Хэнтий аймгаас парламентад сонгогдсон, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг нутгийнхан нь андахгүй. Тэрбээр 1981 онд Хэнтий аймагт төрж, өсөж, 1998 онд Өндөрхааны “Хэрлэн” нэгдүгээр 10 жилийн дунд сургууль дүүргээд, багш мэргэжил эзэмшсэнийхээ дараа орон нутагтаа очиж ажилласан байна. Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн хэмээн намтартаа өгүүлжээ. Аймгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас нь ажилласаар 2021 онд нөхөн сонгуулиар УИХ-д сонгогдсон юм. Төрийн албанд ажилласан туршлага гэвэл 2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, 2020-2021 онд Хэнтий аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байжээ. Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг хэмнэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ авснаар “Хэнтий орон сууц” төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг бий болгож, хэрэгжүүлж ч чадсан. Өдгөө Хэнтий аймгийн төрийн байгууллагын ажилтнууд тэр орон сууцад амьдарч буй. Мөн Хэрлэн сумын Засаг даргаар ажиллахдаа иргэдэд нийтийн тээврээр үйлчилж эхэлсэнд өдгөө хүүхэд, хөгшидгүй ам сайтай байдаг юм билээ.
Засаг даргаас ордонд орж ирсэн цөөнгүй гишүүний нэг болох Ц.Идэрбатын хувьд 2021 оны УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, олонхийн санал авснаар ялалт байгуулсан. Дээрх тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор УИХ дахь суудал нь эзэнгүйдсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа захирамж гарган, Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн Засаг даргаар томилсон бөгөөд өдгөө УИХ-д түүнийг орлож буй гэхэд хэтийдсэн болохгүй. Тэрбээр дахин 2024 оны УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшиж, хүчээ үзсэн юм. Иргэдийн саналын тоогоор Ерөнхий сайд асан Л.ОюунЭрдэнэ, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ард бичигдэн, гишүүнээр үргэлжлүүлэн ажиллаж буй.
Тэрбээр 2021 онд АТГ-т өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 22 сая, гэр бүлийнх нь 40 сая төгрөг гэжээ. Мөн 266 саяар үнэлэгдэх орон сууц, барилгатай, 15 саяын хадгаламжтай, 104 сая төгрөгийн зээлтэй гэсэн байна. Үүнээс гурван жилийн дараа буюу 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн жилийн орлого 104.7, гэр бүлийнх нь 136.8 сая төгрөг гэжээ. Түүнчлэн 774 саяар үнэлэгдэх орон сууц, барилга, байгууламжтай, 24 саяын үнэ бүхий автомашинтай, хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй гэж дурдсан байна. Энэ хугацаанд гишүүний өөрийн орлого 4-5 дахин өсжээ. “УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхэд Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээс хасагдсан” хэмээн тус сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа мэдэгдэж байсан удаатай. Гэвч тус сангийн зээлтэй холбоотой хэл ам их байсан учраас Ц.Идэрбат Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсан хүүхдийнхээ төлбөрийг тус сангаар төлүүлэхээс татгалзсан юм билээ.
УИХ-ын гишүүнээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй түүнийг малд “хайртай” гэхэд буруудахгүй. Тэрбээр мал, малчид, тэтгэврийн зээл, хүүхдийн эрхийн асуудал гээд амьдралд ойр зүйл ярьж явдаг нэгэн. Тухайлбал, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, өнгөрсөн баасан гаргийн чуулганаар эцэслэн батлуулсан. Ингэснээр малын хорогдол зургаан хувьд хүрч байж даатгалын нөхөн төлбөр авдаг байдлыг дөрвөн хувь болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Ч.Туяа