Баянзүрх дүүрэгт байрлах хоолны газарт энэ сарын 20- нд халуун тогоо дэлбэрснээс дөрвөн иргэн түлэгдэж, хүнд гэмтсэн бол хоёр өдрийн дараа “Нарантуул” захын хажууд олон чингэлэг шатаж их хэмжээний хохирол учирлаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байгааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржоос тодруулав.
-“Нарантуул” захын хажууд гарсан галын шалтгаан тодорхой болсон уу?
-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учир гал гарсан шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй байна. Анхны мэдээллээр анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гал гарсан бололтой. Тус гудамж хур хог ихтэй юм билээ. Шинжил гээний хариу гарсны дараа шалтгаан нь тодорхой болно.
-Хохирлын хэмжээг тогтоосон уу. Хэргийн газарт очиход 10 гаруй чингэлэг шатаж байгаа харагдсан?
-Одоогийн байдлаар хохирогч 4-5 хүн манай хэлтэст хандсан. Цахилгаан бараа, хувцас, эсгий гутал гэх мэт олон төрлийн бараа байсан юм билээ. Хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.
-Гэр оронгүй иргэд гал тавьсан гэж тэндхийн хүмүүс ярьж байна лээ. Хэн нэгнийг саатуулсан уу?
-Саатуулаагүй. Одоохондоо сэжигтнээр хэнийг ч татаагүй.
-Цагаан хоолны газрын халуун тогоог буруу цэнэглэснээс дөрвөн эмэгтэй түлэгдэн, ярих чадваргүй болсон байна лээ. Энэ хэргийн мөрдөн шалгах ажил ямар шатандаа явж байна вэ?
-Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа. Буруу цэнэглэсэн эмэгтэй нь өөрөө бас гүн түлэгдсэн.
Х.ОЮУН