МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-ны ээлжит бус их хурал өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хуралд МАН-ын дарга Н.Учрал оролцож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг СДМЭХ-ны дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн юм. Их хурлын нийт 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож, нэр дэвшигч Д.Үүрийнтуяаг 99.7 хувийн саналаар сонгожээ. Ингэснээр түүнийг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон тогтоолыг баталсан юм.
УИХ-ын гишүүн, тус холбооны өмнөх ерөнхийлөгч Х.Булгантуяа Д.Үүрийнтуяад баяр хүргэж, амжилт хүсэв. Тус холбооны гишүүдийн тоо 2023 оныхтой харьцуулахад 30 хувиар өсөж, 125 мянгад хүрчээ. Сонирхуулахад, их хурлын төлөөлөгчдөд 19-73 насны буюу гурван үеийн төлөөлөл багтсан бөгөөд хамгийн ахмад нь Баянзүрх дүүргээс С.Оргодол, хамгийн залуу нь Багахангайгаас Э.Мөнхдэлгэр оролцжээ.
Ташрамд, Д.Үүрийнтуяа нь маркетингийн менежер, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2024 онд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн IV тойрогт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Тэрбээр 2019 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоос эхлэн тус газрын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар ажиллаж байв.
Ч.Цэлмэг