Монголын уулын спортынхноос О.Золбоохүү дэлхийн 8000-тай ноён 14 оргилын найм дахь нь болох Манаслуд (8163 метр) амжилттай бараалхсан гурав дахь уулчин. Тэрбээр эл оргилд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд амжилттай авирсан билээ. Үүнээс өмнө Гималайн нурууны хамгийн өндөр оргил далайн түвшнээс дээш 8848 метрт орших Эверестэд 2023 онд гарсан түүхтэй.
-Дэлхийн 8000-тай оргилуудаас та хоёрт нь амжилттай авирлаа. Манаслуд бараалхахын тулд нэлээд судалгаа хийж, зорьсон байх.
-Миний хувьд энэ жил 8000 метрээс дээш өндөртэй оргилуудаас долоо дахь нь болох Даулагири (д.т.д 8167), найм дахь Манаслуд (8163 метр) авирах зорилгоор бэлтгэлээ сайтар базаасан. Непалд өнгөрсөн есдүгээр сарын 8-нд буухад залуус нь Засгийн газраа огцруулах эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаж угтав. Хаашаа л харна энд тэндгүй барилга байшин, автомашин шатаж, яг л дайны талбарт ирсэн мэт санагдаж байлаа. Агаарын ямар ч нислэг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зочид буудалд 15 хүртэл байрлаж, хөдөлгөөн намжихыг хүлээсэн. Манаслу уулын кэмп 4800 метрийн өндөрт байрладаг. Тэнд 15-нд очиж, маргааш нь 5600 метр дэх I, цаашлаад 6400 метрт байрлах II кэмп хүртэл өндөрт дасан зохицох бэлтгэл хийсэн. 8000 метрээс дээш орших оргилд 10 хоногт ийм бэлтгэл хийж, авираад бууж ирнэ гэдэг маш хүнд сорилт. Уг нь үндсэн кэмпэд есдүгээр сарын 5-нд очиж, дор хаяж 20 хоног өндрийн бэлтгэл хийх ёстой байсан юм. Гэсэн ч есдүгээр сарын 25-нд өглөө үүрээр гурван цаг өнгөрч байхад Манаслуд амжилттай бараалхсан.
-Даулагири руу хэрхэн авирахаар төлөвлөв. Манаслугаас буугаад л шууд “дайрахаар” шийдэв үү?
-Есдүгээр сарын 26-нд Манаслу уулын үндсэн отогт бууж ирээд, маргааш нь Катманду хотод очиж, хоёр хоног амарсан. Аравдугаар сарын 1-нд төлөвлөсөн ёсоор Даулагири оргилын кэмпийг зорив. Маргааш өглөө нь үүрээр гурван цагт авирах байсан боловч урд шөнө нь маш их цас орсон тул хойшилсон. Бусад компанийн уулчид авиралтаа цуцалж, Катманду руу буцаж байлаа. Гурав хоногийн дараа “8К” компаниас ойрын 10 хоногт цонх гарахгүй гэсэн мэдээлэл өгөв. Надтай хамт явсан Сингапур, Австралийн хоёр уулчин дэлхийн 14 оргилд авирах зорилготой. Бид цонх гарахыг хүлээж тав хоносон. Сураг сонсоход биднийг ирэхийн өмнөх шөнө цасан нуранги болж, I, II кэмпийн майхан болон хүчилтөрөгчийн баллон нурангид дарагдсан байв. Тэгээд ч ээж минь өндөр настай. Тэр үеэр бие нь хямарч, надтай холбогдохдоо “Хүү минь хурдан ирээрэй” гэж ярьсан болохоор энэ удаа авирахаа хойшлуулж, эх орон руугаа буцсан. Хэрвээ тус оргилд авирсан бол зорилгоо 100 хувь биелүүлэх байв. Даулагири ууланд цасан нуранги хамгийн их болдог. Хувь хүнээс шалтгаалахгүйгээр аюул, осол гарах эрсдэл ихтэй байдгаараа бусад оргилоос ялгаатай.
-Таныг Эверестэд гарсан болохоор Манаслуд авирах уулчдын багийг ахлуулсан гэдэг. Амаргүй даалгавар авсан тэр үед ямар бодол төрөв?
-Өмнө Эверестэд амжилттай авирсан болохоор өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулсан. Тиймээс “8K” компанийн захирал Манаслуд бараалхах олон улсын уулчдын багийг ахлуулахаар болсон байх. Түүнээс намайг яагаад сонгосныг асуухад “Монголчууд өвөл цас орж, хэрхэн хүйтэрдгийг мэддэг. Хаана ч очсон дасан зохицох чадвартай, хатуужил тэсвэртэй болохоор таныг сонгосон юм” гэж хөөрөгдөн инээж байлаа. Хамт авирсан уулчдаас Бразилын хөл бөмбөгчин, Ираны дэлхийн аварга бөх Манаслуд бараалхаагүй үлдсэн. Хэдийгээр хүч бяртай байлаа ч оргилд авирах бэлтгэл сайн хийгээгүй бол ямар ч хүн өндрийн өөрчлөлтөөс болж гарч чаддаггүйг уул харуулж байна. 8000тай оргилд авирахын тулд маш ухаалаг бэлтгэл хийж, цөмрөхгүй байх нь чухал. Тиймээс фитнесийн хүчнийхээс гадна маск, шатны уулын бэлтгэлийг хослуулж хийх нь зөв юм.
-Оргилд авирсан хүн өмнөхөөсөө өөр болсон шиг санагддаг. Үнэнтэй нүүр тулж, үхэлтэй тэмцэн, өөрийгөө ялахыг уул хамгийн их ойлгуулдаг биз?
-Оргилд авирах нь өөрийгөө таних бясалгал юм. Гэхдээ туулах зам нь тун амаргүй. Хүмүүс надаасууландавирахдаа айдагуугэжасуудаг.Би айдастай хамт авирдаг. Болгоомж, сэрэмжтэй авирч байж эрүүл, эсэн мэнд бууж ирнэ. Уулчид айдаггүй гэж хэлэх, том, жижиг ч бай ууланд ам гарахыг цээрлэдэг. Олсонд үхэл, амьдрал зэрэг өрнөдөг. Алдаа гаргавал анхных бөгөөд эцсийнх ч байж мэднэ. Ууланд чиний өнгөрсөн бүхэн, ямар ажил, мэдлэг, боловсролтой байх нь хамаагүй. Тэнд зөвхөн чиний тэсвэр тэвчээрийг туйлд нь хүртэл шалгадаг. Өөрийгөө ялан дийлэхээс гадна уулын сүр хүч, гайхамшгийг мэдрэхдээ үхэлтэй, үнэнтэй нүүр тулж, амьд явахын үнэ цэнийг илүү ухаардаг юм. Хүн төсөөлөөгүй, тооцоолоогүй хэцүүг ууланд туулахдаа балга ус ямар амттай байдгийг мэдэрдэг. Уулчин хүн оргилоос доошлохдоо өөр нэг хүнтэй, гэхдээ тэр нь өмнөхөөсөө улам даруу болж, аливааг арай өөрөөр харж бууж ирэх нь чухал.
-Уулчдын оргилоос хамгийн их мэдэрдэг зүйл яг юу бол гэсэн сониуч бодол өөрийн эрхгүй төрөөд байна л даа.
-Орчлон хорвоогийн бүх зүйл шүтэн барилдлагатай оршдогийг мэдэрсэн. Бардам зан минь улам даруу болж, би гэх үзлээс татгалзан, бид гэх бодлыг эрхэмлэдэг энгийн нэгэн боллоо. Хүмүүст оргилд авирснаа гайхуулахаас илүү зөв зүйлд уриалах нь зүйтэй. Манаслуд авирахад миний хөтчөөр Дава Онжү шерпа явсан. Түүний хувьд 8000 метрээс дээш өндөртэй оргилд гарсан 45 дахь удаагийн авиралт нь байв. Тэрбээр энэ тухайгаа хэнд ч гайхуулж ярьдаггүй, даруу зантай. Уулчин хүн бүхнийг нарийн тооцоолж, төлөвлөх ёстой. Би олсонд хүн ша вахаас өмнө өглөө эрт авирдаг. Энэ нь миний сайных бус. Намайг залж, чиглүүлж яваа хөт чийн ухаан, туршлага юм.
-Шерпа нарын туршлагатайг тэдний оргилд туулсан зам, эсвэл амьдралын мөн чанарыг ойлгосон ухаан, өөрийгөө таньж мэдсэн он жилүүдийн хичээл зүтгэлийн алинаас нь мэдэх боломжтой вэ?
-Шерпа хүнийг нэг үгээр тодорхойлбол хамтдаа оргилд авиръя, эс чадваас хамтдаа үхье хэмээн зориглодог хамгийн шилдэг дайчид юм. Манаслу ууланд Дава Онжү шерпа хамт гарсан. Намайг Даулагири оргилд авирвал Пасдава шерпа хөтөч хийхээр төлөвлөж байв. Өмнө нь надтай хамт Эверестэд авирсан тэрбээр Монголд сар шинийн баярын үеэр ирэх бодолтой байгаа.
-Өндөр уулстай нутагт төрж, өссөн хүний сэтгэл оргил руу тэмүүлдэг гэж хүмүүс ярьдаг. Та Сутай хайрханд бараалхсанаас хойш дэлхийн ноён оргилуудад авирах хүслээ биелүүлэв үү?
-Говь-Алтай аймгийн Тонхил сум аав, ээжийн минь гал голомтоо бадраасан нутаг. Аав минь 1925, ээж 1935 онд төрсөн. Аавынхаа 100, ээжийнхээ 90 насны ойд зориулж би хоёр оргилд бараалхахаар зорьсон юм. Хүн эцэг, эхийнхээ ачийг санаж, талархаж явбал үйлс нь бүтдэг гэж боддог. Би сайн яваагаа Сутай хайрхан минь түшиж, ивээсний ач гэж боддог. Тиймдээ ч зориод очиход тосож угтах аав, ээжийнхээ адил хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хобби минь намайг олон талаар өөрчилж байна. Дасгал хөдөлгөөнөөр эрүүлжиж, өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн алхам минь намайг байгальтай нөхөрлүүлж, сүрлэг уулсад татагдах хүсэл, сонирхлыг нээж өгсөн. Уул удам, хүний мөс, мөн чанарыг үнэнээр нь таниулдаг. Оргил миний мэлмийг нээж, ухааныг тэлсэн өөр нэг өвөрмөц ертөнц байв.
-Сүүлийн үед шинжлэх ухаанд квант физикийн тухай өгүүлдэг болсон. Уул уулчнаа хүлээж, ямар нэгэн энергиэр холбогддог гэх яриа олны дунд бий. Энэ хэр үнэний ортой үг бол?
-Би айлын отгон хүү. Ээж минь намайг эрхлүүлж өсгөсөн ч зөв хүмүүжүүлсэн. Улаанбаатар хотод төрж, өссөн ч Сутай хайрхантай ямар нэгэн энергиэр холбогддог. Хүүхэд байхдаа нагац ах Б.Даваасэдийнд зун амрахаар очихдоо Сутай хайрхныг хараад сүрддэг байлаа. Тэр үед хайрханд хүн авирсан гэж дуулдах юм. Хаагуур нь ямар замаар гардаг юм бол гэж сонирхдог байв. Би залуудаа ажилдаа хэт анхаарал хандуулдаг, амьдралын буруу хэвшилтэй байсан. Эрүүл амьдрах зөв юм гэдгийг нэг л өдөр ойлгож, өөртөө санаа тавьж ууланд алхахаар шийдсэн. Тэр үед Сутай хайрханд бараалхах сан гэж боддог байлаа. Багадаа гэрийнхээ данхыг гялалзтал нь зүлгэнэ. Аав хараад “Миний хүү ажил сураад сайн байна” гэж урам хайрлаж эрхлүүлдэг байсныг мартдаггүй. Манаслуд авирчихаад нисдэг тэргэнд сууж явахад бага насны минь дурсамжууд бодогдсон. Тэр үед аавдаа “Хүү нь чадсан шүү” гэж хэлж билээ. Миний энэ үг эцэг, эхийнхээ хайрлаж өсгөсөн ачийг өөрийн хүсэл мөрөөдлөөр хариулахыг хичээсэн чин сэтгэлийн бэлэг байв.
-Монголчууд хэдхэн хоногийн дараа шинэ оноо угтаж авах нь. Та ирэх жил хийхээр төлөвлөсөн зүйлээсээ сонирхуулаач.
-Надад 2026 онд төлөвлөсөн зүйл олон бий. Гэхдээ энэ удаа өөртөө үлдээе. Намайг юу хийхээр төлөвлөснийг хүмүүс тухайн цаг хугацаанд нь харвал сонирхолтой байх болов уу. Уулчид ажлаа ч хийнэ, амьдралаа ч урагшлуулна. Оргилд авирахын тулд уйгагүй бэлтгэл хийж, бие, сэтгэл зүйгээ бэлддэг. Миний хувьд долоо хоногийн гурван өдөр ууланд алхдаг. Харин таван хоногт нь фитнесийн хүчний бэлт гэл хийхийг хичээдэг юм. Буйдан дээр хэвтэж, зурагт үздэг хоёр цагийг хасахад хүн амьдралын зөв хэвшилд орно. Хүмүүс ээ, өдөр бүр өөртөө ганц цагийг үр дүнтэй зарцуулахыг хичээгээрэй. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийнхээ төлөө тууштай зүтгэж, хэний ч зориглож зүрхэлдэггүй оргил руу аав, ээж, гэр бүл, үр хүүхдээ орхиод зүглэнэ гэдэг маш их зориг, тэвчээр шаарддаг. Энэ ташрамд, бүх зүйлд хатуужил тэвчээр гаргадаг зоригт уул чиддаа уулын спортын 70 жилийн ойн баярын мэнд хүргэе. Шинэ оноо баяр хөөртэй сайхан угтаарай.