Нийтийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргадаг болсноос хойш 20 шахам жилийг үдэж байна. Энэ хооронд төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, хугацаанд нь бүртгүүлж хэвшсэн билээ. Тэгвэл энэ жил ямар онцлогтой байгаа талаар Авлигатай тэмцэх газар (АТГ)- ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхантай ярилцлаа.
-Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ гаргахдаа юунд анхаарах шаардлагатай бол?
-Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд нийтийн албан тушаалтнууд өмнөх оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг шинэчлэн, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс шинэчилсэн цахим системийг ашиглалтад оруулаад байна. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн ашиг сонирхол, хөрөнгө, орлого, зээлийн мэдээллийг маягтын дагуу үнэн, зөв мэдүүлэх үүрэгтэй.
Мэдүүлэг гаргагчдын хувьд хөрөнгийн анхны үнэ, зах зээлийн үнийг төгрөгөөр мэдүүлэх ёстой байдаг. Зарим мэдүүлэг гаргагч орон алдаж, мянгат, саяын оронг андуурч бичих гэх зэрэг тохиолдол гардаг байв. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системийг шинэчилснээр олон давуу талтай болсны нэг нь ийм алдаа гаргахыг бүрэн зогсоосон. Өөрөөр хэлбэл, тоо шивээд оруулахад тэр мэдээлэл үсгэн хэлбэрээр дор нь харагддаг болсон. Энэ жилийн хувьд орон алдах явдал байхгүй болно гэж харж байгаа. Мөн хөрөнгийн эх үүсвэрүүдийн тайлбарыг бүрэн бичих ёстой.
-Шинэчлэгдсэн цахим системийн бусад давуу талууд нь юу байна вэ?
-ХАСХОМ-ийн цахим системийг анх 2012 онд нэвтрүүлсэн. Түүнээс хойш тоног төхөөрөмжийн ч, программ хангамжийн хувьд ч хуучраад байсан. Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд программ хангамж, тоног төхөөрөмжөө сайжруулж байгаа. Ер нь систем хөгжүүлэлтийн гол давуу тал нь түүний аюулгүй байдал, найдвартай ажиллагаа шүү дээ. Харин нийтийн албан тушаалтнуудын хувьд мэдүүлгээ гаргахад нь хялбар, ойлгомжтой болсон гэж үзэж байна.
Өөр нэг давуу тал нь хүний оролцоог эрс бууруулсан. Зөвхөн мэдүүлэг гаргагч нар төдийгүй хяналт, шалгалт хийхэд төрийн байгууллагуудад байгаа мэдээллийн санг тулгах, шалган баталгаажуулах, эрсдэлийг автоматаар тоолоход ахиц дэвшил гаргалаа.
Цахим систем нь цаасыг халах, шат дамжлагыг цөөлөх гэдэг агуулгаараа бичиг цаасны болон шуудангийн зардлыг багасгах, цаг хугацаа хэмнэх боломжийг бидэнд олгож байна. Мэдүүлгийг хянах ажлыг АТГ дангаараа хэрэгжүүлдэггүй, иргэд, олон нийтийн хяналт, оролцоо чухал байдаг. Тиймээс мэдээллийг ил тод болгоход цахим системээ илүү боловсронгуй, ойлгомжтой байдлаар сайжруулсан.
-Зарим тоог танаас тодруулж асууя. Өнгөрсөн онд 48 841 албан тушаалтан ХАСХОМ-ээ гаргасан байна. Ийм олон хүний мэдүүлгийг АТГ хэрхэн хянаж шалгадаг вэ?
-Хуульд зааснаар АТГ өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу, эсвэл төлөвлөгөөт хяналт шалгалтаар шалгах зохицуулалттай. Түүнчлэн хөрөнгийн эх үүсвэрээ заагаагүй буюу тайлбарлаагүй, мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй бол шалгах үндэслэл болдог.
-Эрсдэлд суурилсан гэхээр яг яаж тооцож гаргадаг юм бол?
-Олон үзүүлэлт бий. Үзүүлэлт бүрийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Тухайн ажил, албан тушаалыг эрхэлж байгаа албан тушаалтан нь хэрэгжүүлж буй чиг үүрэг, эрхэлдэг асуудлын хүрээнд эрсдэлтэй хүн мөн үү, шударга байдлын үнэлгээ зэрэг эрсдэлийн судалгаагаар байгууллага нь ямар оноо авсан, хөрөнгө, орлогын бүтэц нь эрсдэлтэй юү, цаг хугацааны явцад өсөлтийн динамик чиг хандлага нь ямар байна вэ, албан тушаалтны мэдүүлсэн мэдээлэл нь төрийн бусад байгууллагын мэдээллийн сантай тулж байгаа, эсэх гэх зэрэгт үндэслэн тооцдог. Энэ агуулгуудад үндэслээд улсын хэмжээнд 48 841 албан тушаалтны мэдүүлгийг хянаж, тооцож байгаа.
-АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогыг биш, дунд түвшний албан тушаалтнуудыг илүүтэй шалгадаг гэсэн шүүмжлэл иргэд, олон нийтийн дунд бий шүү дээ.
-Өнгөрсөн онд шалгасан хөрөнгө, орлогын мэдүүлгийн 50 гаруй хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хянасан. Тэгэхээр бид дан ганц эрсдэлийн оноонд, эсвэл зөвхөн таны асуусан албан тушаалтнуудад чиглэж шалгалт явуулдаггүй. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг манай цахим хуудаснаас үзэж танилцаад эргэлзээтэй бол АТГ-т хандан шалгуулах боломжтой. Иргэд хөрөнгө, орлгын мэдүүлгийн хяналт, шалгалтын ажилд оролцох боломжтой гэсэн үг.
-Хянан, шалгасан хөрөнгө, орлогын мэдүүлгийн хүрээнд худлаа мэдүүлсэн гэдэг нь батлагдсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ. Жишээ нь өнгөрсөн онд ямар хариуцлага хүлээлгэв?
-Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүгийн гэсэн гурван хуулийн хүрээнд бид ажлаа явуулдаг.
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хоцроосон, худал мэдүүлсэн зэрэг зөрчлөөс хамаараад сануулах, цалин болон албан тушаал бууруулах, ажлаас халах гэсэн дөрвөн төрлийн хариуцлага тооцдог. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл харьяаллын дагуу Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлэн шалгуулж ирсэн. Дээрхээс гадна бид татварын байгууллагатай хамтран ажилладаг. Албан тушаалтнуудын мэдүүлж байгаа хөрөнгө, орлого нь хууль ёсных бөгөөд татвараа төлсөн үү, үгүй юү гэдгийг хянаад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бол татварын байгууллагад хүргүүлдэг. Энэ талаар зарим тоон мэдээлэл хэлье. Өнгөрсөн онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн 29 албан тушаалтанд сахилгын шийтгэл оноосон. Гэмт хэргийн шинжтэй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 асуудлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж, одоо нарийвчлан шалгаж байгаа. Өнгөрсөн онд 4.7 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан.
-Өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 19 мянга гаруй хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан байсан. Илт зөрчилтэй 85 хүн байжээ. Илт зөрчилтэй тэр хүмүүсийг нийтийн албан тушаалд томилчихсон тохиолдол байдаг шүү дээ.
-Хуулиар албан тушаалтнууд гурван төрлийн мэдүүлэг АТГ-т гаргадаг. Нэг нь сая та бидний ярьсан ХАСХОМ. Хоёр дахь нь таны асууж байгаа ХАСУМ. Үүний гол үндэслэл нь нийтийн алба буюу төрийн алба нь цэвэр тунгалаг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүднээс нийтийн албанд томилогдохын өмнө гаргаж хянуулдаг мэдүүлэг юм. Энэ мэдүүлгээр тухайн албан үүргийг гүйцэтгэхэд хувийнх нь ашиг сонирхол, тухайн ажлыг хэрэгжүүлэхэд хүлээх үүрэг буюу нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, эсэхийг хянадаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн болон хамаарал бүхий этгээд, эсвэл бизнесийн ашиг сонирхол, томилогдох гэж байгаа хүн нь хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаж байгаа, эсэхийг хянадаг. Хянаад тухайн албан тушаалд томилогдоход зөрчил үүсэх, эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг юм. Манайхаас хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан нь тухайн хүнийг томилох, эсэхээ шийдвэрлэдэг.
Илт зөрчилтэй гэдгийн хувьд тухайн байгууллагын бүтцийн нэгжид гэр бүлийн болон хамаарал бүхий этгээд нь ажиллаж байгаа, нэг нэгэндээ шууд захирагдах ажил үүрэг хашихаар, эсвэл хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчихөөр байгаа, бизнесийн ашиг сонирхол нь нөлөөлөхөөр байгаа зэрэг буюу албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлөхөөр нөхцөл байдлыг хамруулж үздэг л дээ.
-ХАСУМ-ийг нь хянаад анхааруулдаг, буцаадаг юм байна. Ямар тохиолдолд анхааруулдаг вэ?
-Илт ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй ч тухайн салбарын хууль тогтоомжийг зөрчихөөр, томилогдох гэж байгаа ажлын байрны болон салбарын хуулийн шалгуурыг хангахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдалд анхааруулсан хариу өгдөг. Өмнө нь хянасан мэдүүлэг, эсвэл томилох эрх бүхий этгээдээс ирүүлээгүй, томилсны дараагаар хянуулахаар ирүүлсэн, хянуулах шаардлагагүй тохиолдолд ирүүлсэн зэрэг нөхцөлд мэдүүлгийг буцаадаг.
-Жил ирэх тутам программын шинэчлэл, сайжруулалт хийж байгаа юм байна. Сөрөг үзэгдэл буурч байгаа юу?
-Өмнө нь хэлсэнчлэн гурван төрлийн мэдүүлгээс хоёр төрлийн мэдүүлгийн талаар мэдээлэл өглөө. Энэ хоёрын хувьд иргэд, олон нийтийн хяналт, оролцоо зайлшгүй чухал юм. Гурав дахь нь мэдэгдэл, тайлбар гэсэн мэдүүлэг бий. Үүнийг хянахад тухайн төрийн байгууллага болон удирдах албан тушаалтны хяналт, оролцоо зайлшгүй чухал. Томилогдсоны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдолд албан тушаалтан нь мэдэгдэл, тайлбар гаргаж, тухайн үүргийг хэрэгжүүлэхээс татгалзах хуультай. Албан тушаалтан өөрөө сайн дураараа тухайн ажил үүргээс татгалзсан тохиолдолд байгууллагын удирдлагаас уг албан тушаалтнаар энэ ажлыг гүйцэтгүүлэх, эсэхийг шийдвэрлэдэг. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийг хуульд зааснаар байгууллага дотроо зохицуулж байгаа механизм. Өмнө нь цаасан хэлбэрээр авдаг байсан мэдэгдэл, тайлбарыг энэ жил цахимд шилжүүлсэн.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн тогтолцоо Монгол Улсад 1996 оноос нэвтэрсэн, ерөнхий байдлаар авч үзвэл энэ 30 жил, АТГ байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, хууль ёсны орлого гэж юу болох, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, мэдүүлгээ үнэн зөв гаргах, олон нийт хэрхэн түүнд нь хяналт тавьж, хариуцлага нэхэж болохыг харуулсан, ойлголт өгсөн хугацаа байлаа. Зарим нэг албан тушаалтныг эс тооцвол сахилга, хариуцлага нэмэгдэж, сөрөг үзэгдэл буурч байна.
Амьдрал баян учраас ашиг сонирхлын зөрчил хэдийд ч үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдал үүсвэл хуулиа сахиад мэдэгдэл, тайлбараа гаргаад уг ажил, үүргээс татгалздаг байгаарай гэж нийт албан тушаалтнуудад анхааруулж хэлье.