Барилгын зөвлөх инженер, Олон улсын хэмжээний мастер(ОУХМ) Б.Батхишиг дэлхийн дээвэр хэмээдэг далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестэд эх орныхоо алтан соёмбот Төрийн далбааг мандуулж, нэрийг нь цуурайтуулсан монгол уулчдын 16 дахь нь болов. Түүний зорилгоо биелүүлээд ирсэн баяртмөч “Марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээнтэй давхацсан юм. Тэрбээр хүнд өвчнөө биедээ баймгүй зориг, тэсвэр хатуужил, сэтгэлийн хат, эрч хүчээр даван туулж, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн цөөн бүсгүйчүүдийн нэг. Манай улсаас гурван уулчин өнгөрсөн сард Балба улсыг зорьсон. Тэднээс ОУХМ А.Баттогтохын хамтэнэсарын 18-нд авиралтаа эхлүүлж, дэлхийн хамгийн өндөр оргилд бараалхсан билээ. Түүнчлэн 2023 онд дөрөвтжагсдаг Лхоцед (8516 метр) гарсан бол 2024 онд тавд бичигддэг Манаслуд (8163) мөрөө гаргасан Монголын анхны эмэгтэйуулчин болсон юм. Хичээвэл хэнд ч боломжгүй зүйл байдаггүйг, тэмүүлбэл хичээл зүтгэл нь зорьсон газартнь хүргэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, уулын спортын түүхэнд бахдам амжилтуудыг бичсээр байна.
-Эверестэд бараалхахад зорилго, эсвэл зориг тань хөтлөв үү. Дэлхийн дээвэр оргилд амжилттай авирахад тань урам өгч, дэмжсэн спорт сонирхогчидтой баяр хөөртэй уулзаж буй таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. Лхоце оргилд авирсныхаа дараа 8000 метрийн өндөрт орших оргилд дахин гарах зорилго тавьсан. Хүн дуртай зүйлээ хийж, хэцүү санагдсан бүхнээс сэтгэлээ чөлөөлж байж эдгэрдэг. Би өвчнөө ялан дийлж, мөрөөдөл болсон, дэлхийн ноён оргилуудын нэг Эверестэд гарлаа. Надад бодож төлөвлөсөн зүйл олон бий. Оргилд авирсан өдрүүдэд намайг дэмжин, эмээж, бас сэтгэл догдолж хүлээсэн гэр бүл, ах дүүс, найз нөхөд, “Цэгц” клубийнхээ хамт олон, спорт сонирхогчидтой эсэн мэнд, баяр хөөртэй уулзаж буйдаа сэтгэл өндөр байна. Миний шинэ хобби бүжиг. Эрч хүч, энергийг минь сэргээдэг. Хүмүүст “Би бүжигчин биш ч бүжиглэж эдгэсэн” гэж хэлэх дуртай. Хойшид ууланд авирах, бүжиглэхээ орхихгүй.
-Туршлага чамгүй хуримтлуулсан тань энэ удаагийн авиралтаас харагдсан. Өмнөх хөтөчөөс өөр шерпатай хамтран ажиллаж, ойлголцох амаргүй байв уу?
-Энэ удаагийн авиралтад хөтөч хийсэн залуу өмнөх шерпагаас насны хувьд залуу болохоор хурдан, түргэн хөдөлгөөнтэй. Надаас түрүүлээд явчихна. Англи хэл мэдэхгүй түүнтэй ажиллах эхэндээ амаргүй санагдсан. Бид ойр зуурын зүйл ярилцаж, дохио зангаа, биеийн хэлэмжээр голдуу ойлголцдог байлаа. Оргилд авирч, буухдаа эндсэн уулчид цөөнгүй байдаг тул аль болох тайван, яарахгүй байхыг хичээсэн. Цаг агаар ямар байхыг сайтар ажиглан, энэ сарын 14-нд шилжих шөнө авиралтаа эхлүүлж, 20-нд үндсэн отогт ирсэн. Би уулчин хүний үг, үйлдэл таарч байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Эверестийг зорихоос гурван сарын өмнө салхи, шуургагүй тогтуун байгаасай гэж маш их залбирсан. Уул уулчныхаа үгийг сонсож, ямар нэгэн далдын энергиэр холбогддог гэж боддог. Авирах үед яг миний хүсэж байснаар цаг агаар тогтуун болж баярлуулсан шүү.
-Лхоцед авирахдаа Эверестийг хараад ямар сайхан оргил вэ гэж бодож байсан гэдэг. Тэр хүслээ хэрэгжүүллээ шүү дээ.
-Өндөр оргил сүрдмээр, бас сүнслэг, хүний хийморийг сэргээж, сэтгэлийг татах увдистай болохыг нь Манаслуд гарахдаа мэдэрсэн юм. Би өндөр уулстай нутгийн хүүхэд хэрнээ өмнө нь үүнийг огт анзаардаггүй байв. Хүнд айдас, зориг аль аль нь бий. Уулчин хүн айдсаа давж, оргил руу тэмүүлдэг. Зориод очсон оргил нь тухайн уулчныг хүлээж авах, эсэхээ олон зүйлээр илэрхийлдэг юм билээ. Эверест энэ удаа Монголын уулчдыг сайхан угтаж авсан. Энэ сарын 14-ний үүрээр өгсөнө гэж бодоод өдөр нь амарч, унтах гэтэл сэтгэл нэг л тогтож өгөхгүй байлаа. Халтизүүрмэглэхдээ сонин зүүд зүүдэлж, хамгийн хайртай хүмүүсээ харсан. 2025 он гаргаад энэ оргилд олон хүн авирсан ч ихэнх нь буцсан. Биднийг авирахаас өмнө таван уулчин, дөрвөн шерпа эндсэн байв. II отогтнэг хоноход нисдэг тэрэг цөөнгүй ирж, авиралтаа үргэлжлүүлэх боломжгүй уулчдыг аварч харагдсан.
-Далайн түвшнээс 8000 метрийн өндөрт орших оргилд авирах үйл ажиллагаанд ирэх жил өөрчлөлт орох тухай дуулдсан. Үнэн болов уу?
-Уулчдыг Манаслу, Макалу, Лхоце зэрэг 8000 метрээс дээш өндөртэй оргилуудын аль нэгд гарсны дараа Эверестэдавируулахаар болж, ирэх жилээс зардлыг нэмэн 35 мянган ам.доллар болгох өөрчлөлт оруулсан. “8000 метрээс дээш оргилд амжилттай авирсан уулчдыг Эверестэд гаргана гэсэн болзол тавьж, шинэ дүрэм, журам гаргажээ” гэж уулчдын ярихыг сонссон. Балба улсын иргэд монголчуудыг дуртай хүлээж авдаг. Монгол уулчид оргилд сайн авирдаг гэж өндрөөр үнэлдэг болох нь анзаарагдсан.
-Дараагийн тань зорилго юу байх бол гэх сониуч бодол өөрийн эрхгүй төрөөд байх юм. Нууц биш бол сонирхуулаач.
-Хэд хоног амарч, биеэ тэнхрүүлсний дараа барилгын салбар дахь ажилдаа орох бодол бий. Далайн түвшнөөс дээш 8000 метрт орших гурван оргилыг хэрхэн зорьж, авирахдаа юуг олж, харж мэдэрсэн, бас юуг ухаарч, ойлгосон түүхээ уншигчидтай хуваалцах зорилгоор ном бичижхэвлүүлнэ. Монгол Улс дэмжвэл би 14 оргилд авиралт хиймээр санагдсан. Балба улс Монголын өвөг дээдсээс гаралтай. Дэлхийн 14 ноён оргилд мөрөө гаргасан уулчин цөөн. Монгол хүн шилдэг уулчидтай эн зэрэгцэх жагсаалтад орвол сайхан гэж боддог. Үүний нөлөөгөөр улсад маань ч гэсэн аялал жуулчлал хөгжих болов уу. Хэлтэй хүн хөлтэй гэдэг дээ. Ингэж ярьдгийн учрыг энэ удаа сайн ойлгосон. Миний хувьд гадаадын уулчидтай хамт хооллохдоо хөгжилтэй зүйл ярьж, инээлгэн эх орноо давхар сурталчилж байлаа. Эверестэд авираад буухад 10 гаруй орны уулчид Монголд очиж үзэх хүсэлтэй байгаагаа уламжилсан. Тэд “Чиний ярьдаг хөгжилтэй зүйл бидний ядаргааг тайлж, эрч хүч өгдөг. Чамайг харахаар ядарснаа мартдаг юм” гэж байв. Үүнээс хойш намайг зоогонд урьж, ярилцах хүн олон болсон. Энэ мэтчилэн оргилд авирсан уулчид хаана ч очсон салж, хагацахааргүй нөхөрлөдөг.
-Оргил руу өгсөхдөө хайртай дотнын хүмүүсээ санадаг уу?
-Оргилд авирахад анхаарлаа сарниулах олон зүйл бодох хэрэггүй гэдэг. Гэхдээ надад хайртай хүмүүс минь хамгийн их бодогдсон. Тэр үед сэтгэл тогтворгүй болж, өөрийгөө аргадан, тайвшруулж байлаа. Хэт их хямарвал өндрийн өөрчлөлтөд ордог тул тайван байхыг хичээсэн. Өндрийнөөрчлөлтөдорсон үед хөтөчийнхөө нэрийг мартаж, санах энүүхэнд. III отогруу уруудахад гар минь салгалаад байсан тул сайн амраад буусан. Тэртээдоор үүл дундах оргилд Чингис хаан дүр нүдэнд харагдахад их гайхлаа. Тэгтэл ээж, охины минь төрх орж ирэхэд өөрийн эрхгүй уйлсан. Тайтгарсныхаа дараа нөхөртэйгөө утсаар холбогдож ярихад тэр өдрийн үдээс хойш (тавдугаар сарын 18-нд) Чингис хааны хөрөг зургийг худалдан авч, гэртээ залсан байв.
-Тантай ярилцаж суухад баяр хүргэсэн хүмүүсийн утасны дуудлага тасрахгүй үргэлжилсээр л байна.
-Тийм ээ. Тэдний заримынх нь бичсэн мессеж, чаатыг уншиж амжаагүй явна. Оргилоос буугаад эх орон руугаа яарсан. Балбын Катманду хотод ирээд онгоцны тийзээ даруй захиалж наашиллаа. Эверест рүү авирахаар явахдаа аавынхаа нутгийн давсыг авч явсан минь хэрэг болсон. Ядарч, хоолой өвдөх, гар, хөлийн шөрмөс татах үед хүлхдэг байлаа.
-Уулчид оргилд бодит үнэнтэй нүүр тулдаг. Танд тэр үед үхлийн тухай бодогддог уу?
-Уулчид оргилоос олон зүйлийг олж хардаг. Тэнд амьдралын үнэ цэн юу болохыг маш сайн ухаардаг юм. Гэхдээ би үхлийн талаар хэзээ ч бодож байгаагүй. Айдас, зориг, амьдрал үхэл, алдаа оноо нэг л олсонд хамт явдаг болохоор өөдрөг зүйл бодож, өөртөө чадна гэж хэлээд урагшилдаг. Миний хувьд өгсөж байхдаа хэрхэн буух замаа сайтар харж тогтоодог. Ингэх нь давуу тал болдог. Уулчин хүний үг, үйлдэл хариуцлагатай байх ёстой. Хамт авирсан А.Баттогтох уулчин “Чи бүх зүйлээ хянаж, ямар хариуцлагатай явдаг юм бэ” гэж байв. Би хорт хавдрыг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, эрүүл болчихоод Эверестэд бараалхсан. Өнгөрсөн жил хөхний хорт хавдрын эмчилгээ дууссаны дараа хоёр сар бэлтгэл хийж, Манаслуд авирч байлаа. Тэгвэл энэ жил дөрвөн сар бэлтгэл хийж, Балба улсыг зорьсон. Авирах явцдаа биед минь эрдэс дутагдаж, гар, хөлийн шөрмөс татаад байсныг мэдсэн. Тиймээс сайн амарч, өөрийгөө тордоно. Олон хүн надтай холбогдож, дотоод хүчээ хэрхэн сэргээх талаар асуудаг. Зарим нь чамаас зөвлөгөө авч, сургалтад тань суумаар байна гэсэнхүсэлт тавьдаг. Өмнө нь энэ бүхэн нээлттэй байсан, цаашид ч хэвээрээ байх болно. “Цэгц” клубийнхээ залууст 8000 метрийн оргилд авирахад тус дэм болох зорилгоор зөвлөдөг. Хүмүүст оргилд хэрхэн авирахыг анхнаас нь зөв ойлгуулах нь зүйтэй. Тэднээс миний хүсэж буй 14 оргилд авирч болох шүү дээ.
-Балбад байх хугацаандаа Монгол хоолоо их үгүйлсэн биз?
-Тэгэлгүй яах вэ. Тэндээс наашлахдаа гэрийнхэндээ “Би очоод бууз, үхрийн өөхтэй өвчүүний мах иднэ шүү” гэсэн. Тэгж захиалсан хэрнээ онгоцонд өгсөн хоолыг барахгүй ирлээ.