Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Манай парламентад нэртэй зохиолчдын үр сад болох хоёр ч гишүүн байдгийн нэг нь С.Лүндэг. Тэрбээр Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны зээ хүү юм. Гэхдээ өвөөгөөрөө овоглодог. 2024 оны сонгуульд зориулж пиар хийхийн тулд түүнийг овгоо сольсон гэж хардах хүмүүс байсан юм. Тэгвэл тэрбээр төрсөн цагаасаа л өвөөгөөрөө овогложээ. Энэ талаар өөрөө “Аав, ээж минь надаас өмнө нэг хүүхэдтэй болсон ч хүндрэлтэй төрсөн учраас удалгүй өнгөрсөн юм билээ. Тиймээс намайг өвөө, эмээ минь хүн болгохоор үрчилж авсан” хэмээн ярьжээ. 22 нас хүртлээ тэрбээр тэдэнтэйгээ амьдарсан байна.
арин улс төрийн хүрээнд түүнийг “өлгийдсөн эцэг” нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. ШУТИС-ийг программ хангамжийн чиглэлээр төгсмөгцөө С.Лүндэг Японд дахин хоёр жил суралцсан гэнэ. Үүний дараа УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн туслахаар ажилд оржээ. Үүнээс хойш эл улс төрчийг 20 жил дагаж, хамгийн сүүлд Ерөнхийлөгч болсных нь дараа ахлах зөвлөхөөр нь ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн аж. Олон жил “цүнх барьсан”-ыхаа шагналд тэрбээр нэрээ дэвшүүлэх “виз” авсан байх нь. Ардын уран зохиолчийн хүү, Төрийн тэргүүний ахлах зөвлөх түүнд өвөөгийнх нь нэр хүнд, “ах”-ынх нь дэмжлэг тус болсон нь гарцаагүй. Ингээд төвийн бүс болох УИХ-ын сонгуулийн тавдугаар тойргоос парламентад сонгогдсон юм. Гишүүнээс зөвлөх хийсэн 20 жилд тэр бодлогын олон баримт бичиг боловсруулахад оролцсон, суралцсан, өөрийгөө “мерит зарчмаар өгссөн” хэмээн нэгэн ярилцлагадаа тодорхойлсон байна лээ. Энэ зууртаа АНУ-ын Страйрын, Японы Саппорогийн олон улсын их сургууль болон МУИС-д гурвантаа магистрын зэрэг хамгаалсан хэмээн намтарт нь бичжээ.
Гэвч энэ туршлага, чадвар нь өнгөрсөн жил хагаст лав харагдсангүй. Эсрэгээрээ чуулгандаа суудаггүй, ажлаа байнга тасалдаг гишүүн гэдэг цол гуншинтай нэгэн л болжээ. 2024 оны аравдугаар сард эхэлсэн намрын чуулганд тэр нэг ч удаа суугаагүй. Тэгвэл оны өмнө хаасан сүүлийн намрын чуулганд нийт 36 удаа буюу хуралдааны яг 50 хувьд нь ажилдаа иржээ. Есдүгээр сард болсон долоон чуулганд С.Лүндэг гишүүн ирц бүрэн оролцов. Харин аравдугаар сараас үзэгдэх нь буурсаар арванхоёрдугаар сард чуулгандаа хоёр л удаа ирсэн байх юм. Оны сүүлчийн сард гадаадад хоёр, орон нутагт нэг удаа томилолттой байсан хэмээн Тамгын газрын ирцийн мэдээнд тэмдэглэж. Намрын чуулганд 18 удаа суугаагүйн шалтгааны 60 гаруй хувьд нь эрүүл мэндийн чөлөөтэй байсан гэнэ. Тэгэхээр түүний бие сайнгүй байгаа бололтой. Өмнөх чуулгануудад ч тэрбээр цөөнгүй удаа өвджээ.
Зохиолч өвөөгийн гэрт өссөнийх, олон ном уншсан, бас эхнэр нь ч энэ салбарын хүн юм билээ. У.Хүрэлсүхийн төлөө зүтгэж явсан он жилүүддээ С.Лүндэг гишүүн эхнэрийнхээ бичсэн зохиолыг уншиж, редакторлохдоо тархиа амраадаг байжээ. Одоо бол түүнд цаг заваас илүү юмгүй болсон гэж найдна. Учир нь чуулгандаа бараг суудаггүй, “зөнгөр” хүмүү сийн нэг болоод буй. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөхийн “цаг наргүй” ажлаас чөлөөлөгдсөн шүү дээ. Нэг улс төрчийн төлөө ийм олон жил ажиллана гэдэг бол маш тууштай чанар мөн. Харин одоо төвийн бүсийн гурван аймгийн иргэдийг төлөөлөөд УИХ-д сонгогдсон гэдгээ ухамсарлаж, ажилдаа арай илүү хариуцлагатай хандмаар байна. Бас өнөөх тууштай чанар, үнэнч сэтгэлээ хууль тогтоогч, ард түмний төлөөллийн ажилдаа харуулах цаг чинь иржээ. Зохиолч өвөөгийн зээ, Төрийн тэргүүний хүн гэдгээс өөрөөр өөрийгөө таниулах чадвар, чадамж байгаа бол үүнийгээ харуулахад хоёр жил хагасын хугацаа л үлдлээ. Үгүй бол зүгээр л “цүнх баригчид”-ын зарчмаар өгсөж орж ирсэн, товчлуур дарагч гэдгээ нотолно.