Таеквондогийн олон улсын шүүгч Н.Гэрэлмаагийн энэ спортод гаргасан амжилтыг тоочвол сонины нэг нүүр багадана. Тэрбээр тамирчнаас шүүгч болох замналаа 2012 оноос эхлүүлжээ. Тэр жил Тажикстаны Душанбе хотод болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь ийм бодол төрүүлсэн гэдэг. Үүнээс дөрвөн жилийн дараа (2016 он) Казахстаны Алматыд зохион байгуулсан Олон улсын таеквондогийн тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд тэрбээр Монголын шигшээ багийг ахлан оролцож гурван алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар 17 орноос IV байрт жагссчээ. Тус тэмцээний дараа Болгарын Пловдив хотод 2019 онд болсон ДАШТ-д хувийн тулааны төрөлд түрүүлж, дэлхийн аваргаар анх удаа шалгаран “Шилдэг тамирчин”-ы шагнал хүртсэн юм. Түүнчлэн тус тэмцээнд хатуу бие хугалах, түль буюу тоот дасгал хийх төрөлд тус бүр дэд байр эзэлсэн нь урам өгч, хурцалжээ. Аргентинд 2022 онд болсон “Дэлхийн цом”-ын анхдугаар наадамд шүүгчээр ажиллахын зэрэгцээ тамирчнаар оролцож тэргүүлсэн бол Казахстаны Астана хотод 2023, энэ удаа Итали улсад зохион байгуулсан ДАШТ-ийг дэнсэлсэн билээ
-Жесоло хотод ес хоног өрнөсөн тулаан хэр сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болов. Та тэндээс ямар бодол тээж ирэв гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Тус хот зөвхөн надад бус Монголын баг тамирчдад сайхан бодол төрүүлсэн. Манай тулаанчдын ур чадвар өмнөхөөсөө илүү сайжирсныг дэлхийн дэвжээнээс харлаа. Залуу үеийнхэн хүч түрэн цахиур хагалж, шилдгүүдтэй эн зэ¬рэгцэх хэмжээнд хүрсэн нь үнэхээр бахархалтай санагдсан.
-Тэмцээн болох газрын уур амьсгал онгоцны буудлаас буунгуут мэдрэгддэг гэдэг дээ. Та өмнө нь тус хотод очиж байв уу. Цаг агаар, орчин нөхцөл, иргэдийнх амьдралын хэв маяг хэр таалагдсан бэ. Тэнд анх хөл тавихад танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Үүнээс өмнө 2016 онд Итали улсын өөр хотод ДАШТ болсон юм. Энэ удаа бидний очсон Жесоло хот аялал жуучлалын чиглэлээр дагнаж хөгжүүлсэн, Газар дундын тэнгисийн ха¬жууд оршдог сайхан газар байна билээ. Аялал жуулчлалын сар нь дуусаад буудал үйлчил¬гээнүүд нь хаасан байв. 1200 тамирчин, 100 гаруй шүүгч, дас-галжуулагч, хөгжөөн дэмжигчид нам гүмхэн байсан хотыг дуутай шуутай болгож, амь оруулсан шүү. Тэр үед таеквондогийн гэр бүл үнэхээр том, бас олуулаа юм аа гэж бид хоорондоо ярьж инээлдэж байлаа.
-Казакстаны Астана хотод болсон өмнөх тэмцээнээс энэ удаагийнх юугаараа онцлог болов. Тэмцээний үеэр олон улсын шүүгчдийн зөвлөлдөж ярилцсан зүйл юу байсан бол?
-Тэмцээн бүр зохион байгуулж буй газраасаа шалтгаалаад өөр уур амьсгалтай байдаг. Гэхдээ нэг л зүйл адилхан. Бусад орны зочдыг халуун дотно, найрсгаар угтан авч, таатай дурсамж үлдээнэ гэдэг сайхан. Улс бүрийн шилдгүүд цугласан газар өрсөлдөгч гэхээсээ илүү бие биедээ амжилт хүсээд найзууд болдог доо.
-Энэ удаа тэмцээний дүрэм болон заалтад өөрчлөлт оров уу. Шүүгчид тэмцээн дэнслэхдээ хамгийн их анхаарал хандуулсан зүйл нь юу байв?
-Тэмцээний дүрэмд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Шүүгчдийн гол зорилго бол тэмцээнийг үнэн, шударга шүүж, шилдгүүдийг тодруулах гэдгийг дахин сануулж, тангараг уншдаг.
-Та тэмцээн дэнслэхийн зэрэгцээ өөрөө ч бас тулааны дэвжээнд өрсөлддөг. Энэ удаа тулалдах боломж гарав уу?
-Шүүгч ДАШТ-д тамирчин болж тулаанд оролцдоггүй хатуу дүрэмтэй. Тиймээс аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон. Олон тамирчин өрсөлдсөн болохоор бусдынхаа амжилтыг дэмжиж, шүүгчээр оролцохоо илүүд үзсэн.
-Дэвжээнд таны өрсөлдөгч болоод тулалдаж явсан гадаадын тамирчдаас олон улсын шүүгч болж өөртэй чинь хамт мөр зэрэгцэн тэмцээн дэнсэлдэг шүүгч хэр олон байдаг вэ?
-Надтай нэг жинд өрсөлддөг байсан таеквондочид одоо ч тамирчны карьераа үргэлжлүүлж байгаа. Сая бас таарахдаа мэндэлж, тэврэлдээд л уулзлаа. Харин нэг үеийн тамирчдаас шүүгчээр ажиллаж байгаа хүн цөөнгүй бий. Нэгнээ олон жилийн өмнөөс мэддэг болохоор илүү дотно харилцдаг юм. Хошигнож хэлбэл “Нөгөө Бумаа та хоёр хэзээ эгч дүү болов” гэдэг шиг.

-Монголын тамирчид ирэх онд хаана болох олон улс, тивийн тэмцээнд оролцох вэ?
-Манай улсын тамирчдад болон энэ спортоор хүүхдээ хичээллүүлдэг эцэг, эхчүүдэд 2026, 2027 он их ээлтэй жил болно. Учир нь Монголд Азийн АШТ-ийг ирэх жил, ДАШТ-ийг өмнөд хөршид 2027 онд зохион байгуулах юм. Нэг талаар зардал мөнгө хэмнэсэн, нөгөө талаар олон тамирчин ур чадвараа сорьж, тив, дэлхийн аварга цолтон болох нь гэж баярлаж байгаа шүү.
-ДАШТ-ээс ирээд л ажилдаа ханцуй шамлав уу. Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж, дотоод, гадаадын тэмцээн шүүхээр хилийн дээс алхах хааяа амаргүй санагддаг байх. Спортынхон хийж, хэрэгжүүлэх зүйлээ өдөр, сар, улирлаар нь төлөвлөдөг юм билээ. Та ч бас төлөвлөдөг байлгүй.
-Ажил, амьдрал, хийхээр зорьсон зүйлүүдээ төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг болоод цөөнгүй жилийг үдлээ. Зорилго, төлөвлөгөөгөө тодорхой болгох амар байдаг. Малгай тавиад манайх гэдэг шиг очсон орныхоо онцлог нь тохируулаад зохицож сурчээ. Миний хувьд нөхрийнхөө бизнест тусалж, хааяа хамт тэмцээнд явдаг юм.
-Шүүгчид спортын талбарт өрнөж буй шинэ зүйлтэй байнга хөл нийлүүлж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Сүүлийн үед энэ спортын хөгжилд хувь нэмрээ оруулахаар бодож, төлөвлөж, бас судалж буй гол зүйлээсээ сонирхуулаач.
-Маш их зүйл бодогдож, хийхийг хүсдэг. Заримыг нь хийсээр л явна. Монголын эмэгтэй анхны олон улсын шүүгч гэдгээр танигдаж, дэлхийн дэвжээнд тамирчдын тулааныг дэнсэлж байлаа. Түүнчлэн Монголд анх удаа шүүгчдээ цалинтай болгож, дэвжээний анхны эмэгтэй шүүгчээр ажилласан гэх мэтчилэн 32 жилийн хугацаанд олон шинэ зүйл санаачилж, зоригтойгоор эхлүүлсэн байдаг юм.
-Тамирчдын хувь заяа, карьер, спортын замналаа үргэлжлүүлэх, эсэх нь шүүгчийн шүүлтээс их хамаардаг шиг санагддаг. Та ажилдаа үүрэг, хариуцлагатай хандахын тулд юуг зарчмаа болгож, баримталж ирсэн бэ?
-Үнэн шүү. Шүүгчийн шийдвэр маш чухал. Миний баримталдаг зарчим бол үнэн, шударга шүүх. Энэ зарчмаа ч чанд баримталж ирсэн. “Дэлхийн цом”-ын болон ДАШТ-ий багийн тулааныг нэг дэвжээнд тоглуулдаг. Багийн тулааныг шүүхдээ алдаа гаргаж байгаагүй. Үүгээрээ олон улсын шүүгчдэд, мөн дэлхийн үзэгчдэд үнэлэгддэг болов уу.
-Тухайн улсын тамирчид тэмцээнд олон улсын шүүгчтэй оролцоно гэдэг амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж ярьдаг. Өөрийн улсын шүүгч тэмцээнийг дэнсэлж буй гэдэг утгаар сэтгэл тайван, бардам оролцдог байх гэсэн бодол төрлөө.
-Спортод бичигдээгүй хууль бий. Олон улсын шүүгчгүй орны тамирчид тэмцээнд ялагдах магадлал их гэж ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Манай тамирчид 2017 онд болсон ДАШТ-д намайг олон улсын шүүгчээр анх ажиллахад Монголын минь шүүгч байгаа гэж бодохоор л сэтгэл тайван, өөдрөг байсан гээд ярьж билээ. Олон улсын шүүгчтэй орны тамирчдыг илт дарж чаддаггүй. Одоо бол Монголын баг бүр хүчтэй өрсөлдөгч болсон шүү дээ.

-Монголын тамирчид тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж харагдсан. Та нутгийнхаа тулаанчдын тэмцээнийг шүүв үү. Тэднээс хэнийх нь тулаан хамгийн сонирхолтой, бас амаргүй санагдав?
-Тухайн орны тамирчныг гарахаар шүүгчээ сольдог дүрэмтэй. Гэхдээ л шүүгч нь хараад сууж байхад тамирчид маань өөртөө итгэлтэй, бардам байдаг. Манайхан ДАШТ-д сайн тулалдсан. Тэр дундаа 34-44 насны ангиллын эмэгтэйчүүд авьяас, ур чадвараас гадна бэлтгэл сургуулилалт хэрхэн базааснаа харуулж үнэхээр мундаг өрсөлдлөө. Миний ойролцоох дэвжээнд тоглосон болохоор харснаа хэлж байгаа юм шүү. Бусад шүүгч нар ч “Монголчууд маш сайн тулалдаж байна” гээд магтаж байв. Цагдаагийн байгууллагын албан хаагч Г.Амаржаргал хэмээх залуу сайн тулалдаж, алтан медаль авч байх агшныг хараад амжсан.
-Та Олон улсын таеквондогийн Монголын холбооны (ITF) Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр удаа сонгогдож ажилласан. Хойшид өөрийн залгамж халааг үргэлжлүүлэх зорилгоор олон улсын шүүгч бэлдэж байна уу?
Залгамж халаагаа бэлдэж байгаа. Эхний ээлжинд хорхойг нь хөдөлгөх.(инээв) Залуу шүүгчдэд өөрийн мэдэх, чадах зүйлээсээ зааж, мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцдаг. Цаг нь болохоор ямар ч төрлөөр шүүдэг чадварлаг шүүгч нараа хамт авч явдаг болно.
-Одоо хоёулаа энгийн зүйл ярилцъя. Та очсон улс бүрээсээ юуг нь түрүүлж олж харахыг хичээдэг вэ. Танд ямар орон хамгийн сайхан дурсамж үлдээв?
-Очсон орныхоо онцлог, давуу тал болон хоол, хооллох соёлыг нь их сонирхдог. Беларусь улс одоо ч сайхан санагддаг. Сэтгэл уужраад, тайван болдог. Ер нь бүх улс, үндэстэн өөрийн онцлогтой. Сайхныг нь харвал сайхан, мууг нь харвал муухай гэдэг үг байдаг даа. Тиймээс сайн талыг нь түрүүлж харахыг хичээдэг. Италийн Венец хотыг өмнө нь аяллын нэвтрүүлгээр хараад ямар гоё, сонирхолтой газар вэ, очиж үзэх сэн гэж бодож байв. Гэтэл нөгөө хүсэж, мөрөөдсөн газартаа хөл тавиад гайхалтайг нь мэдэрсэн. Тэр үед би энэ газарт ингээд ирчихлээ гэж үү гээд өөрөөсөө асууж билээ.
-Хүүхдүүдээс тань таеквондогийн тамирчин төрөв үү. Спорт тухайн хүүхдийг аав, ээжээс нь илүү зөв хүмүүжүүлж, төлөвшүүлдэг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Манай гурван хүүхэд спортоор хичээллэдэг. Ууган хүү хичээл ихтэй тул түр завсарласан. Дунд, бага хүү минь УАШТ-ээс алт, мөнгө, Буриадад болсон тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
-Охид, бүсгүйчүүд тулааны спортод хөл тавихдаа гэрийнхнээсээ нууцаар хичээллэж, эсвэл таагүй хүлээж авах эсэргүүцэлтэй тулгардаг юм билээ. Та ч үүнийг даван туулаад ард нь гарсан уу?
-Тийм ээ, би ч бас даван туулсан. Гэхдээ ээж минь болиулах гэхээсээ илүү шинэ зүйл болохоор жаахан айсан байх. Өөрөө эхэлж оруулсан хүн дараа нь гаргах гээд чадаагүй ээ.
-Үзэгчид бокс, таеквондо, байлдааны самбогийн эмэгтэй тамирчдаас “Нөхөр тань яадаг вэ, тулаанаар дуртай хичээллүүлж, тууштай бэлтгэл хийлгэдэг үү” хэмээн их асуудаг гэсэн. Танаас ч мөн асуудаг биз?
-Нөхөр бид хоёр оюутан байхын нэг ангийн хос. Таеквондогийн шигшээ багийн тамирчин байхад минь надтай гэрлэсэн хүн шүү дээ. Замдаа бас болиулах гэж үзсэн. Танил хүмүүс нь “Зодоонч эхнэртэй хүн зодуулдаг уу” гэж их асуудаг гэсэн. Манай нөхөр хөгжилтэй, наргианч зантай болохоор “Би бүр буланд гараа өргөөд зогсож бай¬даг шүү дээ” гэж цаашлуулдаг юм. Одоо бол ингэж асуудаг хүн ховор.
-Та амьдрал дээр хэр сайн ээж, эзэгтэй вэ. Спортын талбар тууштай байхыг шаарддаг ч бүхнийг зохицуулдаг болсон байх.
-Надаас илүү гэрийнхэн минь үнэн хэлэх байх даа.

-Хүмүүс гэр бүлээрээ зун аялах дуртай болсон. Та хаагуур аялж, зуны улирлыг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэв?
-Гэр бүлээрээ гадаад, дотоодгүй аялах дуртай. Жилдээ нэг удаа аялал хийж байя гэж ярилцсан цагаасаа алгасалгүй аяллаа.
-Та чөлөөт цагаараа хэрхэн алжаалаа тайлж, юу хийх дуртай вэ. Хамгийн сүүлд ямар ном уншив, ямар үзвэр үзэв, найзуудтайгаа уулзаж, ямар сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэв?
-Би найзуудтайгаа ярьж хөөрч, инээлдэх дуртай. Ажлын алжаалыг гүйж тайлдаг. Ээжийн минь найз “Чиний охин таеквондогийн тамирчин юм байгаа биз. Гүйдэг нь ч бас юу вэ” гэсэн гэдэг. Миний уулздаг хүмүүсийн олонх нь тамирчид болсон байна билээ. Тэдэнтэйгээ уулзахаараа таеквондо, тулаан, тэмцээн ярина шүү дээ.
-Шүүгчийн хувь тамирчдадаа захиж, зөвлөж хэлдэг зүйл тань юу вэ?
-“Тамирчин хүн бэлтгэл дээр давтдаг зүйлээ л тэмцээнд оролцохдоо ч хийдэг тул сургуулилалтдаа анхаарал илүү хандуул. Гадаад үзэмж чухал учраас хаана ч очсон биеэ зөв, сайхан авч яваарай” гэж зөвлөдөг.