УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эргүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэг, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батжаргал, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Я.Ариунболд, ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулга нарыг тус тус томилохыг зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Ерөнхийлөгчийн санал, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва нар асуулт тавьж, нэр дэвшигчид болон Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргалаас хариулт авсан юм. Түүнчлэн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Элчид сайд нар суугаа орондоо амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалж, туслахад голлон анхаарах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах, энэ талаар хэрхэн ажилласан, эсэхийг нь үнэлж дүгнэдэг байх зэрэг санал гаргаж байв. Мөн гадаад харилцааны тал дээр Монгол Улс нэг цонхны бодлоготой байх ёстой гэдгийг олон гишүүн тэмдэглэн хэлж байсан.
Хоёр орны худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх, эрчимтэй ажиллуулах, мөн Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг танилцуулж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, Япон улстай агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх талаар ажил хэрэгч яриа, хэлэлцээ өрнүүлэх, мэргэжилтэй, хариуцлагатай залуу боловсон хүчнийг суугаа орондоо бэлтгэх чиглэлд анхаарч дэмжин ажиллах, хөгжлийн тулгуур болох иж бүрэн судалгаа хийх шаардлагатай зэрэг саналыг гишүүд хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эргүүлэн татах санал хураахад Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эргүүлэн татахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 78.7 хувь нь дэмжив. Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураахад Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэгийг томилохыг 87.1, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Батжаргалыг томилохыг 90.2, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Я.Ариунболдыг томилохыг 90.3, ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Тулгыг томилохыг 83.6 хувь нь тус тус дэмжлээ. Иймд энэ тухай УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцож, саналын дүнг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
УИХ-ын дарга М.Энхболд “Хуралдааны явцад гишүүдээс тодорхой саналууд гарсныг дор бүрнээ анхаарч ажиллана гэж найдаж байна. Та бүхэн тухайн оронд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийг анхаарч ажиллах, тэр дундаа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын чиглэлээр тухайн оронтой гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлыг шийдвэрлэх нь гадаадад байгаа монголчуудын хувьд нэн чухал юм.
Хоёрдугаарт, суугаа орондоо Монгол Улсыг сурталчлах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Гуравдугаарт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр гишүүдээс гаргасан олон саналыг анхаарч, тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн болон аж үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах ямар бололцоо байна вэ гэдгийг судлах нь зүйтэй.
Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэхээр уул уурхайгаар хязгаарлахгүй, уламжлалт аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн эрэл хайгуул хийгээрэй. Монгол орны нөхцөлд, нийцсэн техник, технологи, инновацыг судалж, өөрийн оронд нэвтрүүлж, эдийн засгийн өгөөж гаргах чиглэлээр анхаарал тавьж, идэвхтэй, үр дүнтэй ажиллаарай” хэмээн санууллаа.
Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг төгссөн. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд 31 жил ажилласан туршлагатай.
Д.Батжаргал 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн. Тэргүүн шадар дипломат цолтой. Төрийн албанд 28, дипломат албанд 11 жил ажиллажээ.
Я.Ариунболд 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 2003 онд Япон улсын Кюүшү их сургууль, 2005 онд Компьютерын техник, менежментийн сургуулийг төгссөн. Тэргүүн шадар дипломат цолтой. Төрийн болон дипломат албанд 22 жил ажилласан.
Н.Тулга 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Монашийн их сургуулийг төгссөн. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой. Төрийн болон дипломатын албанд 29 жил ажиллаж байгаа аж.