Улсын хэмжээнд 1993 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг нэгтгэсэн “Монгол-93” нэгдлийн спортын анхдугаар их наадам энэ сарын 20-22-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болов. Спортын таван төрөлт тэмцээнд 19 аймаг, хоёр дүүргийн нийт 21 багийн 1000 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг “Дархан-93”-ын тамирчид эзэлж, шилжин явах цомын эзэн болсон юм. Хоёрдугаар байрыг “Говь-Алтай-93”, гуравдугаар байрыг “Архангай-93”, дөрөвдүгээр байрыг “Сэлэнгэ-93” тус тус эзэлжээ. Төрөл тус бүрээс эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг танилцуулъя. Шатрын эмэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр байрт “Ховд-93”-ын төгсөгч Б.Цэцэгхүү, хоёрдугаарт “Булган-93”-ын Ц.Чулуунцэцэг, гуравдугаарт “Архангай-93”-ын М.Оюунцэцэг нар шалгарсан байна. Эрэгтэй шатарчдаас тэргүүн байрыг “Дархан-93”-ын төгсөгч Ц.Идэш эзэлсэн бол “Завхан-93”-ын Д.Мөнхтөр удаах, “Дархан-93”-ын Б.Мягмар гутгаар байрт оржээ. Ширээний теннисний тэмцээний эмэгтэй ганцаарчилсан ангилалд нэгдүгээрт “Дорнод-93”-ын Д.Болор-Эрдэнэ, хоёрт “Чингэлтэй-93”-ын Б.Энхжин, гуравт “Ховд-93”-ын Б.Цагаач орсон байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын тэргүүн байрыг “Чингэлтэй-93”-ын Б.Баатарчулуун, удаах байруудыг “Эрдэнэт-93”-ын У.Бат-Орших, “Ховд-93”-ын Н.Ганзориг нар эзлэв.
Холимог хосын төрөлд нэгдүгээрт “Ховд-93”-ын Н.Ганзориг, Б.Цагаач, хоёрдугаар байрт “Өвөрхангай-93”-ын А.Хүүхнээ, С.Хандсүрэн, гуравдугаарт “Эрдэнэт-93”-ын У.Бат-Орших, Ц.Болормаа нар шалгарчээ. Бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд нэгдүгээр байрыг “Дархан-93”-ын Р.Эрдэнэбилэг эзэлсэн бол “Архангай-93”-ын Ю.Түвшинзаяа, “Чингэлтэй-93”-ын Б.Батгэрэл нар удаах байруудад орсон байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэргүүн байрт “Эрдэнэт 93”-ын төгсөгч Ж.Гэрэл-Эрдэнэ шалгарч, “Сэлэнгэ-93”-ын Б.Энхжаргал, “Дорноговь-93”-ын Ц.Наранбаатар хоёр, гуравдугаар байрт орсон юм. Холимог хосын ангилалд “Дархан 93”-ын Г.Ганбөх, Р.Эрдэнэбилэг нар тэргүүлж, “Сэлэнгэ-93”-ын Д.Баярзориг, Ж.Оюунцэцэг, “Увс-93”-ын Д.Амарбуян, Г.Батчимэг нар удаах байруудад шалгарчээ.
Волейболын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд “Баянхонгор-93”-ынхан I байр эзэлж, “Хөвсгөл-93”, “Дундговь-93”-ын баг тамирчид II, III байрт оров. Эрэгтэйчүүдээс “Дархан-93”-ынхан тэргүүлж, “Дундговь-93”, “Булган-93” багийн тамирчид удаах байруудад шалгарсан аж. Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд “Баянхонгор-93”-ынхан I байрт оржээ. II, III байрыг “Чингэлтэй-93”, “Дархан-93” багийнхан эзэлсэн байна. Энэ төрлийн эрэгтэйчүүдийн ангиллын нэгдүгээр байрыг “Сүхбаатар дүүрэг-93” багийнхан эзэлжээ. Удаад нь “Дархан-93”, гутгаарт “Дорноговь-93” багийн сагсан бөмбөгчид оров. Мөн энэ үеэр волейбол, сагсан бөмбөгчдийн дундаас шилдэг довтлогч, холбогч, хамгаалагчдыг шалгаруулсан юм.