Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюутнуудын дүнг нэмж, 700 мянган төгрөг авсан  багшид ял оноолоо                                                 

                                                  

Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж нийт 700.000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг улсын орлогын дансанд тушаажээ. 

Оюутнуудын өгсөн мэдүүлэгт “...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. 

Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна. 

Багш Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Эрдэнийг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Шийтгэх тогтоолын огноо, дугаар:  № 2022/ШЦТ/814

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон