Италийн Турин хотод эхэлсэн тусгай олимпын өвлийн наадамд 103 орны 1500 тамирчин, 1000 гаруй дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна. Монгол Улсын баг гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй хоккейн (заалны) төрөлд тэмцээнээ энэ сарын 10-наас эхлүүлсэн. Тэднээс шагналын салхи хагалж, снөүбоардын жиант слалом төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ. Налайх дүүргээс тамирчны гараагаа эхлүүлсэн тэрбээр уг спортоор хоёр дахь жилдээ хичээллэж буй. Түүнтэй тус төрөлд хамт оролцсон М.Энхзаяа шагналт IV байр эзлэв.
Манай хоёр тамирчин снөүбоардын хоёр төрөлд өнөөдөр өрсөлдөнө. Өмнө нь Австри улсад 2017 онд болсон дээрх наадмаас манай тамирчид тус бүр хоёр алт, хүрэл, дөрвөн мөнгөн медальтай ирж байв.