МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар уржигдар намын даргаар Н.Учрал сонгогдсоныг баталгаажуулах, мөн үндсэн дүрэм, хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгчээ. Тус нам шинэ даргаа сонгож, үндсэн дүрмээ батлах Их хурлыг яг сарын өмнө хийсэн. Гэвч материалаа хүргүүлэхийн тулд ийнхүү удсан байна. Бүрдүүлэх материал их, асуудал тус бүрээр тэмдэглэл, видео бичлэг зэргээ хавсаргадаг учраас хугацаа авсан гэнэ. Ямартай ч эрх баригч намынхан анх удаа материалаа хүргүүллээ. АН-ынхан нэг удаа буцаагдсан бол гуравдагч хүчний жижиг намууд багадаа гурав удаа “бүдрээд” буй юм. Намуудын хуулийн хэлтэс, хуульчид ийм “муу” юм уу, эсвэл эрх баригч намыг хүлээгээд албаар буцаагаад байна уу гэсэн хардлага ч гарсаар удсан. Тэгвэл энэ сарын 5-нд Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Иргэдийн оролцооны нэгдэл намын материалыг албан ёсоор бүртгэж авсан аж. Дээд шүүхийн шалгуурыг давсан анхны нам болсноо ИОНН-ынхан онцолсон байна лээ.
Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд намууд үндсэн дүрэм, хөтөлбөрөө нийцүүлэн өөрчилж, үүнийгээ энэ сарын 31-ний дотор Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай юм.