Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2005 онд нийслэлийн 73 дугаар дунд сургууль, 2010 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийг дүүргэсэн Ч.Лодойсамбуу гишүүнийг “боловсрол нимгэн” хэмээн дотоод, гадаадын нэр хүндтэй их сургууль дүүргэсэн зарим хүн өөнтөглөх шалтаг болгодог. Харин тэрбээр “Боловсрол гэж мэдлэгээ хэрэглэх чадвар, зөв дадал, ёс суртахууны цогцыг хэлнэ” хэмээн хариуг нь барьсан байдаг.
Ч.Лодойсамбуу 2007-2010 онд “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, 2010-2012 онд “Шууд.мн” сайт, “Шууд” телевизэд сэтгүүлч, 2012-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хэвлэлийн төлөөлөгч, 2016-2018 онд “PResident PR agency” захирал, 2018-2019 онд “TV6”-гийн, 2019-2022 онд NTV телевизэд продюсер, 2024 онд Ардчилсан намаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Хан-Уул дүүргээс сонгогдон ажиллаж буй. Өдөр тутмын сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллах хугацаандаа Монголын гэрэл зурагчдын мэргэжлийн томоохон өрсөлдөөний талбар болох “Батзориг” сангийн уралдаанд тэргүүлж байсан бол “Шууд” телевизэд сэтгүүлч хийхдээ “Гамбир” ток шоуг санаачлан тухайн үедээ олны анхаарлыг багагүй татсаны зэрэгцээ TV6 телевизэд байхдаа эхлүүлсэн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгээрээ үзэгч олноос чамгүй сайн үнэлгээ хүртсэн гээд тэрбээр “барьж” авсан ажил, бүтээлүүддээ эзэн болдог нэгэн. Гал “атгаж” гүйх ч дуртай.
2023 оны нэгдүгээр сард сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандан “Засгийн газраас гаргасан шийдвэр, тэр дундаа Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь хүний жам ёсны эрхийг зөрчиж, Үндсэн хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчиж байна” гэсэн агуулгаар гомдол гаргасан удаатай. Тухайлбал, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүүхдийн мөнгийг орлого хамаарч өгдөг болсон нь Үндсэн хуульд хүнийг аж байдал, хөрөнгө чинээ, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн заалтыг зөрчиж буй тухай асуудлыг хөндсөн юм. Улмаар 2024 оны зургаадугаар сард Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар түүний гомдлыг хэлэлцэх байсан ч Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын ээлжит сонгууль дууссаны дараа хэлэлцэж өгөхийг хүссэнийг хүлээн авч, хойшлуулсан юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ оны хоёрдугаар сарын 7-нд Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийг огцруулах тухай саналаа өөрийн албан бланк дээр үйлдэн, гишүүдээс гарын үсэг цуглуулахад бэлэн болсноо мэдэгдсэн нь мөн л олон нийт, нийгэмд цочроо өгч, “Огцрох амархан” жагсаалын үүтгэл болсон гэхэд хилсдэхгүй. Нам нь хамтарсан засагт ажиллаж байхад Засгийн газраа шүүмжлэн, бүр тэргүүнийг нь огцруулах асуудлыг оройлон хөндөнө гэдэг “шийртэй” улс төрчөөс гарах үйлдэл, зориг гэлтэй. “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө дордсон, өвлийн морин уралдааныг хориглосон Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн, амь насаа алдсан иргэдийн нэр төрийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг бусдын нэр төрд халдсан зэргээр хязгаарлах байдал даамжирсан, шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, эдийн засгийн бодлого гажуудаж, чөлөөт зах зээлийг боомилж байна, хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болгосон, татварын оновчгүй бодлогын улмаас татвар төлдөггүй хэсэг нь хождог болсон тул ардчилсан тогтолцоог хамгаалж, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэх үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн энэхүү бичигт АН-ын угшилтай УИХ-ын гишүүд болох Ж.Баярмаа, Г.Бямбасүрэн нар хамгийн түрүүнд дэмжин гарын үсэг зурсан билээ.
Салхи нэгэнт эргэж, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорсны ард АН-ынхан харин өдгөө сөрөг хүчний үүргээ чамбай гүйцэтгэж буй. Зунжин, намаржин эрх мэдлийн төлөө завсаргүй зодолдсон МАН-ын тэмцэл, хэрүүл дунд нэгэн чухал асуудал дарагдаад өнгөрснийг экс Ерөнхий сайдын троллуудаар “улсын дайсан” мэт цоллуулсан мөнөөх Ч.Лодойсамбуу гишүүн сануулсан. Тэр нь сонгогч сонгуулийн санал өгөх хуудсан дээр бичигдсэн нэрсээс мандатын тоогоор дугуйлахгүй дутуу орхисон бол тэр саналын хуудас хүчингүй болж байгаа нь иргэний чөлөөтэй сонголт хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоосон асуудал юм. ХЭҮК-оос ч энэ асуудлыг удаа дараа хөндөн тавьж буй. Гэвч Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэснийг тэрбээр шүүмжилж “Цэцийн дүгнэлт зөв байсан. Хүн яагаад өөрийн дэмжсэн хүнээ Улсын Их Хуралд сонгохын тулд огт дэмждэггүй, таних ч үгүй бусад хэн нэгний нэрийг хамт дугуйлах ёстой юм. Мэдэхгүй, танихгүй хүнийг сонгохгүй байх эрхтэй. Үүнийг бүгд мэдэж байгаа ч “ах” нам хүчээр ингэж тулгаж санал зулгаахгүй бол ялахгүй учраас Цэцийн шийдвэрийг үл тоон, нүдээ дарж, чихээ таглаж байгаа нь энэ” хэмээн хатуухан шүүмжилнэ лээ. Эрх баригчдын “эрлэг”, эрх чөлөөний “Хонхны дуу” болсон иймэрхүү төлөөлөл парламентад илүү олон болоосой.
Л.Аргамжин