
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоодын сонгуулийн хорооноос С.Баярцогтыг намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасаж байгаа талаар өнөөдөр хэвлэлд мэдэгдлээ.
Энэ талаар Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.Магнай хэлэхдээ "Бидний байгуулж байгаа нээлттэй нийгмийн хамгийн том дайсан бол авлига хээл хахууль юм. АН аль ч түвшний авлига хээл хахуультай эвлэрч байгаагүй, цаашид ч эвлэрэхгүй. Үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдвол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй шүүхийн хатуу шийтгэл авах ёстой гэж бид үзэж байна. Тус хэргийн үнэн бодит эсэхийг шалгахаар бид Швейцарийн холбооны улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа тус улстай хийсэн гэрээг нарийвчлан үзэх шаардлагатай. Энэ мэт бодитой авлига авсан этгээдийг намынхаа гишүүнчлэлээс хасаж, цэвэрлэгээ хийсээр байх болно. Мөн УИХ, Засгийн газар, АТГ-аас оффшорчдын хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхийг шаардаж байна " гэв.