Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүхбаатар аймагт Түр хамгаалах байр байгуулжээ

Сүхбаатар аймагт Түр хамгаалах байр байгуулж, орон нутгийн удирдлагуудад албан ёсоор хүлээлгэн өгчээ. Энэхүү үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд, Төслийн Удирдах хорооны дарга Б.Солонгоо, Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирлуудын газрын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцов.

Төслийн 367.8 сая төгрөгийн санхүүжилтээр өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилт хийж, орон нутагт хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагаа, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Сүхбаатар аймаг орон нутгийн төсвөөс Түр хамгаалах байрны үйл ажиллагааны зардалд 2022 онд 90 сая төгрөгийг төсөвлөж, 2022 оны 5 дугаар сараас хойш 24 хохирогч хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлснээс 10 нь хүүхэд байна.

Тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн тоо сүүлийн 3 жилд өссөн үзүүлэлттэй байгаад бөгөөд цаашид тус байранд Зүүн бүсийн бэлгийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаашид Сэлэнгэ, Увс аймаг, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр байгуулах ажил бөгөөд өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргээс бусад 4 газарт барилгын өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилтын  ажил бүрэн дуусч, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна.