“Гринч зул сарыг хулгайлсан нь” зохиолоос сэдэвлэн “ЗӨРҮҮД ГРИНЧ” хүүхдийн жүжиг бүтээжээ. Өмнө нь бид шинэ жилээр заавал үзэх киноны жагсаалтдаа “Гринч зул сарыг хулгайлсан нь” бүтээлийг оруулдаг байв. Тэгвэл энэ удаа “ЗӨРҮҮД ГРИНЧ”-ийн адал явдлыг Монголдоо, бүр дэргэдээс нь, драмын тайзнаас үзэх боломж тохиох нь. Энэхүү боломжийг Маппет хүүхэлдэйн театр болон Улаанбаатар театрынхан хамтран үзэгч хүүхдүүдэд олгож буй.
Мэргэжлийн баг хамт олон, мэдээж хүүхдэд хайртай томчууд энэхүү жүжгийг бүтээсэн тул "ЗӨРҮҮД ГРИНЧ" зул сарын жинхэнэ сахилгагүй драм болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй.
ХЭНИЙ ч үл мэдэх ХЭН нэртэй хотод ИЙМ нэгэн үйл явдал болох гээд л хүмүүс үймрэлдэн сандралдана. Гэтэл ТЭЭР тэнд уулын агуйд над шиг биш чам шиг биш зөрүүд ноён Гринч үнэнч туслах Максын хамт өдөр хоногийг эморч өнгөрүүлэх аж. Энэ бүх үйл явдал нэг л баяртай холбоотой, тэр бол хүн бүхэн дуртай ч хөгшин Гринчийн үзэн яддаг Зул сарын баяр!
Баярыг тойрсон адал явдал, хөгжилтэй, баяртай, бахархам түүхийг нүдээрээ, чихээрээ, хамраараа, арьсаараа, үсээрээ мэдрэхийг хүсэж байна уу. Тэгвэл арванхоёрдугаар сарын амралтын өдөр бүхэнд бяцхан үрсээ, дүүгээ дагуулан Улаанбаатар театрыг зориорой гэж зөвлөе. Багачууд жүжгээ үзэж дуусаад дараа сэтгэл хөөрлөөр дүүрэн бахдам баялаг яриа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Учир нь “Гринч зул сарыг хулгайлсан нь” ном бол зул сарын тухай өгүүлсэн хамгийн шилдэг бүтээл. Зохиолч Сьюз эл номоо дэлхийд 600 сая хувь ном борлуулсан гэдгээрээ алдартай. Ер нь түүний бүтээлүүд хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж номд дурлуулж чаддаг. Улмаар хүүхдийн эргэцүүлэн бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлдгээрээ өндрөөр үнэлэгддэг билээ.
Тиймээс 2000 онд "Universal Pictures" болон "Imagine Entertainment"-ынхан доктор Сьюзийн 1957 онд бичсэн "Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав" зохиолыг кино болгож, дэлхийн сая сая жаалуудыг зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан. Бүх цаг үеийн хүүхдийн шилдэг 10 зохиолчийн нэг доктор Сьюз нь Academy Awards болон Emmy Awards-ын хоёр удаагийн, Peabody Awards, Пулитцерийн шагналт зохиолч билээ.
За ингээд Зул сарын хамгийн сахилгагүй драм тайзнаа гарахыг хүлээх л үлдлээ. Өө нээрээ "ЗӨРҮҮД ГРИНЧ" хүүхдийн жүжиг энэ сарын 8 буюу баасан гаргаас Улаанбаатар театрын тайзнаа гарч эхэлнэ.