Дархан-Уул аймагт өнгөрсөн өвөл иргэн Ж гэх эмэгтэй олон нохойд ноцуулж, биеийнх нь бүх хэсэг шархадсан хэрэг гарсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангийн Аврах бүлгийн эмч Д.Энхсайхан Ж-г олон нохой ноцож байхыг хараад түүнд тусалж, амь насыг нь аварсан байна. Цагдаагийн байгууллагаас хохирогчийг урсан нохойн эздийг тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан” гэсэн үндэслэлээр Б.Дамдинсүрэн, Ц.Бадарч, Ч.Оюун, Ч.Олонтөгс, Б.Бадрал, Б.Сүрэнжав нарт яллах дүгнэлт үйлдэж, тус аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцжээ.
2011 оны нэгдүгээр сарын 17. Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн иргэн Ж 22.00 цагийн үед эмийн сангаас эм авахаар гэрээсээ гарчээ. Улмаар гэрийнх нь ойролцоо байх Авто оношлогооны төвийн дэргэдэх жалгаар гарах гэж байтал олон нохой дайрч, түүний нуруу, нүүр гээд биеийн бүхий л хэсгээс нь хазсан байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын албаны ажилтан Д.Энхсайхан тухайн үед салхилж яваад олон нохой нэгнийгээ барьж байна уу гэмээр дуу сонсчээ. Гэтэл эмэгтэй хүний “Амь авраарай” гэсэн бүдэг дуу сонсогдсон байна. Байдал бишдэж байгааг гадарласан Д.Энхсайхан ажил руугаа эргэж ороод шалны мод авч нохой хуцаад байсан газарт очиход нэгэн эмэгтэй бүх бие нь цус болж, дээшээ хараад хэвтэж байжээ. Тэрбээр яаралтай тусламж дуудаж, эмнэлэгт хүргүүлсэн байна. Хохирогчийг тухайн үед охин нь тосохоор “Онон” гэх эмийн санд хүрсэн боловч ээжтэйгээ тааралдсангүй.
Гэртээ ирээд удаагүй байтал утас нь дуугарч “Ж-ын охин мөн үү. Ээж чинь нохойд уруулж, эмнэлэгт хүргүүлж ирсэн. 60-70 оёдол тавиулаад байна” гэжээ. Нохдын золиос болж, хамгийн их хохирсон нь иргэн Ж. Дээрх ноход түүнээс гадна өөр хэд хэдэн хүн рүү дайрч, гэмтээсэн байх юм. Энэ талаар гэрч Л.Түвшинбаяр “2011 оны нэгдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 01.00 цагийн үед “Дэвшил”-ийн гудамжинд байдаг хадмындаа Цагаан сарын бэлтгэл хийчихээд эхнэр Хашхүүгийн хамт гарсан. Хадмын хажуу айлын ТҮЦ-нээс тамхи авахаар цонхыг нь тогшсон. Тэгэхэд эхнэр рүү маань 2-3 нохой гэнэт дайрч урсан. Эхнэр маань доошоо суугаад толгойгоо бариад орилсон. Би барьж явсан бүтээлгээрээ нохдыг цохиж холдуулсан. Шар нохой, улаан хүзүүвчтэй хар нохой, шар өнгөтэй нохой, жингэр харагдаж байсан. Тэр гудамжинд дулааны шугам тавьсанаас хойш ноход тэнд хэвтдэг болсон. Би хааяа ТҮЦ-нээс тамхи авахаар очиход дэрсэн дээр хэвтэж байдаг.
Тэр нохойнуудын дунд Дамдинсүрэнгийн шар нохой, Бадарчийн жингэр байсан” гэжээ. Гэрч М.Гансүх “Он сарыг нь сайн санахгүй байна. ТҮЦнээс тамхи аваад эргэтэл ижилхэн хоёр шар нохой гэнэт над руу дайрч нэг нь миний шилбэнээс зуусан“ гэсэн бол гэрч В.Пүрэвжав “Дамдинсүрэнгийн хоёр нохой хүн рүү дайрдаг, чулуудсан ч буцдаггүй” гэж мэдүүлжээ. Хохирогч болон гэрчүү- дээр нохойг таниулж, Ж-ын хувцаснаас олдсон нохойн үс зэргийг харьцуулан шинж лээд иргэн Б.Дамдинсүрэн, Ц.Бадарч, Ч.Оюун, Ч.Олонтөгс, Б.Бадрал, Б.Сүрэнжав нарын нохой түүнийг барьсныг тогтоосон байна. Хохирогч Ж шүүх хурлаас өмнө Ч.Олонтөгс, Б.Бадрал, Б.Сүрэнжав нартай эвлэрч, тэд ч хохирогчид эмчилгээний зардлыг нь өгчээ. Харин шүүгдэгч Б.Дамдинсүрэн, Ц.Бадарч, Ч.Оюун нар нохой нь хүн урсан гэдэгтэй санал нийлэхг үй байгаа аж.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Дамдинсүрэн “Онцгой байдлын газар болон манай гэрийн хооронд Ж нохойд хазуулсан. Тэнд золбин нохой олон байдаг. Манай нохой байгаагүй, байх үндэслэл ч байхгүй. Нэг нь гэртээ, нөгөө нь амбаарт байдаг юм. Манай нохойны үснээс 2-3 удаа сорьц авч шинжилсэн ч тохироогүй. Тухайн хэрэг гарах үед манай нохой гэртээ байсан. Харин Ж болон цагдаагийн дэслэгч Бадамсүрэн нар нь манай нохой байсан гэж гүжирдэж байгаад харамсаж байна. Би Ж-д 50 мянган төгрөг өгч, буруугүй гэдгээ ойлгуулахыг хичээсэн боловч илүү мөнгө авах гэж надаас 140 мянган төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөөгүй” гэжээ. Харин Ц.Бадарч “Надад нохой байхгүй, байсан нохой минь алуулсан. Хашаан дотор ирчихсэн байсан жингэрт би хоол өгдөггүй байсан” гэсэн бол Ч.Оюун “Манайд нохой байхгүй. Улаан хүзүүвчтэй, хар нохой байсан ч хэрэг болохоос өмнө үхчихсэн” гэв.
Дархан сумын VIII багийн Засаг дарга Ш.Энхтэгш “Манай багийн иргэн Ж нохойд уруулсан талаарх мэдээллийг маргааш өглөө нь мэдсэн. Хэн хэний, ямар зүсмийн нохой байсныг Ж-аас асуухад улаан хүзүүвчтэй хар нохой, Дамдинсүрэнгийн хоёр шар нохой, Бадарчийн нохой, Сүрэнжавын арын, хашаагүй айлын нохой байсан гэж надад хэлсэн” гэжээ. Мөн гэрч Г.Ганбат “Дэвшлийн гудамжинд 7-8 нохой хүн барьсан байна. Тэр нохдыг устгаад ир гэсний дагуу Багийн Засаг дарга Энхтэгш, нохой баригч ажилтай Б.Удаах бадрах нарын хамт очсон. Дэвшлийн 3-124 тоот айл нь дэлгүүртэй байсан. Энэ айлын шар нохой хашааны гадна байж байхад нь устгасан. Гэтэл гэрийн эзэн гэх нэг эрэгтэй гарч ирээд нохой буудлаа гэж уурласан. Тэр нохойг устгасны дараа дахин нэг шар нохой гарч ирсэн” гэсэн байна.
Дархан-Уул аймгийн Сум дундын шүүх уг хэргийг хэлэлцээд Б.Дамдинсүрэн, Ц.Бадарч, Ч.Оюун нарыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ж-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Б.Дамдинсүрэнд 648 мянга, Ц.Бадарч, Ч.Оюун нарт тус бүр 540 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин шүүгдэгч Б.Дамдинс үрэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дараачийн шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг нь хэвээр үлдээжээ.