Түргэн хоолны сүлжээ газруудыг 07.00-03.00 цаг хүртэл, тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гаригт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан. Гэхдээ 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон заалт хэвээр хэрэгжихээр болсон. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд НМХГ, цагдаагийн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран өнгөрсөн сарын 25-нд шалгажээ. Уг шалгалтад “Юу Жи Си” ХХК-ийн “Метрополис”, “Бишрэлт гүн” компанийн “Бишрэлт гүн”, Чингис интернэшнл ХХК-ийн “Оакланд”, “Матрикс” ХХК- ийн “Face” зэрэг томоохон баар, цэнгээний газар 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрсэн байна. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” баарны тусгай зөвшөөрлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар хүчингүй болгосон. Энэ удаагийн шалгалтаар ч мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчин ажиллаж байжээ. Иймд холбогдох хууль, тогтоомж зөрчин ажилласан дээрх дөрвөн газрын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”- ийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2013 оны долдугаар сарын 29-ний А/129 тоот захирамжаар хүчингүй болгожээ.
Б.БЯМБА