Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цахим орчинд бусдын нүцгэн зураг байршуулсан цагдааг 1.2 сая төгрөгөөр торголоо

Болд нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “...Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараасан аж.  Улмаар эл мэдээллийг  “Sanhuu ogno avna”, “Санхүү авна”, “Sanhuu avna ogno Санхүү авна өгнө”, “Өмнөговь Зарын Нэгдсэн Групп” зэрэг 20 гаруй группээр цааш нь дамжуулж, олон зуун хүн тухайн дугаар луу залгаж, постон дор сэтгэгдэл үлдээжээ.

Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Хохирогчид "Тухайн мэдээлэл байршуулснаас хойш таньдаг хүмүүс таарахдаа чиний зураг яагаад фэйсбүүк дээр байгаа юм бэ гэж асуудаг, ... дугаарын утсанд байнга залгаж зарын дагуу ярьж байна гэж хүндрэл учруулдаг, гэр бүлийн харилцаанд үл ойлголцол үүссэн, сэтгэл санаагаар хохирсон, миний нэр хүндэд халдсан. Миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд байршуулж намайг биеэ үнэлдэг мэтээр ойлголт төрүүлэх мэдээлэл байршуулсанд гомдолтой байна...” хэмээн мэдүүлжээ.

Болд нь эхнэр Болортой гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фейсбүүк орчинд Болор, түүний найз Гэрэл нарын гэрэл зургийг дээрх тайлбар, мэдээллийн хамт байршуулсан үйлдлийг шүүх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй...” гэж хуульчилсан ба Болд нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл (Илт худал мэдээлэл гэж огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг ойлгоно. Илт худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн буюу мэдээллийг цахим орчинд тараасан)-ийг олон нийтэд тараасан гэж үздэг. 

Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулахаар заасан.

Болд гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгожээ.

Болд нь 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа хууль сахиулахын ажилтан мэргэжилтэй, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эргүүлийн цагдаа, жолооч ажилтай нэгэн гэнэ.