Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн эмч нарын марш тактик эхэллээ

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж буй “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022” буухиа тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны өдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд боллоо.

Тэмцээний нээлтийн ёслолд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од нарын удирдах албан тушаалтнууд, тэмцээнд оролцож буй баг, тамирчид, шүүгчдийн бүрэлдэхүүн оролцов.

Хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, аливаа цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилготойгоор явагдаж буй уг тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 16 багийн 96 алба хаагч мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.