ФИБА-гаас зохион байгуулж буй сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний B хэсэгт багтсан Монголын дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын хүлгүүд” багийнхан эхний тоглолтоо Тайванийн “Нью Тайпэй кингз”-ийнхэнтэй өрнүүлж 81:68, дараа нь Сингапурын “Эйдройт”-ынхныг 87:41, Тайландын “Хай tех”-ийн тамирчдыг 63:59-өөр ялж, гурван хожилтой хэсгээ тэргүүлж эхлэв. Тэд энэ сарын 12-ноос эх орондоо үлдсэн гурван тоглолтоо хийнэ. Тэгвэл А хэсэгт багтсан “Бишрэлт Металл” багийнхан нэг хожил, хоёр ялагдалтай IV байрт бичигдлээ. Тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг шигшээд шалгарч, “BCL Asia” тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөө өрсөлдөх нь. Улаанбаатарт энэ сарын 11-нд эхлэх тэмцээнд “Бишрэлт металл”, “Матрик дийрс”, 12-нд “Хасын хүлгүүд”, “Нью Тайпэй кингз”, 13-нд “Бишрэлт металл”, “Таоюань пайлотс”, 14-нд “Бишрэлт металл-Пелита жаяа” 17.30 цагт, харин 15-нд “Хасын хүлгүүд”, “Эйдройт”, 16-нд “Хасын хүлгүүд”, “Хай tех” багийнхантай 20.30 цагт тоглоно.
Ташрамд дуулгахад, Монголын сагсан бөмбөгийн холбооноос ФИБА-тай хамтран энэ сарын 10 хүртэл зохион байгуулж буй “World аssociaton of basketball coach” хоёр дахь шатны сургалтад 2023 онд болсон “WABC Level 1” шалгалтанд тэнцсэн багш, дасгалжуулагчидхамрагдлаа. Энэ удаагийн сургалтыг ФИБА-гийн зөвлөх багш, дасгалжуулагч Тунис улсын мэргэжилтэн Моунир Бен Слиман удирдаж байна.