Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Маршалын гүүрний баруун талд барьж буй барилгын ажилчид хоорондоо зодолдож, гурван хүн гэмтжээ. Хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг нэлээд нууцалж буй бололтой. Учир нь “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг үндсэрхэг үзэлт залуус хэргийг шалгах үйл ажиллагаанд саад учруулах, магадгүй тэнд ажиллаж буй гадаадын иргэдэд халдаж болзошгүй учраас нууцалж буй аж. Харин өөр нэг эх сурвалж “Зодоон болсон газар нь манай нэр нөлөө бүхий томоохон компани. Тэд цагдаагийн байгууллагад мэдээллийг нууцлаач гэсэн хүсэлт тавьсан” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр уг зодоон энэ сарын 7-ны үдэш, “Номин холдинг” компанийн бариулж буй барилгад болжээ. Тэд хийх ажлаасаа, хэрэглэх багажнаасаа болж муудалцсан гэнэ. Уг барилгад очиход хамгаалагчид нь хэн нэгэнтэй уулзуулахыг хүссэнгүй. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд зодоонд оролцсон хүмүүсээс мэдүүлэг авч байв. Цагдаагийн ажилтнуудтай уулзахад “Зодооныг хэн эхэлсэн, юунаас болж зодолдсон гэдгийг одоогоор хэлэх боломжгүй. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байна. Бичиг баримтыг нь хураан авч зохих байгууллагаар шалгуулна” гэлээ. ГИХАЭГ-ын эрх бүхий хүнээс энэ талаар лавлахад “Манайд одоогоор энэ талаар мэдээлэл ирээгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллага манайд хандаж мэдээлэл авах байх” гэв.
Энэ зодоонд Монгол Улсын болон БНАСАУ-ын харьяат 50 орчим хүн оролцжээ. Үүний улмаас манай улсын харьяат 19 настай эмэгтэй Д, 21 настай Ц нар гэмтсэн гэнэ. Мөн нэг солонгос хүн шархаджээ. ГССҮТ-ийн эмч нараас гэмтсэн хүмүүсийн биеийн байдлын талаар лавлахад “БНАСАУын харьяат иргэн хэвлийдээ шархтай ирснийг яаралтай мэс засал хийсэн. Биеийн байдал хүндхэн байгаа. Манай улсын харьяат залуу нуруу нугасандаа хүнд гэмтсэн. Биеийн байдал нь тааруу. Хөнгөн гэмтсэн нэг хүн өчигдөр орой эмнэлгээс гарсан” гэлээ. Хан-Уул дүүргийн прокурорын байгууллагад буй мэдээллээр энэ сарын 7-ны 18.50 цагийн үед зодоон болж байгаа тухай мэдээлэл цагдаад иржээ.
19 настай Д гэх эмэгтэй, 21 настай Ц болон БНАСАУ-ын иргэн 26 настай Ким Сон Гүг нарын хооронд маргаан болж улмаар харилцан зодолдсон гэнэ. Дугаар шилжих мөчид Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай холбогдоход “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, зодоон болсон газарт гэрч нараас тайлбар авахаар ажиллаж байна. Шалгалтын явцад БНАСАУ-ын иргэд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа, бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй нь тогтоогдсон. Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв.
Г.РАВЖАА