Манай улсын түүхэнд анх удаа парламентад төлөөлөлтэй болоогүй ч нийт сонгогчийн нэг буюу түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн хүчнүүд төрөөс дэмжлэг хүртэх гэж байна. Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу ийм боломж бүрдсэн юм. УИХ-ын сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл оролцож, МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвсэл парламентад төлөөлөлтэй болсон.
Дэмжлэг хүлээсэн сонгогч бүрийн болон парламентад авсан суудлын тоогоор олгох санхүүжилтийг нам, эвслүүд жил бүр авна. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн 30 хувийн квотоос давуулж, илүү олон эмэгтэй сойсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлсэн нам, эвсэлд хүн бүрийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх дэмжлэгийг дөрвөн жилд нэг удаа олгох юм. Тэгвэл нийт сонгогчийн нэг болон түүнээс дээш хувийн босгыг Үнэн ба зөв нам болон Шинэ нэгдсэн эвсэл давсан аж. Ийнхүү “хашааны гадна” үлдэгсэд төрийн “хишиг” хүртэх нь. Тэдэнд эл санхүүжилт ямар дэм үзүүлэх бол.
МАН 2.8, АН 2.1 ТЭРБУМ ТӨГРӨГ АВНА
Дээр дурдсанчлан улс төрийн намд төрөөс олгох санхүүжилт нь шууд болон шууд бус хэлбэртэй. Мөн шууд санхүүжилт нь жил бүр болон дөрвөн жилд нэг удаа олгохоороо ялгаатай юм. УИХ-ын сонгуулийн нэрийн жагсаалтад нийт 2 224 233 сонгогч бүртгэсэн. Эдгээрээс МАН 35, АН 30.1, ХҮН нам 10.4, Үндэсний эвсэл болон Иргэний зориг ногоон нам таван хувийн босго давж, парламентад суудалтай болсон. Харин Шинэ нэгдсэн эвсэл 3.1, Үнэн ба зөв нам 1.8 хувийн санал авсан аж.
Есөн нам төрөөс санхүүжилт авах болзол хангасан тухай хэвлэлүүд сонгуулийн дараа мэдээлсэн. Энэ тоонд БНН, Иргэний хөдөлгөөний намынхан багтаж байв. Гэтэл одоо “хасагдсан”-ы учрыг СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаагаас тодруулахад “Нийт санал өгсөн болон нийт сонгогч гэсэн хоёр өөр ойлголт бий. Санал өгсөн сонгогчоор бодож БНН, ИХН-ыг оруулж гаргасан байх. Хуулийн дагуу нийт бүртгэлтэй сонгогчтой харьцуулж тооцох ёстой. Үүнийг бид БНН, ИХН-ынханд тайлбарлаж хэлсэн. Тиймээс долоон нам, эвсэл л төрийн санхүүжилт авна” гэв.
Шинэчлэн найруулсан хуулийн дагуу нэг сонгогчийн саналыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувьтай тэнцүүлж үнэлнэ. Энэ нь 3300 төгрөг болж буй юм. Мөн парламентад суудалтай намуудын хувьд сонгогдсон гишүүн бүрийнхээ тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцүү буюу 16.5 сая төгрөгийн урамшуулал авна. Үүний дагуу МАН 2.8, АН 2.1, ХҮН намынхан 993 сая, Үндэсний эвсэл 446, ИЗНН 455 сая төгрөгийн санхүүжилт авах нь. Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдвөл энэ тоо хэлбэлзэнэ. Парламентад суудалгүй намуудаас анх удаа төрийн “хишиг” хүртэх гэж буй Шинэ нэгдсэн эвслийнхэн 312, Үнэн ба зөв намынхан 250 сая төгрөг авахаар байна. Эл санхүүжилтийг ирэх оноос буюу сонгуулийн дараа жилээс олгоно. Эхний жилийн санхүүжилтэд 7.5 тэрбум төгрөг олгохоор СЕХ төсөвлөсөн байна. Гэхдээ нэг хувийн босго давсан, эсвэл парламентад төлөөлөлтэй болсон л бол шууд мөнгө авна гэсэн үг биш. Тэд сонгуулийн санхүүжилтийн тайлангаа эхлээд тавина. Үүнийг хөндлөнгийн, дараа нь СЕХ, эцэст нь Үндэсний аудитын газар гэсэн гурван шатлалаар хянаж, үнэн зөв, эсэхийг нягтлах аж. Мөн болзол хангасан нам, эвслүүд санхүүжилт авах маягт бөглөж, хүсэлтээ гаргах учиртай.
ТӨРИЙН МӨНГӨН ДЭЭР “НАЙРЛАХ” БОЛОМЖГҮЙ
Өмнөх он жилүүдэд парламентад суудалтай намуудад авсан санал, суудлынх нь тоогоор санхүүжилт олгосоор ирсэн. Гэвч үүгээр ямар ажил хийсэн тухайгаа намууд бараг тайлагнаж байсангүй. Тиймээс уг мөнгө намын даргын халаас руу ордог гэж хардахад хүрдэг байв. Хяналтыг намын дотоодын байгууллага нь өөрсдөө хийдэг гажиг тогтолцоотой учраас төрөөс олгох мөнгөн дээр “найрлаад” дуусдаг байж. Хяналт, тайлан байхгүй. Харин одоо тэднийг тэгж дураар дургиулахгүй нь. Улс төрийн намын тухай хуульд төрөөс олгох санхүүжилтийг юунд зарцуулахыг нарийвчлан зааж, дараа нь энэ тухайгаа тайлагнаж байж ирэх жилийн мөнгөө авна хэмээн зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, хариуцлага, хяналтыг чангатгах заалтууд нэмсэн байна.
Төрөөс олгох мөнгөний 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүлгийн улс төрийн оролцоог дэмжихэд зориулах үүргийг нам, эвслүүд хүлээж буй. Мөн 15-аас доошгүй хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад зарцуулах ёстой. Нийт санхүүжилтийн гуравны нэгээс багагүйг намынхаа бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд зарцуулна. Хэрэв үүнээс өөрөөр зарцуулсан байвал тухайн зардлыг төсөвт буцаан төвлөрүүлэх үүргийг СЕХ хүлээх аж. Мөн дараа жилийн санхүүжилтээс нь хасаж тооцох юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон 30 хувиас дээш квотоор эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн нам, эвслүүд дөрвөн жилд нэг удаа тэр тоогоороо хүний 16.5 сая төгрөгийн санхүүжилт авна. Энэ мөнгийг ч дээрх зориулалтаар зарцуулах ёстой.
Үүнээс гадна шууд бус дэмжлэг гэж бий. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан нам, эвслүүд удирдах дээд байгууллагынхаа хурлыг хийх, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах, иргэдийг мэдээллээр хангах зэрэг зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын танхим, хурлын заал зэргийг жилд нэг удаа үнэгүй ашиглах эрхтэй болсон. Мөн намынхаа хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх боломжтой аж.
ӨМНӨ НЬ ОЛГОСОН САНХҮҮЖИЛТЭЭС ҮР ДҮН ГАРСАН УУ
Монгол Улс 1996 оноос парламентад суудалтай намуудад нэг суудлыг сая төгрөгөөр тооцон санхүүжилт олгож эхэлсэн байдаг. Уг мөнгөний хэмжээ өссөөр, өнөөдөр 16.5 сая төгрөг болжээ. Түүнчлэн нэг сонгогчийн саналыг өмнө нь 1000 төгрөгөөр үнэлдэг байсныг эдүгээ хөдөлмөрийн хөлсний 0.7 хувьтай тэнцүү буюу 3300 төгрөг болгож нэмсэн байна. Энэ мэтээр төсвөөс гаргах мөнгөний хэмжээ өсөж буй. Гэвч 30 орчим жил намуудад санхүүжилт олгоод үр дүн гарсан уу. Ер нь үүнийг яг ямар зорилгоор олгодог юм бэ.
Намууд гишүүний татвар, хандив, өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогоор санхүүждэг. Хэрэв парламентад суудалтай болж чадсан бол төрийн санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үг. Намуудыг төлөвшүүлэх, бодлогын чиглэлтэй болгох, хариуцлагатай байлгах гэж төрөөс санхүүжилт олгодог. Хандив нэртэй авлига авч, дараа нь санхүүжүүлсэн иргэн, байгууллагадаа “атгуулдаг” зовлонгоос салгах алс хэтийн зорилготой. Гэвч өнгөрсөн 30 орчим жилд энэ зорилго нь биелсэнгүй. Санхүүжилтийн хэмжээ хэдийгээр сонгуулиас сонгуулийн хооронд өсөж буй ч 100 жилийн түүхтэй, олон мянган гишүүнтэй, МАН шиг баян намын хувьд нөлөө үзүүлэхүйц дэмжлэг болохгүй. Гишүүд, хуулийн этгээдээс авдаг хандивтай нь дүйхгүй. Бас Монгол Улсын ууган, “буурал” намыг төлөвшүүлнэ гэдэг утгагүй. АН-ын хувьд байгуулагдсан цагаасаа парламентад төлөөлөлтэй болж, төрийн хишгийг хүртсээр ирсэн ч төлөвшөөд, тодроод байсан юм өнөөдрийг хүртэл алга. Дэлхийн олон оронд намуудыг төрөөс санхүүжүүлдэг. Тэр нь ч үр дүнгээ харуулдаг. Манайд намуудад дэмжлэг болгон өгөх мөнгө нь хэтэрхий бага, бас гуравдагч хүчний жижиг намуудад хүртээлгүй байна гэж олон жил шүүмжилсний эцэст өөрчлөлт оруулж, тодорхой дэвшил гаргалаа. Том намуудад “шолхийсэн” мөнгө байж болох ч гуравдагч хүчнийхэн анх удаа төрийн дэмжлэгийг хүртэх гэж буй нь дэвшил. Сонгуульд байдгаа барж, бор зүрхээрээ оролцдог, нийт сонгогчийн нэгээс илүү хувийн санал авдаг ч “хашааны гадна” үлдсээр ирсэн намуудын хувьд энэ бол амжилт. Сонгуульд зарцуулсан зардалтай нь дүйхгүй байж мэдэх ч тодорхой дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн цаашлаад “наймааны”, “халаасны” нам байдаг жишгийг халахад төрийн санхүүжилт шийдэл болох эхлэлийг үүгээр тавьж буй юм.
Хэдийгээр төсвөөс том намуудын хувьд хангалттай мөнгө өгч чадахгүй ч татвар төлөгчдийн мөнгийг бага гэж чамлах учиргүй. Төрөөс мөнгө авсан л бол хариуцлагаа ухамсарлаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Санхүүгийн тайлангаа тавих ёстой. Шинэчилсэн хуулиар хяналт тавих үүргийг СЕХ хүлээж буй. Төрийн санхүүжилтээ авахын тулд намууд санхүүгийн тайлангаа хэр үнэн зөв гаргасан нь удахгүй тодорхой болох биз ээ.