Сүүлийн үед хот, орон нутгийн хүүхэд залуус гараар татах хүчний спортоор сонирхон хичээллэж, амжилт гаргах болсон. Монголд хөгжиж буй эл спортоор дамжуулан олонд эрүүл, зөв амьдралын хэв маягийг түгээхээс гадна улс орнуудад таатай харилцааг бэхжүүлэх, шинэ түлхэц болж байна. Орон нутгаас тив, дэлхийн тэмцээнд хүч сорьж түрүүлсэн тамирчин бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б ангийн сурагч Б.Цэлмэг. Тэрбээр аавынхаа хамт энэ спортоор хичээллэдэг. Өсвөр үеийнхний болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг түүнийг аав нь бэлтгэлээ хийхийн хажуугаар дасгалжуулж, тэмцээнд оролцуулдаг аж. Тухайлбал, Казахстаны Алматы хотод өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүлж, Киргиз улсыг зорьж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай ирсэн юм. Аавынхаа талаас бөхийн удамтай тэрбээр хүч, бярыг нь өвлөжээ. Түүний өвөө үндэсний бөхийн барилдаанд өмсдөг мэхээр олонд алдаршсан Монгол Улсын заан Цанлигийн Дамдиндорж билээ. Сагсан бөмбөгөөр спортын гараагаа эхлүүлж, хүчний спортоор тамирчны карьераа үргэлжлүүлэн “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарсан түүнийг зочноор урилаа.
-Сурагчдын амралт дуусаж, хичээлдээ орлоо. Аавынхаа удирдлагад бэлтгэлээ базааж, амралтын өдрүүдийг завгүй өнгөрүүлэв үү?
-Тийм ээ. Монголын гараар татах хүчний холбооноос зохион байгуулдаг УАШТ-ий товлосон хугацаа ойртож байгаа тул сумынхаа фитнес клубт аавынхаа удирдлагад бэлтгэлээ хийж, амралтын урт өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүллээ. Монголд тус спорт хөгжиж байгаа болохоор орон нутгийн охид сонирхож хичээллэх болсон. Би ч тэдний нэг. Хөвсгөлд өнгөрсөн жил болсон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзэлсэн юм. Тухайн үед өсвөр үеийнхний ангилал байгаагүй тул насанд хүрэгчидтэй өрсөлдсөн. Нутгийнхаа эгчтэй нэг жинд оролцсон ч медалиас мултарч, өөрийн эрхгүй шар хөдөлсөн. Аймгаас ирснийхээ дараа Улаанбаатарыг зорьж, мэргэжлийн тамирчидтай хамт сургуулилалт хийж, ур чадвараа ахиулсан минь тив, дэлхийн тэмцээнд оролцох эхлэл байв. Шарандаа хичээллэсэн спортдоо амжилт гаргана гэж үнэхээр төсөөлөөгүй л дээ.
-Бөх, хүчний спортод амжилт гаргасан тамирчдын олонх нь удам дамжсан байдаг. Богино хугацаанд амжилт гаргасан тань үүнтэй холбоотой ч байж болох шүү дээ.
-Би дөрвөн хүүхэдтэй айлын том охин. Ах, дүү хоёртойгоо ноцолдож өссөн. Аав минь бөхийн удамтай. Олны дунд өмсдөг мэхээрээ алдаршсан Монгол Улсын заан Цанлигийн Дамдиндоржийн ач хүү. Манайхан намайг хөвгүүдээс дутахгүй хүч бяртай гэдэг. Аавынхаа төмөр өргөхийг эхэндээ сонирхож хардаг байсан бол сүүлдээ дуурайж өргөмөөр санагддаг болсон. Анх хичээллэхдээ төмрөө өргөж даахгүй ядардаг байлаа. Жаахан шантраад эхлэхэд аав “Чи тэр жинг өргөхөд л медаль авна шүү дээ” гэж хурцалдаг. Орхон аймагт болсон тэмцээнд насанд хүрэгчдийн ангиллынхантай өрсөлдөн, хүрэл медаль хүртэж урам авсан. Намайг сургуулийн захирал, багш нар, ангийн хамт олон дэмжиж, тэмцээнд оролцох боломж олгодог. “Дэлхийн цом”-д түрүүлээд ирэхэд сургуулийн хамт олон, сурагчид баяр хүргэж, халуун дотно угтаж авсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би одоо -65 кг-ын жинд өрсөлддөг. Гараар татах хүчний улсын цомын АШТ-д өсвөр үеийнхний ангилалд түрүүлж, насанд хүрэгчдийнхэд хүрэл медаль гардсанаар олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэр үед тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргах зорилго тавьж, өргөх жингээ 10 кг-аар ахиулан, бэлтгэлээ шаргуу хийсэн. Тамирчин хүн анхны медальдаа хайртай байдаг юм билээ. Тэр дундаа ялж авдаг болохоор хүрэл медалиа их бэлгэшээдэг. Аав, бид хоёр шигшээ багийн тамирчин биш тул гадаад, дотоодын тэмцээнд хувиасаа хөрөнгө, мөнгө гаргаж оролцох амаргүй. Сумын иргэд, сургуулийн хамт олон, сурагчид хандивт нэгдэж, хоёр хоногийн дотор зардлын мөнгө бүрдүүлэн биднийг Казахстаны Алматы хотод болсон “Дэлхийн цом”-д оролцуулсанд баярладаг.Тус улсаас бид аваргын цом, алтан медальтай ирж сумынхаа олныг баярлуулсан даа.
-Дотоодын томоохон тэмцээнд өөрөөсөө эгч мэргэжлийн тамирчидтай өрсөлдөх амаргүй. Тийм үед аав нь охиндоо юу гэж зөвлөдөг бол?
-УАШТ-д мэргэжлийн тамирчидтай өрсөлдөөд өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй. “Дэлхийн цом”-д оролцох эрх авахаар өрсөлдөж буй тэднийг хараад эхэндээ сүрдсэн л дээ. Медалийн төлөө шалгарахад аав “Айж, сандралгүй тайван очоод зүгээр л өргө. Чи өмнө нь өргөсөн юм чинь одоо ч чадна” гэж хэлээд гаргасан. Түрүүлчхээд шагналын тавцанд зогсож байхдаа ааваараа маш их бахархсан. Хэрвээ дэмжиж, зөвлөдөггүй байсан бол би ийм богино хугацаанд амжилт гаргахгүй шүү дээ. Намайг медаль хүртсэнээс хойш сургуулийн сурагчид хүчний спортоор хичээллэж эхэлсэн. Би өмнө нь даруу, дуу цөөнтэй байлаа. Харин спортоор хичээллэснээс хойш өөртөө итгэлтэй, хүмүүсийг хүндлэн, нээлттэй харилцдаг болсон.
-Тамирчин хүнийг урагшлуулдаг зүйл бол зорилго тавиад биелүүлэх шүү дээ.
-Спорт хүнийг хөгжүүлж, эерэг хандлагатай, зөв хүн болгон төлөвшүүлдгийг маш сайн ойлгосон. Хүн зорилго тавиад хүсэл мөрөөдөлдөө хүрэх сайхан юм билээ. Аав намайг ямар ч тэмцээнд оролцоход амжилт хүсээд нуруун дээр зөөлөн цохидог. Тэр үед гүнзгий амьсгаа аваад гарахад эрч хүчтэй болсон мэт санагддаг юм. Газраас төмрийг татахдаа анхаарлаа сайтар төвлөрүүлж байгаад өргөдөг. Тамирчин хүнд сэтгэл зүй, итгэл найдвар бол бэлтгэл сургуулилалттай адил чухал. Тиймээс тэмцээний үед өөрийгөө хүнд бодлоос чөлөөлж, тайван байхыг хичээдэг. Энэ спортоор хичээллээд олон найз нөхөдтэй боллоо. Тэдний гаргасан амжилтаар бахархаж, ур чадвараас нь суралцаж явна. Олон улсын тэмцээн дотоодынхоос олон зүйлээр ялгаатай. Миний хувьд хүчний бэлтгэлд түлхүү анхаарч, нойр, хоол, амралтаа зөв зохицуулдаг. Тэмцээн дөхөхөөр сайн амарч, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Амжилт гаргахад энэ бүхэн хоорондоо холбоотой тул эртнээс бүх зүйлээ сайн төлөвлөх нь зөв. Аль нэгийг нь дутаавал бүтэн жил хичээсэн хөдөлмөр талаар болох магадлалтай. Орон нутагт, тэр дундаа сумдаа гараар татах хүчний спортын онцлог, хэрхэн хичээллэж, амжилт гаргадгийг аав, бид хоёр биеэрээ үлгэрлэн харуулж тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртлээ.
-Казахстаны Алматы хотод анх хөл тавихад ямар санагдав. Тэмцээн болох газрын уур амьсгал онгоцны буудлаас л мэдрэгддэг гэдэг.
-Тухайн улсын хөгжил, цэвэр орчин, чийглэг, таатай уур амьсгал, намрын улирлыг санагдуулам цаг агаар нь их таалагдсан. Ногоон байгууламж, мөнх цастай сүрлэг уулсыг хараад байгалийн сайхнаар нь бахархаж байлаа. Хүмүүс “Чи чадна. Чамайг медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Түрүүлж, аварга болоорой. Олны итгэлийг дааж, одоо л өөрт байгаа бүх зүйлээ дайчилж гаргаарай” гэх зэргээр сэтгэлийн дэм өгч, зоригжуулсан. Тэр дундаа ээж өдөр бүр холбогдож, өөдрөг үгээр урам өгсөн шүү. Тус хот Монголоос гурван цаг 40 минутын зөрүүтэй. Хоёр хоноод л орчин, нөхцөлд нь хурдан дассан. “Дэлхийн цом”-д 13 улсын тамирчин хүч сорьсон. Тэмцээний өмнө пауэрлифтингээр хичээллэдэг биерхүү, булчинтай тамирчдыг хараад жаахан сандарсан ч эцсээ хүртэл өрсөлдөнө гэж бодоод дэвжээнд гарсан. Тэнд эх орноо төлөөлж оролцсон Монголын найман тамирчин бүгд медаль хүртсэн. Надтай аваргын төлөө өрсөлдсөн Казахстаны тамирчин мөнгөн медаль зүүсэн. Аав мөн хоёр төрөлд оролцож, алт, хүрэл медаль авсан. Бид гадаадын тэмцээнд түрүүлээд Төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод огшиж баярласан шүү. Тамирчин хүний амжилтаараа бахархах зогсох сайхан мөчийг тэр үед илүү мэдэрсэн. Тийм үедээ хүн улсаа, аав, ээж, нутаг усаа их боддог юм билээ.
-“Дэлхийн цом”-оос хүртсэн медаль араасаа амжилт дагуулж, Азийн АШТ-ээс алтан цом гардуулна гэдгийг тэр үед та төсөөлөөгүй ч үгүй явсан биз?
-“Дэлхийн цом”-д оролцсоныхоо дараа бид Киргизийн Ош хотыг зорьж, Азийн АШТ-д өрсөлдсөн. Тэндхийн орчин, нөхцөл Казахстанаас өөр. Хотынх нь иргэдээс тухайн орны эртнээс уламжилж ирсэн түүх, соёл, амьдралын өвөрмөц хэв маягийг олж харсан. Тивийн тэмцээнд эзэн орны тамирчид их оролцдог нь анзаарагдсан. Тэмцээнтэй өдрүүдэд хүмүүс нь бидэнтэй гар барин мэндэлж “Чингис хаан, Монголын тамирчид” хэмээн хүндэтгэлтэй хандаж буй нь сайхан санагдаж байв. Гадаадынхан манай улсын түүхийг сонирхож уншдаг болохыг тэр үед мэдсэн юм. Тивийн тэмцээнд аав бид хоёр амжилттай оролцож, аварга болсон. Казахстан, Киргиз улсад гараар татах хүчний спор эрчимтэй хөгжиж байгаа тул сар бүр тэмцээн зохион байгуулдаг нь харагдаж байлаа.
-Тив, дэлхийн тэмцээнээс таныг медаль хүртсэн болохоор нэг жинд өрсөлддөг тамирчид судалж эхэлсэн байх.
-Би ч гэсэн тэднийг судалж байгаа. Дотоодын тэмцээнд орон нутгаас Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн тамирчид хотынхонтой хүчтэй өрсөлддөг. Тэд надаас нэг, хоёр насаар эгч. Би хүчний спорттой нөхөрлөхөөсөө өмнө чөлөөт бөхөөр хэдэн сар хичээллэсэн. Манай сумд бэлтгэл хийлгэх мэргэжлийн дасгалжуулагч байдаггүй. Тиймээс амжилт гаргах магадлалтай спортын төрлөөр тууштай хичээллэхээр шийдсэн юм. Би одоо спортын I зэрэгтэй. Улаанбаатар хотод гуравдугаар сарын 18-нд болох УАШТ-ий үеэр спортын дэд мастер цол авна.
-Таны амжилт гаргасан түүх тань аавынхтайгаа адилхан санагдлаа. Хоёулаа IV байрт шалгарч, хүчний спорттой нөхөрлөсөн байх юм.
-Бидний амжилт гаргасан түүх адилхан. Аав УАШТ-д анх оролцохдоо яг над шиг IV байрт шалгарсан гэдэг. Хотоос ирээд бэлтгэлдээ анхаарал хандуулж, өргөх техникээ сайжруулснаар хойшид оролцсон тэмцээнээс медаль хүртдэг болсон юм. Хүн зөв шартай байх хэрэгтэй. Амжилт гаргахад ийм зан чанар нөлөөлдөг. Миний хувьд VI ангийн сурагч байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэн, сургуулийнхаа шигшээ багт тоглон, 11-14 хүртэлх насныхны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Аймагтаа дөрвөн удаа түрүүлсэн бид УАШТ-д ч өрсөлддөг. Өнгөрсөн амралтын өдөр сумын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд багийнхантайгаа түрүүллээ. Сагсан бөмбөг, гараар татах хүчний тэмцээнээс хүртсэн медаль цөөнгүй. Тиймээс тив, дэлхийн тэмцээнээс хүртсэн медалиа тусад нь өлгөхөөр шийдсэн. Монголд “WPPL.ASIA” Евро Азийн аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 11-13-нд зохион байгуулна. Тэр үед тивийн шилдгүүдтэй өрсөлдөх тул бэлтгэлээ сайтар базаахыг хичээж байгаа.
-Сагсан бөмбөгөөр хичээллэсэн тань хүчний спортод хөл тавихад нөлөөлөв үү?
-Манай сургуулийн биеийн тамирын багш нар сагсан бөмбөг, волейбол гээд багийн спортыг түлхүү хөгжүүлж, шигшээ баг бүрдүүлэг аймаг, улсын тэмцээнд оролцуулдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэж, хатуужил, тэсвэрээс суралцсан минь алхам тутамд хэрэг болж байна. Хэрвээ би спортын ямар ч ойлголтгүй гараар татах хүчний спорттой нөхөрлөсөн бол амархан шантрах байсан болов уу. Нэг нь багийн, нөгөө хүчний спорт тул хийх бэлтгэл, техник, тэмцээний дүрэм нь өөр. Тиймээс аль алиных нь бэлтгэлийг хийхдээ хурд, хүч, техник гээд бүх зүйлийг сайн мэдэх шаардлагатай.
-Ах, дүү нар тань үндэсний бөхөөр барилддаг уу?
-Эрэгтэй дүү минь үндэсний бөхөөр барилдах сонирхолтой. Одоо есөн настай. Аавыг дагаад сумын наадамд очиж, өсвөр үеийнхний барилдаанд зодоглодог. Аав олон жил барилдсан. Сүүлийн үед гараар татах хүчний спортоор түлхүү хичээллэж байгаа. Зун улсын наадмаар сумын баярын талбайд очиж, аав, дүү хоёрын барилдахыг хардаг. Аавыг бөх болохоор найзууд, бас таньдаг хүмүүс нь хурдан удмын морь бэлэглэдэг. Сүүлийн үед дүү барилдахын хажуугаар морь унах дуртай болсон. Тариалан сумд улсын заан Ц.Дамдиндорж өвөөгийн минь хөшөө байдаг. Үр хүүхдүүд, ач зээ, хамаатан садны ах, дүүс нь босгосон юм.
-Энэ жил ямар зорилго тавьж, түүндээ хүрэхээр тэмүүлж байна вэ?
-Тамирчин хүн бэртэл, гэмтэлгүй байж амжилт гаргадаг. Энэ оны хамгийн эхний зорилго бол УАШТ-д амжилттай оролцож, эх орондоо намар зохион байгуулах Евро Азийн тэмцээнээс медаль хүртэхийг хичээж байна. Би тэмцээний тов ойртох тусам сандардаг байсан бол одоо тайван оролцдог болсон. Аав намайг дасгалжуулдаг болохоор “Юу ч бодохгүйгээр өргө” гэж зөвлөдөг нь нөлөөлсөн байх. Тамирчин байх сайхан. Амжилт гаргаж, медаль хүртэх бүрдээ аварга хамгаалж, батлахыг хүсдэг. Олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцохдоо гадаад орнуудын хөгжлийг харж, тамирчидтай нь найз нөхөд болж танилын хүрээгээ тэлсэн. Тэдний авьяас, ур чадвар, туршлагыг харж, судлан өөрийгөө хөгжүүлдэг давуу талтай. Энэ ташрамд, намайг дэмжиж тэмцээнд оролцуулдаг гэр бүл, мөн сумын удирдлага, сургуулийн захирал, хамт олон, ангийн багш, найзууддаа баярлаж талархсанаа илэрхийлж, “Та бүхний итгэл найдварыг алдахгүй. Оролцсон тэмцээн бүрдээ амжилт гаргаж, баярлуулах болно” гэж хэлье.