
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Усны хөгжил ба сайн засаглал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Манай орон 564.8 сая шоо метр усны нөөцтэйгөөс 10.5 саяыг нь ашиглах боломжтой гэж тооцдогийг салбарынхан нь анхааруулж байна. Мөн баталгаат ундны усаар хангагдсан хүн амын эзлэх хувь аймаг, нийслэлд ихээхэн ялгаатай байгаа аж.
Улсын хэмжээнд нийт хүн амын 80.4, Улаанбаатарт 99.5 хувь баталгаат ундны усаар хангагджээ. Гэвч, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Говь-Алтай, Хэнтий аймгийн 20 гаруй сумын хүн ам эрдэсжилт, хатуулаг ихтэй ус хэрэглэсээр байгааг ч оролцогчид онцлов. Түүнчлэн улсын хэмжээнд нийт хүн амын 41.1 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаж байгаагаас 26.4 хувь нь ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд холбогджээ.
Шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн 40 хувийг нь энгийн нүхэн жорлон эзэлж байгаа бөгөөд хүн амын 18.8 хувь нь ариун цэврийн байгууламжгүй хэвээр байгаа гэнэ. Мөн Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усны нөлөөгөөр Туул голын ус Сонгинын гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сум хүртэлх хэсэгт “Маш бохир” гэж үнэлэгдэн, усан дахь органик бодисын агууламж усны чанарын стандартаас 2-120, азот нь 1.4-42 дахин давж бохирдсон хэвээр байгаа юм байна.
Тиймээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлдөг хариуцлагын механизмыг бий болгох шаардлагатай гэж дээрх хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.
Усны салбарын засаглал болоод бодлогын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлаар ярилцаж, уриалга, зөвлөмж гаргах зорилготой эл хэлэлцүүлэгт эрдэмтэн, докторууд оролцон, тус салбарыг хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгох талаар судлан шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн бөгөөд Монгол Улсын усны салбарын чиг үүргийн хуваарилалт Ерөнхий сайдын болон 10 яам, хоёр агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хуваагдсан нь усаа хамгаалах, нөөцлөх, дахин ашиглах, говийн бүс нутгийг усжуулах, уул уурхайн салбарт ашиглаж буй усны зохистой хэрэглээг хангах, хянах зэрэг ажилд ихээхэн хүндрэл учруулж, уг асуудлыг цогцоор нь хариуцаж, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг зөв оновчтойгоор төлөвлөн хэрэгжүүлэх, шинэчлэл, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар тэмдэглэсэн.
Тэрбээр “Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, төрөөс усны талаар баримтлах нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд цогцоор нь хариуцан хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Усны агентлагийг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах болон судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн Усны үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах, эрх зүйн орчныг бий болгох зэрэг асуудлыг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан батлуулах, усны салбарт бодлогын шинэчлэл хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар онцгой анхаарал хандуулж тууштай ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл болгоод байна” гэв.
Тэрбээр “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүн амыг ундны усаар хүртээмжтэй хангах, чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг өндөржүүлэх арга хэмжээ авахаар заасан. Манай орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасаж, 2017 оны байдлаар 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюултай тулгарч байна.
Ерөнхийлөгчийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэд хэдэн удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулж, гаргасан чиглэл, шийдлийн хүрээнд, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д заасанчлан усны нөөцийн хомсдолоос сэргийлэхэд чиглэсэн гадаргын усыг хуримтлуулж ашиглах, газрын доорх усны нөөцийг хамгаалах, зохистой хэрэглээг бий болгох, усны хомсдол бүхий нутаг, говийн бүсийг усжуулах, усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах зэрэг эрх зүйн орчны шинэчлэл, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар тодорхой санал санаачилга гарган ажиллаж байна” хэмээв.
Б.Уран