Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Эрүүл мэндийн сайдаар хоёр ч удаа томилогдоод жил хү рэхгүй хугацааны дотор Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүү нээрээ огцорч, ажлаасаа “халагддаг” хэвшилтэй, азгүй ч гэмээр юм уу, сонирхолтой намтартай улс төрч бол Тогтмолын Мөнхсайхан. Улс төрд “битүү морь” байсан тэрбээр 2020 оны долоодугаар сарын 8-нд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн танхимын Эрүүл мэндийн сайдаар гэнэт томилогдсон. Гэвч “Ковид-19” халдварт цар тахлын идэвхжил эрс нэмэгдсэн өдрүүдэд дөнгөж төрсөн нярай эхийг хүүтэй нь хамт тусгаарлахаар авч явахдаа гаргасан алдааны улмаас 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Засгийн газар нь танхимаараа “хариуцлага хү лээж” огцорсон жүжгийн гол дүрд өөрийгөө тоглоно чинээ тухайн үедээ санаагүй биз. Өмнөх өдөр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаасаа хамгийн түрүүнд “шүд сугалах” гишүүдийг цохон зарлахад түүний нэр багтсан байсан бөгөөд үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарынхан “Сайдыгаа огцруулахгүй” хэмээн жагсаж улстөржсөн.
Т.Мөнхсайханы улс төрийн замнал дуулиантай эхэлсэн, одоо ч тэр “халуухан” сэдвийн гадуур үлддэггүй, харизмтай хүн юм. “Хүчит шонхор” захын эзэн ааваасаа эхлээд ах дүү сээрээ бизнес эрхэлдэг, “Тэнгэрийн шонхор” зэрэг хэд хэдэн компанитай, чинээлэг гэр бүлээс угшилтайдаа ч тэр үү, амбицтай ч ядаж өсөхийн өлөнгүй, МАН-ын гишүүд дунд тэр бүр харагдаад байдаггүй шазууртай, галтай, иртэй, өөрийн гэсэн өнгөтэй улс төрч шиг. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн татаасаар анх Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараачаас л ХӨСҮТ-ийн удирдлагатай үзэж тарсан даа. Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын үед шинэ сайд хурдтай маневр хийх гэхээр рахиттай хүн шиг хөшүүн хойрго салбар нь системээрээ хөдөлж цөхөөд бүтэхгүйн дээр гол, томоохон эмнэлгүүдийн “хашир бурхи” удирдлагууд нь “Ингэдэггүй юм аа” гээд тас гэдийчихнэ. Бухимдсан сайдынхаа утасны яриаг хүртэл нууцаар бичээд нийгмийн сүлжээнд цацахдаа тултал Монголын эрүүл мэндийн салбар ялзарсныг тэр залуу хүний “гэнэдсэн” үйлдлээрээ илчилсэн гэхэд болно.
УИХ-ын 2024 оны сонгуулиар “хатуухан самар” гэгддэг тойрог болох Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшин, сонгогдсон түүнийг салбарынхаа сайдаар эргэн ирэхэд нэг хэсэг нь “Зоригтойхон өөрчлөлт хийгээсэй” хэмээн итгэж найдсан бол хуучин, бугшмал арга барилдаа дадсан өөр хэсэг нь зөв харж инээж, буруу харж уйлсан байх. Тэдний нэг нь одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн бөгөөд засаг солигдоход түүний ажлыг хүлээн авахдаа уран донгодож байсан үгээс нь олон зүйл тодорхой болсон. Т.Мөнхсайхан сайд эмнэлгийн дарга нарыг хуйгаар нь сольсонд хэн хүнгүй эгдүүцсэн ч Ж.Чинбүрэн орыг нь залгаж очихдоо дээрдүүлэх биш, буцаагаад баахан томилгоо хийж хүслээ гүйцэлдүүлснээс харахад тэр олон талын эрх ашгаа хамгаалахаар албан тушаалд нь санаархсан гэлтэй. Өнөө хэр шинэ, хуучин Эрүүл мэндийн сайд нарын хоорондох тэмцэл намжаагүй л байна.
Боловсролын хувьд Т.Мөнхсайхан 2000 онд нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургууль, 2006 онд одоогийн АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр дүүргэн, дараа нь төрөлх сургуульдаа магистр (2016), докторын (2022) зэрэг хамгаалжээ. Тэрбээр Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс ажлын гараагаа эхэлж, их эмчээс тасгийн эрхлэгч хүртэл 10 жил ажиллаад, 2016 онд эмнэлгийнхээ дарга болон дэвшсэн. Мөн 2019-2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн ерөнхий захирал, 2020-2021 онд Эрүүл мэндийн сайд, 2021-2024 онд Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, 2024 оноос УИХ-ын гишүүн, 20242025 онд Эрүүл мэндийн сайдаар дахин нэг жил ажиллаад, Л.Оюун-Эрдэнийн танхим “тахимаа өгөх”-д хамт явсан. Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа БНСУ-ын “Эксим” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр Хавдар судлалын хоёрдугаар төвийг байгуулах саналыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлж байсан нь өдгөө Үндэсний ассамблейнх нь гишүү дийн түвшинд бодитоор яригдаж, ажил урагшилж байгааг саяхан өөрийн цахим хаягаараа хуваалцсан байв.
Эмчийн хувьд түүнийг ажил мэргэжилдээ сайн гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг. 2023 онд Монгол Улсад өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг нэвтрүү лэн нутагшуулсан гэдгээрээ ГССҮТ, УНТЭ-ийн хамтарсан баг Төрийн соёрхол хүртэхэд ахлагчаар нь Т.Мөнхсайхан, Н.Энхтайван эмч нар байсан түүхтэй.
Сургуулийн орчинд хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, аюулгүй сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах үүднээс Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг тэрбээр санаачлан УИХ-д өргөн бариад буй. Тэрбээр нийгмийн сүлжээнд олон дагагчтай, нөлөөлөгч учраас энэ давуу талаа ашиглан хуулийн төслийн танилцуулга зэргийг олон нийтэд цахимаар хүргэдэг онцлогтой.
Л.Аргамжин