааны дээд сургуулийн захирал, профессор Паул Витт “ХБНГУ-ын нутгийн өөрийн удирдлага, цаашдын хандлага”, Заксен муж улсын Парламентын гишүүн Йорг Киэзэветтер “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” (ХБНГУ-ын орон нутгийн жишээн дээр) сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн “Төр иргэдэд үйлчилгээ үзүүлэгч бөгөөд иргэдийн оролцоог дэмжигч”, “Ардчилалд иргэдийн оролцоо чухал болох нь: Үр нөлөө бүхий чиг үүргийн хуваарилалт болон нутгийн удирдлагын чадавхыг сайжруулах нь” гэсэн хоёр сэдвээр тусгайлсан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эхний хэлэлцүүлгийн зочноор БСШУС-ын сайдын зөвлөх, профессор А.Цанжид, ХБНГУ-ын Киелийн захиргааны дээд сургуулийн захирал Паул Витт, ЗГХЭГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
Дараагийн хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Заксен мужийн Парламентын гишүүн Йорг Киэзэветтер, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор Д.Сүнжид, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат нарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн голлох үүрэгтэй оролцож, асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй хэлэлцүүллээ.
Ардчиллын IV чуулганы сонгосон сэдэв, зочин илтгэгч нарын танилцуулсан илтгэл, оролцогчдын санал, зөвлөмж, энд өрнөсөн хэлэлцүүлэг байгаа онож, талууд санал солилцон, харилцан туршлага хуваалцсан, үр дүнтэй чуулган боллоо гэж оролцогчид дүгнэж байв.
А.Амина