
Манай улс төрийнхний “их амралт” энэ долоо хоногт үндсэндээ шувтарч байна. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ирэх долоо хоногийн эхний өдөр нээлтээ хийнэ. Төрийн ордонд түшээд “нүдний гэм” хэвээр буй ч Тамгын газрынхан чуулганы бэлтгэл хангаад завгүй нь илт.
Хилийн чанадад албан болон ажлын айлчлал хийж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өнөөдрөөс эх орондоо морилно. Тиймээс ч лхагва гараг бүр хийдэг ээлжит хуралдаанаа өнөөдөр товложээ, Засгийн газар. Тус хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэх юм. Жил бүрийн аравдугаар сарын 1 гэхэд дараа оны улсын төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой.
“Төсвийн төсөл боловсруулах цагаар Засгийн газрын тэргүүн нь Сангийн сайдаа дагуулаад гадаад явлаа” хэмээн шүүмжлүүлээд амжсан У.Хүрэлсүхийн танхимынхны танилцуулах төслийг хууль тогтоогчид хэр баалах нь сонирхол татаж байна. Засгийн газраас өргөн барьдаг төсвийн төслийг УИХ-ын гишүүд өөлөхгүй байна гэж үгүй, үнэндээ. Сангийн яамныхны боловсруулсан төслийг “Устай байна”, “Задгай болчихож” гэж шүүмжилсээр тал тал тийш татаж, танигдахын аргагүй болтол нь өөрчилж, “мөрөөдлийн жагсаалт” баталдаг нь оргүй биш ээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн сайдын гадаад томилолтын талаар хэлэлцэх аж. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хойд хөршид ажлын айлчлал хийгээд ирсэн бөгөөд Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээлд экспортлоход ОХУ-тай хамтрах талаар ярилцжээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн юм.
И.Е.Левитинтэй хийсэн уулзалтын үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцсоноос гадна Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх арга хэмжээний талаар ч ярилцсан гэнэ. Харин “Роснефть” компанийн гүйцэтгэх захиралтай уулзах үеэр газрын тос боловсруулах үйлдвэрлэл, түүнийг дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хөндөн ярилцаж, хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Түүнчлэн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманийн нурмаг ачааны терминал” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцсан байна. Тус боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээлд экспортлоход хамтран ажиллахаар болсон нь уг айлчлалын онцлох үр дүн болохыг албаныхан тэмдэглэсэн.