
Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарийн Ерөнхий прокурорын газраас шалгаж, дансыг нь битүүмжилсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэнтэй холбоотойгоор тэрбээр өчигдөр тайлбар хийлээ. Ингэхдээ “Би баяртай байна” гэж хэдэнтээ онцолсон түүний мэдэгдэл, байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр “Надтай холбоотой яригдаж буй зүйлүүдэд Монгол Улсын хамгийн том төсөл болох “Оюутолгой”-г хамааруулж байгаа учраас тодорхой тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэн та бүхэнтэй уулзаж байна. Эргэлзээ маш их байгаа учраас бүгдэд нь хариу тайлбар өгөх ёстой. Мөн манай хууль, хүчний байгууллагууд эл асуудалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Миний бие АНУ-д оюутан болсон. Гэхдээ ийм асуудал үүссэн учраас суралцахаа хойшлуулж, уг хэргийг эцэслэн шийдвэрлэтэл эндээ байж, үнэн, мөнийг нь олох болно.
“Оюутолгой” бол 70-100 жил үргэлжлэх том төсөл. Олон тэрбумаар хэмжигдэх уг төслийг эхлүүлсэн хүмүүсийг авлига авсан, Монголд ашиггүй зүйл хийсэн учраас шалгах хэрэгтэй гэж олон жил ярьж байгаа.
Оюутолгойн ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлж эхлээд ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч дээрх яриа тасарсангүй. Гэвч би нэг зүйлд баяртай байна. АТГ, Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтран намайг шалгаж байгаа нь үнэн, мөнийг нэг талд гарган шийдэх сайхан боломж. Яагаад гэвэл манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Швейцарийн тал хамтран шалгаж буй тул эргэлзээг тайлна гэж бодож байна. “Оюутолгой”-н хэлэлцээг гардан удирдаж байсан намайг хардаж, муу, сайнаар ярих, төслийн хамтрагчтайгаа татвар гэх мэт янз бүрийн асуудлаар санал зөрөлдөх нь мэдээжийн хэрэг.

Гэхдээ хэлэлцээ хийж, уг төслийг хөдөлгөсөн хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ, чөмгөө дундартал зүтгэсэн. Сайн гэрээ болсон. Төгс төгөлдөр гэрээ гэж хаана ч байхгүй. Гэрээг сайжруулахын тулд байнга хэлэлцээ хийсээр буй. Би хэлэлцээг удирдсанаас хойш Монголын хүртэх үр өгөөжийг 2009 он гэхэд гурван тэрбум ам.доллароор өсгөсөн. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийснээр манай талын хүртэх үр өгөөж тэрбум гаруй ам.доллароор сайжирсан.
Мөн долоон жил тутам хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар талууд хэлэлцэх ёстой гэсэн заалт гэрээнд оруулсан. Хүүгийн хэмжээг эргэж харах хугацаа нь энэ он. Одоо Засгийн газар хүүгээ дахин бууруулах талаар хэлэлцээ хийж байгаа. Энэ мэт эдийн засгийн асуудлуудтай бид 70 жилийн турш нүүр тулж, үе үеийн Засгийн газар дамжин хэрэгжинэ.
Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай олон албан тушаал хашиж, хүнд, хэцүү шийдвэрүүд гаргаж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухаан, бизнесийн чадвар надад бий. Хувь хүнд их хэмжээний мөнгө хэрэггүй. Аз жаргалтай амьдрах гэдэг өөрийн хүсэл зоригоос хамаардаг зүйл. Гэхдээ “Хардах эрх хүн болгонд бий” гэдэг уриан дор улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах, эсвэл ийм том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг нь өөрчлөх гэсэн хүсэл сонирхол гадаадын улс орон, компаниудад үргэлж байдаг.
Бүгдээрээ бодох хэрэгтэй. Монгол Улс хоёр том хөрштэй. Бид үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолоо цэрэг, дайны аргаар баталгаажуулж чадахгүй. Орчин үед угаасаа ийм зүйл байхгүй. Тиймээс аливаа улс үндэсний эрх ашгаа эдийн засгийн аргаар буюу хөгжлөөрөө баталгаажуулж буй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 30:30:40 гэсэн зарчим байдаг. Энэ бол хоёр хөршөөс ирж буй хөрөнгө оруулалт, худалдааг тус бүр 30, гуравдагч хөршүүдийнхийг 40 хувьд барьж байж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эдийн засгийн аргаар баталгаажуулж чадна гэсэн үг.
“Оюутолгой” төсөл бол гуравдагч хөрш буюу Канад, Австрали, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр эл төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй. Бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс л татвараа төлж, маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна маш их хэмжээний нөү-хау, менежментийн туршлагыг Монголд авчирсан. Дэлхийд хоёрдугаарт бичигдэх том компани Монголд ажиллаж байгаа нь тэнд бизнес эрхэлж болох юм байна гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн. Шууд мөнгөн дүнгээр үнэлж боломгүй энэ мэт олон зүйл бий. Бид цөөхүүлээ. Хоёр том улсын дунд оршдог бид эвтэй байхдаа л хүчтэй. Эх оронч байгаа нь энэ гээд бусад улс руу дайрдаг байж болохгүй ээ. Эх оронч байна гэдэг нь бусад улстай найрсгаар зэрэгцэн оршиж, улс орноо хөгжүүлэх л хэрэг шүү дээ.
Би Монголын төрд 20 гаруй жил ажиллахдаа тендер, авлигын асуудалд урьд нь нэг ч удаа холбогдоогүй. Их залуу байсан учраас эмэгтэй хүнтэй холбож л бичигддэг байсан. Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулсны дараа л ийм асуудлууд яригдаж эхэлсэн. Улс төр, бизнес итгэл дээр суурилдаг. Энэ мэтээр олон жилийн турш хэлүүлээд байхаар намайг гэсэн хүмүүсийн итгэл алдарч байна. Би олон ажлыг нэр төр, улс төрийн карьераа дэнчин тавьж хийсэн. Дөрөв, таван Засгийн газар, гурван парламент дамжсан ч хэний ч зориглож хийж чадаагүй “Оюутолгой” төсөл, Төрийн ордны өмнөх бунхныг шилжүүлж, Чингисийн хөшөөг байрлуулсан зэргийг нэрлэж болно.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу гуайн шарилыг зөөж байхад миний хажууд нэг ч сайд, гишүүн байгаагүй. Ер нь улс төрийн карьераар эрсдэл хийж, итгэл үнэмшлээрээ энэ улсыг хөгжүүлэхийн төлөө хэн нэг нь золиос гаргаж байж улс хөгжинө. Түүнээс биш байнга сонгогчдод таалагдах гэвэл энэ улс хөгжихгүй ээ. Популист амлалт авч, хэрэгжүүлэх тусам Монголын хөгжил доройтно, хойшилно. Хэцүү, хүнд шийдвэрийг гаргах бол ний нуугүй хэлж, яриад хийх л ёстой.
“Reuters” бол дэлхийд нэр хүндтэй агентлаг. Олон нийт мэдээ, мэдээллийг нь үнэн гэж хүлээж авдаг тус агентлагийн тэр мэдээг би уншсан. Харамсалтай нь, маш субъектив дүгнэлттэй мэдээ байсан. Түүнийг эсэргүүцдэг улстөрчид нь ингэж үздэг юм билээ, Швейцарийн байгууллагууд ингэжээ гэх зэргээр баахан субъектив дүгнэлт хийсэн. Үүн дотор тодорхой хоёр үнэн байна. Тиймээс ялгаж, салгаж ярья. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад зургаан сар орчим хэвтэрт байсан. Тэр үед улс төрд байхгүй бол би юу хийх ёстой вэ гэж бодсон.
Миний хамгийн сайн чадах зүйл бол мэргэжлийнхээ дагуу хедж сан ажиллуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа хийж чадах юм байна гэж итгэсэн. 1996 онд Германд сургууль төгсөж ирэхдээ би 20 мянган дойч маркийн төсөлтэй ирсэн анхны монгол оюутан. 20 мянган дойч марк тэр үед бол их мөнгө. Ингээд 2001 онд Колумбын их сургуульд сурахдаа Дэлхийн банк, Японы Засгийн газраас 70 гаруй мянган ам.долларын тэтгэлэг авсан. Энэ мэтээр хийж байсан бизнес болон найз нарынхаа оролцоотойгоор, дээр нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл авч, 8.2 сая еврог тавдугаар сард нь Швейцарьт нээлгэсэн дансандаа хийсэн.
Харамсалтай нь, 2007, 2008 онд эдийн засгийн хямрал нүүрлэсэн учраас зээл өгсөн бизнесмэн мөнгөө эргүүлээд авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд бүх данс, компаниа хаахад дууссан. Одоо надад компани болон данс байхгүй. Харамсалтай нь, царцаасан гээд байгаа данс бол 10 жилийн өмнө надад тус болж, өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан монгол бизнесмэнийх. Монголын л мөнгө. Тийм учраас уг хэргийг эцэслэн шийдсэний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон.
Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулахаас жилийн өмнө сул гишүүн байхдаа хийсэн зүйлийг одоо хөндөж, “Оюутолгой”-той шууд уяж өгснөөрөө “Reuters”-ийн мэдээ маш учир дутагдалтай. Тэр мэдээ цацагдсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Рио тинто”-гийн хувьцааны ханш унаж байна. Энэ хэний ашиг сонирхол вэ гэдгийг бүгдээрээ бодох хэрэгтэй. Тиймээс энэ бүгдийг ялгаж салган ойлгох ёстой.
АН-ын хувьд гаргасан шийдвэр нь эмгэнэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдтэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим. Манай намын удирдлага ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намайг намаас хөөлөө. Надад Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын олон хүнийг сэхээтний төөрөгдөл, баруунтан, зүүнтэн гээд хэлмэгдүүлж байсан гашуун түүх санагдаж байна. Бид бүгдээрээ бодох хэрэгтэй. С.Баярцогтыг ингэж болдог юм байж. Энэ нь эцэстээ дарангуйлал болдог юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед хэлсэн үг байдаг шүү дээ.
“Еврейчүүдийг бариад явахад хэн ч дуугараагүй. Коммунистуудыг бариад явахад хэн ч дуугараагүй. Үйлдвэрчний эвлэлийнхнийг бариад явахад хэн ч дуугараагүй. Намайг бариад явахад дуугарах хүн байхгүй болчихсон байсан” гэдэг. Бид ардчилсан нийгэмд алдаж, онож явахдаа суурь зарчмаа хамгаалах ёстой. Ардчиллын үндсэн зарчим нь хүний эрх, хувийн өмч, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухай л ойлголт шүү дээ. Эдгээр эрхийг нь л хавчин боогоод эхэлбэл ардчилсан нийгмийн суурь ганхана. Өнгөрсөн 27 жилийн туршид бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй дээ гэж л харамсаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч дахин зургаан жилээр сонгогдлоо. Энэ хүн ирэх зургаан жилээ дуусгавал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд Оросыг тасралтгүй 24 жил удирдах нь. 24 жил нэгдсэн бодлоготой явна гэсэн үг. Урд хөршид арав, арван жилээр удирдлага нь солигддог. Сая Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж Ерөнхийлөгч солигддог байсан хугацааг хязгааргүй болгочихлоо. Бодлогын үргэлжлэл урт удаан байх нь. Хөгжлийн суурь нь ердөө л улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанартай байх явдал юм. Харамсалтай нь, манай Засгийн газар бүр өмнөхөө муулдаг, хийж байсныг нь зогсоогоод шал өөр зүйл эхлүүлдэг. Дөрвөн жил үнэхээр богино. Бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх боломж алга. Бид холоос бус, хоёр хөршөөсөө бодлогын залгамж чанарыг ямар удаан барьж, амжилт гаргаж байгааг харах ёстой. Ийм л маягаар хөгжлийг харахгүй бол хоёр улстөрч хоорондоо муудалцаад, энэ нь сайн, тэр нь муу гээд байвал бид ердөө л эмгэнэлтэй байдалд орж байгаа хэрэг.
Би та бүхэнд дэлгэрэнгүй олон зүйл ярьж болно. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хууль, хүчний байгууллагын шалгаж байгаа зүйл цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсэж байна. Үүний дараа та бүхэнд нээлттэй ярьж өгнө. Болсон бүх явдлыг аваад үзвэл, маш адал явдалтай уран сайхны кино хийж болохоор байгаа юм шүү. Олон улсын эрэн сурвалжлах байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар дээр очоод ярилцлага хийсэн над шиг хүн байхгүй. Авлигыг өөрийн нэрээр нээсэн дансаар авдаг, түүгээр орсон, гарсан бүх мөнгө нь ил байдаг юм уу. Тиймээс ч шилэн данс болгоё гэдэг зарчим барьдаг.
Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол тэрийгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүй явдал. Түүнийхээ төлөө хариуцлага хүлээгээд, УИХ-ын дэд даргаас огцорсон. Би хуульд зааснаас өндөр хариуцлагыг өөр дээрээ хүлээсэн. Үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодсон. Би Монголын улс төрд хамгийн залуудаа орж ирсэн. Маш олон залуу хүний итгэл үнэмшил, үлгэр дуурайл нь байсан. Тэр ч утгаараа олон хүний итгэлийг алдсан. Би энэ итгэлийг амьдралаараа сэргээнэ. Надад буруу байна гээд хариуцлага тулгавал би түүнийг нэр төртэй үүрнэ. Би Оюутолгойн ордыг ашиглах гэрээ зөв, авлигагүй, шударга болсныг та бүхэнд харуулна. Үүнийг Швейцарь, Монголын хүчний байгууллага харуулж чадна.
Монгол Улсын хөгжлийн асуудлууд, Үндсэн хуулийн өөрчлөлт, манай намд өрнөж буй үйл явц гээд олон зүйлийн талаар санал бодлоо илэрхийлэх боломж бий. Харин сая та нараас асуулт гарахгүй болтол нь тайлбарласан байх гэж бодож байна. Эргэлзээ үүссэн бол үүнийг надаас өөр тайлбарлах хүн байхгүй. Гарсан, орсон бүх мөнгийг Швейцарийн тэр банкны дансны тооцооноос өөрөөр харах боломж үгүй. Миний бие хууль, хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хардах эрхтэй гэж үзэж байгаа олон нийтийн байгууллага, хувь хүн, улстөрчдийг ч хүндэтгэж байна” гээд цөөн асуултад хариулсан юм.
-“Reuters” агентлагийн мэдээнд мөнгө угаасан байж болзошгүй гэж бичсэн. Тэнд дурдсан мөнгө нь таны сая дурдсан хүнээс зээлсэн мөнгийг хэлээд байна уу?
-Одоогоор мөнгө угаасан байж болзошгүй гэж үзээд царцаасан данс бол Монголын бизнесмэнийх. Яагаад гэвэл, тэр хүний данснаас минийх рүү мөнгө орж, 2009 онд эргээд гарсан. Нийт хэмжээ нь 8.2 сая евро. Одоогийн ханшаар ам.долларт шилжүүлэхээр 10 сая орчим гэж яриад байгаа юм. Энд нууцлах зүйл ер байхгүй. 2013 онд олон нийтэд ил болсон дансанд миний сая гаруй доллар байсан. Бусад нь зээл буюу жил хүрэхгүй хугацаанд эргээд гарчихсан мөнгө. 2009 онд манай эдийн засаг хямарсан. Тиймээс хедж санд хийх гэж байсан мөнгийг бүгдийг нь эргэж татсан. 2013 онд асуудал үүсэж, би ажлаа өгөөд тэдгээр дансыг бүгдийг нь хаасан.
-Та тэр хүнтэй ямар холбоотой юм бэ. Яагаад заавал таны дансаар шилжүүлсэн юм бэ?
-АТГ, Швейцарийн Ерөнхий прокурорын газар шалгаж байгаа учраас мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задалж болохгүй. Би тэр бизнесмэнтэй ямар ч холбоогүй. Тэр танихгүй хүн ерөөсөө биш. Монголын нэртэй бизнесмэн хүн бий. Колумбын их сургуульд сурч байхад манай ангид Америкийн хөрөнгийн биржид 300 сая ам.долларын сан ажиллуулдаг залуу байсан юм. Булш, бунхан нүүлгэснийхээ дараа хөлөө хугалж хэвтэрт байхдаа тийм бизнес хийж болох юм байна гэж л бодож тэр ажлыг эхлүүлснээ хэлээд байна шүү дээ.