Бордогийн /Франц/ Их сургуулийн эрдэмтэд 430,000 жилийн настай Кроманьон /орчин үеийн хүний эртний төлөөлөл / эрийн шарилыг Европын түүхэнд гарсан хүн амины хэргийн анхны хохирогчийнх болохыг тогтоожээ. Судалгааг шинжлэх ухааны “The Journal of Human Evolution” сэтгүүлд нийтлэсэн байна.
Эртний хүмүүсийн ястай Кро-Маньон агуйг өнгөрсөн зуунд Францын баруун өмнөд нутгаас олжээ. Тэндээс дөрвөн насанд хүрсэн хүн, дөрвөн хүүхдийн шарил, мөн духны хэсэгтээ гэмтэлтэй гавлын яс олдсон байна. Энэхүү гэмтэл нь олон арван жилийн турш эрдэмтдийн дунд маргаан дагуусан байдаг. Судлаачид уг гэмтэл нь үхлийн шалтгаан мөн эсэх талаар санал зөрөлдсөөр өнөөг хүрчээ.
Энэхүү маргааныг компьютер томографийн тусламжтайгаар бүтээсэн эртний хүний толгойг 3D дүрсээр сэргээн засварласанаар шийджээ. Эрдэмтэд эртний хүний гавлын ясны гэмтлийг ижил гэмтлийн улмаас нас барсан бусад тохиолдлуудтай харьцуулж үзээд Кроманьон эр хүчтэй цохилтын дараа амьд үлдсэн ч менингитээр нас барсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар аллагын хохирогч агуйд нуугдах гэж оролдсон боловч халдлага үйлдэгчид түүнийг гүйцэн толгой руу нь чулуун сүхээр цохижээ.
Хэрэв эл хувилбар зөв бол энэ нь Европт хүчирхийллийн улмаас үхэлд хүргэсэн анхны нотолгоо юм.