Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, ОУХМ Б.Болдбаатар 2020 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой, мөн Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Алтай сумын төв талбайгаас Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг 34 хоногт туулан гүйхдээ тамирчин хүний эр зориг, тэсвэр хатуужлыг залууст өөрийн биеэр үлгэрлэж харуулсан. Түүнийг амлалтаа биелүүлж, Сүхбаатарын талбайд хөл тавихад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан “Алтан очир” одон гардуулж байв.Тус аймгийн Есөнбулаг сумд төрж, өссөн тэрбээр 2008-2019 онд аймгийнхаа Прокурорын газарт харуул, 2019 оноос “Бату-тэмүүлэл” клубт дасгалжуулагчаар ажиллаж буй. Прокурорын байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээнд ээжийгээ оролцуулж явсан түүнд холын зайн гүйлт хийх санаа тэр үед төрж, 2016 оноос хойш бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж эхэлсэн гэдэг. Монголын мастеруудын 2016- 2018 онд болсон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, УАШТ-ий 12 цагийн гүйлтэд 97 км гүйж түрүүлсэн тэрбээр ОХУ, Японд болсон ахмад мастеруудын спортын их наадамд оролцож, шагналт байр эзэлсэн юм. “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд цөөнгүй түрүүлж, эл спортоор сонирхож хичээллэгсэдтэй бэлтгэл сургуулилалт, туршлага, ур чадвар, амжилтаасаа харамгүй хуваалцдаг Б.Болдбаатар 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1250 км замыг туулсан амжилтыг анхлан түүчээлж, хэт холын зайны спортын төрөлд олныг уриалж буухиалсан билээ.
-Одоогоос таван жилийн өмнө таны хол зам туулсан, олон хоногийн гүйлтийг Монголын спортын ертөнцөд өрнөсөн хамгийн сонирхолтой үйл явдлын нэгээр нэрлэж онцолсон. Сүхбаатарын талбайд товлосон хугацаандаа ирж, спорт сонирхогчидтой амжилтаа хуваалцсаныг тань тодхон санаж байна.
-Төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Алтай сумаас гарч гүйгээд Сүхбаатарын талбайд хөл тавьсандаа баярладаг. Би өмнө нь ийм хол зайд гүйж байгаагүй. 2015 онд прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд ээжийгээ үүрээд оролцуулж явахдаа аймгийнхаа төвөөс Улаанбаатар хүртэл 1000 км гүйх тухайгаа хэлэхэд “Миний хүү чадна” гэж урам хайрласан юм. Тэр өдрөөс эхлэн ээждээ амласан амлалт, өөртөө тавьсан зорилгоо биелүүлэхээр бие, сэтгэл зүйгээ бэлдэж, элсэн цөл, уул хад, байгалийн эрс тэс амаргүй нөхцөлд бэлтгэл сургуулилалт хийсэн. Ээж минь хэдий хөл муутай ч гэсэн миний оролцсон тэмцээнийг алгасалгүй үздэг байв.
-Хэний ч санаанд багтамгүй зориг, тэвчээр гаргаж, гүйх болсон амлалтынх нь гол зорилго юу байсан бол гэдэг сониуч бодол төрөөд байх юм.
-Амьдрал сонирхолтой зүйлсээр дүүрэн байдаг шиг хүний амьдрал ч тааварлашгүй шүү дээ. Ах нь залуудаа нанчид багагүй хүртэж явснаа нуухгүй ээ. 2007 онд төрсөн өдрийнхөө баярыг тэмдэглэж хэд хоног дараалж уухад ээж минь хатуухан үгээр намайг зэмлэлээ. Тэр үед буруу зүйлд татагдсанаа ухаарч, аав, ээж, ханьдаа “Би өнөөдрөөс гүйж эхэлнэ. Дахиж уухгүй” гэж амласан юм. Түүнээс хойш өдөр бүр гүйж, хөлсөнд норсон хувцсаа хараад өөрөөрөө бахархдаг болсон. Өдөр бүр гүйх замаа ахиулж урагшлахад аавыгаа дагаж гүйдэг байсан хүүхэд насны минь дурсамж өөрийн эрхгүй бодогддог байлаа. Хоёр сар гурван км гүйж, цааш уртасган тав болгож, уул өөд хурд сорьдог болов. Уулын оройд нэг өдөр гүйж гараад “Би чадлаа” гэж хашхирсан. Ингэж муу зуршлаасаа салж, амлалтаа биелүүлснээр спортын талбарт эргэн ирж билээ.
-Аав тань боксоор хичээллэх сонирхолтой таныг тамирчин болгохоор хөнгөн атлетиктэй нөхөрлүүлсэн гэдэг, үнэн үү?
-Намайг 15 настай байхад манай аймгийн Биеийн тамир, спортын газарт боксын дасгалжуулагчаар томилогдож ирсэн. Борхүү багш “Чи хөнгөн атлетикаар хичээллэдэг болохоор амьсгаа чинь сайн задарчээ. Чамаас хөдөлгөөний эвсэл, тэсвэр хатуужил харагдаж байна. Боксоор хичээллээд үз” гэж хэлэв. Зөвлөснөөр нь хэд хоног секцэнд явтал аав, ээж мэдэж “Боксоор хичээллэж, зодоонч болох нь уу” гээд дуртай хүлээж авсангүй. Түүнээс хойш өөрийгөө хөнгөн атлетикийн хүн юм байна гэж бодсон. Хүүхэд байхдаа гүйхээс гадна самбо, чөлөөт, үндэсний бөхөөр барилдаж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэл медаль хүртэж байлаа. Манайхан спортлог. Аавыг минь В.Буриад гэдэг. Говь-Алтай аймгийн тамирчдаас хөнгөн атлетикийн спортын анхны мастер цолтон. Ааваасаа өвлөсөн спортод амжилт гаргаж явна. Багадаа аавыгаа тэмцээнд түрүүлэхэд нь бахархаж, сэтгэл их догдолдог сон. Би аав шигээ тамирчин болохыг мөрөөдөж, хөнгөн атлетикийн спортод 1979 онд хөл тавьсан. 14 настайдаа МҮЭХ-ны нэрэмжит кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, УАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэр тэмцээн л миний шарыг хөдөлгөж, хурцалсан даа.
-Шарыг тань малтсан тэр тэмцээнээс медальтай ирж, аавыгаа баярлуулав уу?
-Надад хөгжилтэй дурсамж үлдээсэн тэмцээн тэр л байдаг юм. Яармагийн дэнжид зохион байгуулсан УАШТ-д насныхаа ангилалд оролцох байсан намайг дөрвөн нас ахиулж, 17-18-тай ах нартай гүйлгэлээ. Түрүүлчих юм сан гэж найдлага тээсэн жаахан хүү ах нарын тоосонд даруулж арай гэж барианд оров. Хариад аавдаа тэмцээний тухай огт дурссангүй. Тэгсэн аав хамт оролцсон хүүхдүүдээс миний тухай сонсоод авч явсан багшийг “Чи жаахан хүүхдийн зүрх үхүүллээ” гэж зэмлэсэн гэдэг. Би хөнгөн атлетикийн багш нарт “Тэмцээнд оролцох хүүхдүүдийн насыг нэмж, эсвэл дарж болохгүй, зүрх нь мохчихдог юм. Яг насанд нь үеийнхэнтэй нь өрсөлдүүл” гэж зөвлөдөг.
-Дүү тань таны дасгалжуулагчаар ажилладаг гэсэн байх аа.
-Аав минь биднийг энэ спортод дуртай болгож, амжилтад хөтөлсөн. Хүүхэд байхаасаа дүүтэйгээ хамт хичээллэж, өдийг хүргэлээ. Тэрбээр МУБИС-ийн Биеийн тамирын факультетийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн, спортын мастер цолтой. Намайг одоо ч дасгалжуулж, бэлтгэл хийлгэдэг юм. Би хүүхэд, залуусыг амжилтад хүргэх зорилгоор аймгийнхаа “Бату-тэмүүлэл” клубт хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажилладаг. -Тамирчин хүнийг амжилтад хүргэдэг чухал чанар бол тэсвэр хатуужил гэдгийг та өөрийн биеэр залуус үлгэрлэж харуулсан шүү дээ. -2009 онд ээлжийн амралт эхлэхээр Улаанбаатарт ирж, цэрэгт байхдаа бэлтгэл хийдэг байсан газруудаар гүйхэд таньдаг хүмүүс “Чи ахмадын тэмцээнд оролцоод үзээч” гэдэг байв. Гавьяат тамирчин Д.Намжилмаа багшийн нэрэмжит хөнгөн атлетикийн УАШТ-д болоход хурд сорьж, анх хүрэл медаль авсан юм. Түүнээс хойш олон уралдаанд өрсөлдлөө. Миний оролцох дуртай тэмцээн бол “Тал нутгийн марафон”, “Улаанбаатар марафон”. 2016 оноос хойш 21, 42 километрийн кросс гүйлтийн тэмцээнд залуучуудтай хамт гүйхэд үеийнхэн маань их гайхаж “Залуучуудтай яагаад гүйдэг юм бэ” гэж асуухад нь “Залуустай уралдах сайхан шүү дээ. Тэдний тоосонд хийморио сэргээж явна” гэж хариулдаг. Өөрийгөө ялж гүйсэн өдөр бүхэн миний бэлтгэл сургуулилалт болдог байсан. Хөнгөн атлетикийг спортын хаан гэж ярьдаг. Тиймээс бусад төрлийн суурь болдог юм. Өдөрт 30 км зам туулж гүйхдээ зорилгоо боддог байлаа. Говь-Алтай аймгаас гараад л халуун нар, бороо, шуургатай өдрүүдэд гүйсэн. Гэхдээ гүйх замаа олны итгэл найдвар, тус дэмээр амжилттай туулна гэж огт төсөөлөөгүй. Хүмүүс тааралдсан газраа намайг халуун дотноор угтан авч, цааш гүйх урам зориг хайрладаг байв. Иргэн хүнийхээ хувьд нийгэмд сайн үйлс хийхийг зорьдог. 1040 км замыг туулахдаа цаг хугацаа, хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг бие, сэтгэлийн хатаар даван туулдгийг хойч үеийнхэндээ үлгэрлэн харуулсан. Хүн хүнээ хайрлах нь энэрэнгүй сэтгэлээс үүдэлтэй. Би Монголын хүүхдүүд хүчирхийлэлгүй орчинд эрүүл өсөж, зөв хүмүүжээсэй гэж хүсдэг. Тиймээс тэдний амьдралд таагүй зүйл бүү тохиолдоосой гэсэндээ гүйлтээрээ “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” гэж олонд уриалж байлаа.
-Таныг аймгийнхаа прокурорын газарт харуулаар ажилладаг байсан гэж сонссон. Тухайн үед Монгол Улсад прокурорын байгууллага үүссэний 90, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан гүйх санаачилга гаргасан нь үүнтэй холбоотой байж болох л юм.
-Ээж минь аймгийнхаа прокурорын газарт 34 жил ажилласан. Намайг 2006 онд тус байгууллагад жижүүрээр анх оруулсан юм. Миний ажил, амьдралын гараа энэ газраас эхэлсэн. Тэр жил долоодугаар сарын 5-нд гүйлтээ эхлүүлэхэд нутгийн удирдлагууд, прокурорын байгууллагын хамт олон сэтгэл өндөр гаргаж өгч байлаа. Гүйлтээ үргэлжлүүлэх замд Баянхонгор, Өвөрхангай аймгийн прокурорын газрынхан угтан авч, дэмжлэг үзүүлж амжилт хүссэн. Намайг энэ мэтчилэн тус байгууллагынхан хаана ч явсан халуун сэтгэлээр угтан авдагт талархдаг.
-1040 км замыг 34 хоногт туулна гэдэг амар зүйл биш. Шантрах үетэй нүүр тулсан ч өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?
-Чадна гэсэн зорилго тавиад гүйсэн болохоор өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ байгалийн хүчин зүйлтэй багагүй тулгарсан. ГовьАлтайгаас Баянхонгор аймаг хүртэл гүйхэд шороон шуургатай, цаг агаарын хувьд хүндхэн байв. Саадтай тулгарах бүрдээ “Болдоо чи урагшлах ёстой шүү, чамд буцах эрх байхгүй” гэж хэлээд өөрийгөө зоригжуулсан. Тийм үед ээж, бас прокурорын байгууллагынхаа нэр хүндийг хамгийн их боддог байлаа. Аймгаасаа нэлээд сүр дуулиантай гарч гүйсэн болохоор замын дундаас алга болсон гэдэг үг сонсохгүйг хичээсэн. Гүйх явцдаа цаг агаарын гэнэтийн үзэгдэлтэй таарах, цар тахлын дэгдэлтээс сэргийлж зам хаах, надаас шалтгаалахгүйгээр замын дундаас орхих зүйл гарах вий гэж сэтгэл их зовсон. Өглөө эрт босоод автомашинтай яваа хүмүүс хараад “Ашгүй дээ, зам хаагаагүй юм байна” гэж баярладаг байв.
-Алс холын уртад ямар хүмүүс таны найдвартай ар тал болж тусалсан бэ?
-Гэр бүлийнхэн минь дэмжиж, надтай нэг баг болсон. Тэд хол замд хань болж, бие, сэтгэлээрээ хамт гүйсэн. Дүү Б.Батбаатар намайг дасгалжуулж, хань Н.Мандаххүү, бэр Ч.Цолмон, дүү О.Алтаншагай, М.Дашбазар нар жолооч, тогоочийн үүрэг гүйцэтгэсэн шүү. Хань минь гүйлт эхэлсэн өдрөөс барианд ортол арын албыг даасан. Манайхан хоол унд бэлтгэх, гар, хөлийг минь барих гээд тамирчин хүнд шаардлагатай бүх зүйлээр тусалсан. Амжилттай яваа хүний ард үргэлж дэмждэг хүн байдаг. Хань минь ар гэрийнхээ албыг тун сайн дааж яваа шүү.
-Замд таарсан хүмүүс таныг дэмжин, дагаад гүйж буй бичлэгийг үзлээ. Иймэрхүү зүйл их тохиолдов уу?
-Намайг дэмжиж, нэг хэсэг газар хамт гүйхдээ ерөөл өргөж үдсэн хүн олон бий. Хүмүүсийн урам хайрласан үг надад эрч хүч өгдөг байлаа. Гүйж байхдаа Монгол хүний элгэмсүү сайхан сэтгэлийг бишгүй харж, ач тусыг нь мэдэрсэн. Замд хөгжилтэй зүйл хааяа тохиолдоно. Өгсүүр замаар гүйхэд нэг залуу “Ахаа, таныг дагаж яваа машин тээр хол байна. Харахгүй юм чинь суучих. Тэр уулын оройд гараад буучихгүй юу” гэв. Мөн Төв аймгийн Лүн сумын ойролцоо гүйж явтал хонины бэлчээрээс жаахан хүүхдүүд морьтой давхиж ирээд “Ах аа эндээс Лүн ортол найман километр байдаг юм. Та ард сундалчих, дөхүүлээд өгье” гэж билээ. Тэдний харамгүй туслах гэсэн сайхан сэтгэл намайг хол замыг төвөггүйхэн туулуулж чадсан гэж боддог. Халуун, хүйтэнд амрах завгүй гүйхэд өөрийгөө хэдэн жилийн өмнөөс дасгаж бэлтгэсэн минь их хэрэг болсон шүү.