Асрахуйн эдийн засаг нь гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асран халамжлах төлбөртэй болон төлбөргүй хөдөлмөрийг хамруулсан өргөн ойлголт билээ. Дэлхий нийтийн хөдөлмөрийн тэн хагас нь ямар нэгэн хэлбэрийн халамж, асаргаатай холбоотойг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2018 оны судалгаанд дурджээ. Асрахуйн эдийн засгийн талаар судалж, зардлыг тооцон, үнэлгээ тогтоохоор ажиллаж буй МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
АСРАХУЙ НЬ УУЛ УУРХАЙН ДАРАА ОРОХУЙЦ ТОМООХОН САЛБАР
- “Монгол Улсын асрахуйн салбарыг макро эдийн засгийн загварт оруулах нь” төслийг танай тэнхимийн хамт олон 2021 оноос хэрэгжүүлж байгаа. Судалгааны үр дүн гарч эхэлсэн үү?
-Канадын Шинжлэх ухааны академиас зарласан асрахуйн эдийн засгийг судлах, үнэлгээ тогтоох судалгааны төсөлд шалгарсан найман орны нэг нь Монгол Улс. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийнхэн уг төсөлд оролцож, шалгарснаар “Монгол Улсын асрахуйн салбарыг макро эдийн засгийн загварт оруулах нь” судалгааг 2021 оны зургаадугаар сард эхлүүлсэн. “Ковид-19” цар тахал дэлхий дахинд дэгдсэн цагаас асрах ажил, асрахуйн эдийн засаг ямар чухлыг бүх нийтээрээ ойлгож мэдэрсэн шүү дээ. Судалгааны ажил маань 2027 онд дуусна.
Төслийг эхлүүлэх үед асрахуйн эдийн засгийн талаарх ойлголт Монгол Улсад байгаагүй. Гэхдээ хүн бүр асрах ажил хийдэг. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшид, хот, хөдөө ялгаагүй бүх хүн хүүхдээ, настай ээж, аавыгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ харж хандаж, асарч байгаа. Хамаатан садан, найз нөхдөө эмнэлэгт эргэх нь хүртэл асрах ажил шүү дээ. Харагддаггүй, үнэлэгддэггүй, хэмжигддэггүй энэ эдийн засаг Монгол Улсад ямархуу түвшинд байгааг бид эхлээд судалсан юм. Өөрөөр хэлбэл, манай улсад цалин хөлстэй, эсвэл цалин хөлсгүй салбарт асрах үйлчилгээг хэн гүйцэтгэж, хэдий хэмжээниймөнгө эргэлдэж байгаа болон Засгийн газрын оролцоо юу юм гэдгийг эхний нэг жилд судалсан гэсэн үг. Дараагийн жил нь цалин хөлсгүй асрахуйн эдийн засгийн салбар нь хэдий хэмжээтэй болохыг тооцов. Энгийнээр хэлэхэд, мөнгөтэй, мөнгөгүй салбарын тухай л ойлголт.
Судалгааны үр дүнд цалин хөлсгүй асрахуйн эдийн засгийн энэ салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 15.3 орчим хувьтай тэнцэж байгааг хэмжиж чадсан. Үүнийг эдийн засагчид, бодлого хэрэгжүүлэгчид, УИХ, Засгийн газарт Гэрбүл, хөдөлмөр, нийгмийнхамгааллыняамдтанилцуулж, тайлбарлаж өгсөн. Тэд ч нааштай хүлээж авлаа. Асрахуй нь уул уурхайн дараа орохуйц томоохон салбар юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад цалин хөлсгүй асрах ажил нь 2019 онд ДНБ-ий 15.3 хувийг эзэлж байгаа нь ДНБ-ий 25.3 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын дараа хоёрдугаарт орж байна. Иймд цалингүй халамжийн ажлыг “бодит сектор” гэж хүлээн зөвшөөрч, үнэлэх нь үндэсний нягтлан бодох бүртгэлийн систем, “зохистой” мөнгө, төсвийн бодлогод чухал ач холбогдолтой.
Харин гурав дахь жилдээ бид цалин хөлстэй буюу хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй нэгнээ асрахад улсын төсвөөс олгодог тэтгэмж болон төрийн, төрийн бус өмчийн асрамж, халамжийн төвүүдийн үйлчилгээнд зарцуулж буй төсөв мөнгийг тооцож үзлээ. Тухайлбал, улсын төсвөөс санхүүждэг, Батсүмбэр дэх ахмадын асрамж, гурван ихрийн цэцэрлэг төдийгүй хувийн цөөнгүй аж ахуйн нэгж цалин хөлстэйгөөр асрахуйн үйлчилгээ үзүүлж байгаа. Ийм салбар хэдэн хувийг эзэлж байна, хэн, ямар үүрэгтэй оролцож байгааг судалсан. Тодруулбал, цалин хөлстэй асрахуйн үйлчилгээ үзүүлж буй салбарт ДНБ-ий 10.8 хувьтай тэнцэхээр их мөнгө зарцуулж байна.
-Ган, зуд зэрэг цаг агаарын хүнд нөхцөлд малчдын хүүхэд, хөгшид орхигдож байгаа талаар судалсан гэв үү?
-2023-2024 онд манай улсад зуд болсон. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын хүнд үед хөдөөгийн малчид, алслагдсан сум, багийн айлууд цалин хөлсгүй асрахуйн ажлыг гүйцэтгэхэд ямар бэрхшээл тулгарч буйг бид дөрөв дэх жилийнхээ судалгаанд онцолсон юм. Өөрөөр хэлбэл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, хорт хавдартай нэгнээ болон нялх балчир хүүхдээ яаж асардаг юм, ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг нь судаллаа. Ингэхэд эмнэлгийн тусламж яаралтай шаардлагатай, унаж татдаг өвчтэй, өндөр настантай, зудад нэрвэгдсэн малчин өрхийн замыг гаргаагүй үл дээсэн байсан. Төвдөө хамгийн ойр айлын цасыг ухаж, зам гаргасан байх жишээтэй. Гэтэл эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс хүний амь эрсэдвэл яах вэ. Энэ болгонд төр засгаас зохистой шийдвэр гаргаж, дэд бүтцийг нь шийдэх зэргээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй.
Мөн хүүхдүүд манай улс төдийгүй дэлхий нийтэд цалин хөлсгүй, асрах ажил хийдэг маш том ажиллах хүч болжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг цаг ашиглалтын түүвэр судалгааны 2019 оны дата мэдээллийг ашиглаж, 12-17 насны хүүхдүүд цалин хөлсгүй асрах ажлыг ямар хэмжээнд хийж буйг хэмжижүзлээ. Охид болон хөвгүүд тус тусдаа ямар ажил хийж байгаа, энэ нь тэдний сурч боловсроход хэрхэн нөлөөлж буйг судалсан юм. Хөвгүүдтэй харьцуулахад охид 1.9 дахин их цагийг цалин хөлсгүй асрах ажилд зарцуулж байна.
Бид сүүлийн жилүүдэд асрахуйн эдийн засгийн салбарыг макро эдийн засгийн салбарт оруулах талаар судалж байна. Тодруулбал, барилга, үйлчилгээ, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайтай зэрэгцүүлж, үнэлэгдэхгүй байгаа энэ салбарыг оруулбал манай макро эдийн засгийн тэнцэл ямар байх вэ гэдгийг тогтооно. Мөн мөнгөний хэмжээ, ажиллах хүч, ДНБ яг хэдий хэмжээтэй болж, хэдэн төгрөгийн нэмүү өртгийг Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд, Засгийн газар нийлж үйлдвэрлэж буйг хэмждэг том загвар гаргахаар ажиллаж байна.
-Ажил хийхийн тулд насанд хүрээгүй ах, эгчид нь дүү нарыг үлдээгээд явдаг тохиолдол манай улсад нийтлэг. Энэ нь хүүхдүүдийг цалин хөлсгүй асрахуйн ажил руу татан оруулж буй хэлбэр байх.
-Ээжүүдийн дараа буюуцалин хөлсгүй асрах ажил хийж буй томоохон ажиллах хүч нь хүүхдүүд болсныг судалгааны явцад тогтоосон. Үүнд Засгийн газраас анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Тухайлбал, асрахуйн ажил нь хүүхдүүдийн сурлагад сөргөөр нөлөөлж байвалЗасгийн газар, боловсролын салбарынхан хариу арга хэмжээ авах нэн шаардлагатай юм. Эцэг, эхчүүд цаг наргүй ажиллаж, үр хүүхдүүдээ орхигдуулж байна. 12 настай, айлын том хүүхэд гурван дүүгээ харах жишээтэй. Аав, ээж нь өглөө гараад л орой гэртээ харина. Хичээлээ тараад дүү нараа авах, хоол ундаа бэлдэх, гэрээ цэвэрлэх гэх мэт олон ажлыг хүүхдүүд нугалж байдаг.
Асрахуйн эдийн засаг гэдэг маш том салбар. Энэ салбаргүйгээр ямар ч улс урагшлахгүй. Тухайлбал, бидний мэддэг хүчирхэг улс болох АНУ, БНХАУ-ыг хүртэл энэ салбаргүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс асрахуйнэдийнзасгийгзохицуулах, дэмжих таван аргыг олон улсын судлаачид тогтоосон байдаг.
-Эдгээр аргуудаас манайд аль нь тохирох бол?
-Хамгийн эхэнд ийм том салбарыг үнэлэхгүй, хэмжихгүй байгааг эрх баригчид болон олон нийтэд таниулж, мэдрүүлэх, хэмжих ажлыг манай тэнхимийнхэн хийж байна. Хоёрдугаарт, хүүхдээ харж буй ээжүүд, тэтгэвэрт гарсан ч ач, зээгээ цэцэрлэг, сургуульд нь зөөхөөс эхлээд асран халамжилж буй эмээ, өвөө нарыг цалинтай ажиллах хүчний эргэлтэд оруулах нь чухал. Мөн хувийн хэвшил болон төрийн байгууллагынхан асрах ажлыг хамтарч хийх боломжийг судалж байна. Гуравдугаарт, дэд бүтцийг хөгжүүлж, асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.
ЗАЛУУ ЭЭЖҮҮДИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ОРУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ ӨСНӨ
-Хөдөлмөрийн буюу 18-55 насны хоёр эмэгтэй тутмын нэг нь ажил эрхэлдэг гэх судалгаа бий. Хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг цалинтай болгох ямар арга байна вэ?
-Ажиллах насны хоёр эмэгтэйн нэг нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нь эдийн засгийн хувьд маш их хохиролтой. Хөдөлмөрийн насны хоёр эмэгтэй тутмын нэг нь гэртээ хүүхдээ харж байна гэсэн үг. Агаарын бохирдол, хотын стресс, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, өвчлөл зэргээс хамаарч залуу ээжүүд ажиллах боломжгүй, цалинтай хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, өндөр боловсролтой, залуу ээжүүдийг хөдөлмөрийн зах зээлд оруулснаар манай улсын эдийн засаг өснө. Гэтэл хүүхдийг нь харах хүн байдаггүй. Мөн настай аав, ээж болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүнийг нь хэн харах вэ гэдэгт асуудал үүсдэг. Үүнд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, тэдэнд боломж олгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, асрахуйн ажлыг хувийн хэвшлийнхэн хийж гүйцэтгэнэ гэсэн үг. Харин Засгийн газар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, дэд бүтцийг нь шийдэх ёстой. Ингэснээр хувийн хэвшлийнхэн мэргэшиж, кластер үүсгэх юм. Жишээ нь, хувийн байгууллагынхныг тэргэнцэр, нуруу цоо рохоос сэргийлэх гудас, ор, живх зэрэг асрахуйд шаардлагатай бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд бодлогоор дэмжих гэх мэт.
-Халамж хавтгайрлаа гэж иргэд шүүмжилдэг. Асрахуйн ажилд зарцуулж буй төсвийг халамжаас ялгаж ойлгох хэрэгтэй санагддаг. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Төсвөөс зарцуулж буй хөрөнгийн хэд нь асрахуйд, хэчнээн нь хүүхдийн мөнгөнд “урсаж” байгааг тодорхойлох нь зүйтэй. Асрахуйн үйлчилгээ урт хугацаанд авах ёстой, зайлшгүй шаардлагатай хүний тоо хэдэн хувиар өсөхөөр байна, үүнд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулахыг тооцож, прогноз хийх нь маш чухал. Өөрөөр хэлбэл, төр засаг асрахуйн эдийн засагт ямар бодлого баримталбал улсад болон иргэндсанхүүгийн дарамтгүй байхыг тодорхой тооцох хэрэгтэй юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 14.7 мянгад хүрчээ. Мөн 2050 онд таван хүн тутмын нэг нь ахмад настан байх тооцооллыг гаргасан. Тэгэхээр асрах төвүүд ирээдүйд хамгийн эрэлттэй болох нь. Ийм асрах үйлчилгээг хөгжүүлэх эдийн засгийн боломж манай улсад бий юү?
-Өндөр настай хүний тоо хурдацтай өсөж байгаа. Энэ хүмүүсийг хэн асрах вэ, ямар зардал гарах вэ гэдэг нь тулгамдсан асуудлын нэг болсон. Иймд тэр зардлыг хэн төлөх вэ гэдгийг одооноос судалж, хэмжиж, шийдэх боломж, хувилбаруудыг гаргах хэрэгтэй байна. Тухайлбал, настай хүнийг гэрт нь хүүхдүүд нь харах, эсвэл өдрийн үйлчилгээ үзүүлдэг газруудад хандаж, асаргааны үйлчилгээ авах, зарим тохиолдолд урт хугацаанд төрийн болон хувийн байгууллагынхнаар асруулах зэрэг олон хувилбар бий. Асрахуйн үйлчилгээний эрэлт их болсон. Үүнийг дагаад олон төрлийн төлбөртэй үйлчилгээнүүд гарч эхэлсэн байна. Тэгэхээр манай эдийн засагт ийм боломж бий.
-Сүүлийн үед ахмадууд хоорондоо ярьж хөөрч, тоглож, цагийг зугаатай өнгөрүүлэх орчин бүхий асаргааны төвүүдийг илүүд үзэх болжээ. Гэтэл манай улсад энэ төрлийн үйлчилгээ ховор, мэргэжилтэн дутагдалтай байна.
-Тийм ээ. Ажиллах хүч ихээхэн дутагдалтай байгаа нь үнэн. Тиймээс энэ чиглэлд хүнээ бэлдэж, дунд, богино хугацааны сургалтын чанартай хөтөлбөр, дадлагын газруудтай болмоорбайна. Япон, ӨмнөдСолонгос зэрэг орны туршлагыг сайн судалж, хамтран ажиллавал цаг алдахгүй. Эдгээр улсын асаргааны ёс зүйн хэм хэмжээг мэдэж, нутагшуулах нь зүйтэй.
Ахмадуудыг нийгэмд идэвхтэй байлгахын тулд найз нөхөдтэйгөө хамтран суралцах, тоглох, бүжиглэх, дасгал хийх боломжтой төвүүдийг ажиллуулж эхлэх хэрэгтэй. Тухайлбал, Дархан-Уул аймагт ЗДТГ-ын санхүүжилтээр ажилладаг ахмадын хөгжлийн төв бий. Тус төв нь ахмадуудад зориулсан сургалт хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан, сумд амьдарч байгаа асаргаа шаардлагатай ч төвд ирж чаддаггүйнастай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд унаагаар үйлчилдэг юм билээ. Ийм хүртээмжтэй, төлөвлөлт сайтай газрууд дутагдаж байна. Цаашид энэ салбарт ажиллах хүч ихээхэн хомсдох тул хиймэл оюуныг ашиглах нь зүйтэй.
Сонирхуулахад, төсөлд шалгарсан найман улсаас Монголын багийнхан хамгийн сайн үнэлгээ авсан. Дээрх төсөлд Ази, Африк, Өмнөд Америкаас тус бүр хоёр, Европ, Хойд Америкаас тус бүр нэг улс шалгарсан юм. Манай улсын тухайд судалгаагаа хийхийн зэрэгцээ бодлого боловсруулагч, эрх баригчдад ажлаа сайн тайлбарлаж ойлгуулсны үндсэн дээр төр засгаас нь бодлогын шийдвэр гаргахаар ажиллаж байна хэмээн үнэлэгдсэн. Тухайлбал, манай улс анх удаа асрахуйн эдийн засгийн талаар бие даасан хуультай болох гэж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Баясгаланг энд онцлох ньзүйтэйбайх. Судлаачдын багт нь миний бие оролцож байгаа.