Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын 126 гишүүнээс 80 нь анх удаа сонгогдоод буй. Хэдийгээр уг парламент бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч танигдаагүй, “сураггүй” гишүүн олон хэвээр байна. Ийм хүмүүсийн нэг нь Х.Жангабыл. Үндэстний цөөнхүүд амьдардаг, тэдний төлөөллийг хангах ёстой хэмээн онцолж, 2024 оны сонгуулиар Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгосон юм. МАН-аас өрсөлдсөн дээрх гишүүн 54.4 хувийн санал авч, тойргоосоо нэгээр сонгогджээ. Тэгэхээр Баян-Өлгийдөө бол танигдсан нэгэн байх нь. УИХ-ын албан ёсны цахим хуудас дахь түүний намтар маш богино. Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг дүүргэсэн, ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. 1995 оноос хойш “Рысжан” ХХК-ийн ерөнхий захирал, 2023 онд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж буй нэгэн. Ингээд л болно. Тогт¬вор суурьшилтай, хэт буурь суурьтай нэгэн бололтой юм. Ийш тийш үсчсэнгүй, олон бизнес ч эрхэлсэнгүй.
“Рысжан” ХХК нь ОХУ болон Казахстанаас нефтийн бүтээгдэхүүн импортолдог компани аж. Аймгийнхаа нефть, шатахууны бизнесийг “атгадаг”. Мөн баруун болон төвийн бүсийн зарим аймагт нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг юм байна. Нэг ийм чимээгүй бизнесмен яагаад улс төрд ороод ирэв гэдэг нь сонин. Түүний улс төрийн замнал ч бас богинохон. 2022 онд МАН-д элссэн, 2023 оноос эрчим хүчний салбарын сайдын зөвлөхөөр түр зуур ажилласан. 100 гаруй жилийн түүхтэй намд элссэн даруйдаа л аймагтаа нэр дэвших “виз” авч чадсан гэдэг нь анхаарал татна. Аймагтаа шатахууны бизнест олон жил монопол эрхтэй яваа хүний хэтэвч нэлээд зузаарсан ч биз, намынхаа санхүүжилтэд нэмэр хандив өргөсөн ч биз. Ямартай ч салбарын сайд Б.Чойжилсүрэнгийн “ивээл”-д багтаж чадсан юм байна. УИХ-ын сонгуульд нэр дэвших гэхээр улс төрийн ямар ч замналгүй, хэтэрхий “хоосон” намтартай байгаад байдаг. Ингээд сайдын зөвлөхийн албан тушаал хашиж, намтартаа нэг мөр нэмжээ. Энэ хоёр гишүүн тоолбол нас чацуу юм билээ. Б.Чойжилсүрэн улс төрд ямархуу нэр хүндтэй хүн билээ. Яаж энэ олон сонгуулиар гишүүн, сайдын өндөр сэнтийгээс буулгүй явж чадав гээд бодвол түүний “удирдсан” замаар улс төрд хөл тавьсан хүнд ч итгэл төрөх хэцүү.
Х.Жангабыл гишүүний хамаатны дүү Х.Бекболат ЭХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг юм байна. Тэрбээр тус яаманд мэргэжилтнээс нь эхлэн ажилласан гэнэ. Мөн “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” зэрэг ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга хийдэг аж. Түүнийг ийнхүү эрчим хүчний салбарын ТӨХК-иудын ТУЗ-ийн даргаар сэлгэн ажиллаж, “сул” цалин авдаг, овсгоотой нэгэн болох тухай нэгэн сайтад бичжээ. Хамаатных нь “сэргэлэн” дүүтэй холбож хардахгүй юм бол Х.Жангабылд одоогоор нэр холбогдсон “но” алга. Тэгэхээр эрхэм гишүүн салбартаа удаан ажиллаж буй дүүгээрээ дамжуулан Б.Чойжилсүрэн сайдтай зам холбосон бололтой юм. Ямартай ч нэг ийм сураггүй, Баян-Өлгийдөө бол нефть бүтээгдэхүүний “магнат” гишүүнтэй болжээ, манай УИХ.
МАН-ынхан хоёр хуваагдан талцаж буй энэ үед тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэж санал өгсөн байна лээ. Огцруулахгүйг дэмжихгүй гэсэн санал өгсөн 40 гишүүний нэг гэсэн үг.
Үзэл бодлоо төдийлөн илэрхийлдэггүй атлаа улс төрийн халуун үйл явдлын үеэр гэнэт “хэлд орж”, нам, бүлэглэлээ хамгаалан тэмцдэг гишүүд энэ УИХ-д хэд хэд байна. МАН-ын талцлын үеэр цөөнгүй шинэ гишүүнийг олон нийт таньдаг болсон нь нууц биш. Тэдэн шиг эвгүй хэлд орохгүй ч чимээгүй товч¬ луур дарах үүргээ гүйцэтгээд сууж буй гишүүд ч байгаа. Гэхдээ үүнээс гадна УИХ-ын гишүүн улс оронд биш гэхэд аймаг, бүс нутагтаа тулгамдаж буй асуудлаар хууль, тогтоол санаач¬ лах эрхтэй. Нийт ард түмний эрх ашгийг төлөөлөн ажиллах үүрэгтэй. Тиймээс “ажиглагч” хийж явсаар бүрэн эрхээ дуусгалгүй, үлдсэн хугацаандаа хааяа ч болов ажлаа тайлагнаж, сураг чимээтэй байвал ямар вэ, Х.Жангабыл гишүүн ээ.