"Evandis" энтертайнментийнхэн мэдээлэл хийлээ. Тэд Монголд анх удаа Солонгос Монголын хамтарсан "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулж, олны талархлыг хүлээсэн. Энэ удаад "Evandis" энтертайнмент кpop урсгалын томоохон төлөөлөл болох БНСУ-ын Big bang хамтлагийн дуучин Tae yang болон соло дуучин Ailee тэргүүтэй артистуудыг урьж, Улаанбаатар “Зүрхнээ” Super concert-2025 тоглолтыг зохион байгуулах гэж буйгаа дуулгав. Хэдхэн хоногийн дараа болох тоглолтын сонин сайхнаас та бүхэнтэйгээ хуваалцъя.
Энтертайнментын Гүйцэтгэх захирал Ко Сүн Хүн: Бид өнөөдөр Tae yang, Ailee-гийн оролцох “Super concert-2025” тоглолтыг албан ёсоор зарлаж байгаадаа маш баяртай байна. Энэхүү тоглолт маань зүгээр нэг хөгжим, дуу тоглолт гэхээсээ илүүтэй Монгол Улс, БНСУ-ыг холбох нэгэн том гүүр болж байгаа юм. Тодруулбал, хүний нөөцийг чадваржуулах, соёлын солилцоог бэхжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах чадамжийг харуулах чухал ач холбогдолтой юм. Энэ нь зөвхөн Азийн бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид, продакшн багууд Монголд ирж хамтран ажиллах боломжийг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлэх билээ.
Тодорхой хэлбэл, бид энэхүү тоглолтыг хийснээрээ БНСУ болоод кпоп урсгалыг сурталчлах бус Монгол Улсыг дэлхийд сурталчлах том зорилготой. Ийм том төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг том шалтгаан нь “Evandis” энтертайнмент ганцаараа бус биднийг дэмжиж ажилладаг олон байгууллага байгаа учраас юм. Юуны түрүүнд ubcab үйлчилгээ гурван хоногийн туршид 24 цагаар бидэнтэй хамтран чухал үүрэг гүйцэтгэнэ.
Үүний дараа Монголын бахархал болсон МИАТ компанийн дэмжлэгтэйгээр тээврийн өндөр өртгийг багасгаж, дуучдын маань стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлж байгаад маш их баяртай байна. Түүнчлэн Терра брэндэд талархал илэрхийлмээр байна. Ингээд сүүлд нь хамгийн халуун өдөр бидэнтэй үргэлж цуг байж, дуучдыг маань нисдэг тэргээр үйлчлэх болсон Пэпсигийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Тоглолтын тухайд Tae Yang тоглолтод 9-10 дуу дуулна. Тэр дунд өөрийнх нь ганцаарчилсан уран бүтээлээс гадна Big Bang хамтлагийнхаа хэд хэдэн дууг дуулах болно. Хэрэв тоглолтын уур амьсгал сайхан байвал нэмээд 1-2 дуу дуулах байх гэж бодож байна. Мөн Ailee хуримаа хийсэн учраас нөхөртэйгөө ирнэ. Түүний нөхөр Чой Ши Хүн "Single's Inferno" шоунд амжилттай оролцсон. Солонгостоо алдартай жүжигчин.
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Г.Мөнхчулуун: Дэлхийд алдартай, А зэрэглэлийн артистууд олон улсын стандартад нийцсэн тоглолтоо нийслэл Улаанбаатар хотын залуучууд, урлагт хайртай иргэдэд маань хүргэх гэж байна. Улаанбаатар хот 2023 онд ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдэж орсон. БНСУ бол олон жилийн өмнө Соёлын олон төрөл зүйлээр тус сүлжээнд нэгдэж орсон, манлайлагч улс. Иймд бид БНСУ-тай хамтран ажиллаж, соёлыг түгээх, хоёр орны залуусыг холбох гүүр болсоор ирсэн. Иймд бид энэ удаад энэхүү төсөлтэй хамтран ажиллахдаа бэлэн. "Evandis энтертайнментын зохион байгуулж буй "Super concert-2025" тоглолтыг Нийслэлийн соёл, урлагийн газар дэмжин ажиллаж байгаадаа маш их баяртай байна" гэлээ.
Түүнчлэн “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарчээ. Тоглолтын сүүлд зохион байгуулагчдын зүгээс “Super Concert-2025” тоглолтын дараагаас өөр бусад алдартай оддыг Монголд урьж авчрахаар төлөвлөж байна. Бид ер нь тоглолтын стандартаа үргэлж дээшлүүлж явахаа амлаж байна хэмээн мэдэгдлээ.
"Evandis" энтертэйнментээс энэ оны КPOP тэсрэлт болгон зохион байгуулж буй “Super Concert 2025 ” зургадугаар сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тасалбарын тухайд хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP гэсэн төрөлтэй. Мөн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын баг ажиллах юм. Зорин ирж буй үзэгчдэд зориулан тоглолтын үеэр баримтлах эерэг уриалга бүхий зөвлөмж гарган ажиллаж байна. Энэхүү тоглолт Монгол, БНСУ-ын дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлох соёлын үйл явдал юм.