УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой байгуулсан ажлын хэсгийнхээ мэдээллийг сонсжээ. Улмаар тэд Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөхөөр болсон аж. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэхийн тулд 1.1 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас хасахаар болсон. Тэгвэл үүнд Шинжлэх ухаан технологийн санг хамруулах хэрэггүй гэж үзжээ. Мөн Засгийн газрын нөөц сангийн зардлыг 12.7 тэрбум төгрөгөөр бууруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг нарийвчилж задлах хэрэгтэй гэсэн байна. Түүнчлэн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой 179.9 тэрбум төгрөгийн зардал дотор давхардсан нэр, байршил зэрэгт техникийн засвар хийе гэжээ.
Тус намын бүлгээр мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.