Монголд үндэсний спортын их наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад энэ сарын 22-25-нд болсон VIII наадмын мөсний шагайн харвааны тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 600 гаруй тамирчин өрсөлдөж, цэц мэргэнээ сорьсон. Тэднээс хувийн цуваа харваанд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, мөсний шагайн Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер, “Их Засаг” олон улсын их сургуулийн I дамжааны оюутан Ө.Бүрэнбаатар 40 сумнаас 49 онож түрүүлэв. Аймгийн гоц мэргэн, “АПУ” ХК, “Алдар” спорт хорооны харваач тэрбээр ийнхүү улсын чанартай томоохон тэмцээнд дөрөв дэх удаагаа аваргалж, мөсний шагайн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Б.Угтахбаяр ахлагчтай мөсний шагайн харвааны багийнхантай нэгдэн тоглож тэргүүн байрт шалгарсан түүнтэй ярилцлаа.
-Мөсний болон үндэсний шагайн харвааны томоохон тэмцээнүүдэд та оролцож түрүүллээ. Аль алинд нь амжилт гаргахад нөлөөлдөг гол зүйл тань юу вэ?
-Би таван настайдаа мөсний болон үндэсний шагайн харваагаар хичээллэсэн. Түүнээс хойш 14 дэх жилдээ тоглож байна. Энэ удаагийн их наадамд хот, орон нутгаас ирж оролцсон шилдэг харваачидтай өрсөлдөж тэргүүн байрт шалгарахын тулд өөрийгөө дайчилж, маш их хичээл зүтгэл гаргасан. Өмнө нь улсын цолны эрэмбээрээ IX байрт жагсдаг байсан бол тус наадмын цуваа харваанд түрүүлснээр зургаад бичигдлээ. Миний хувьд 2017 онд болсон мөсний шагайн харвааны өсвөр үеийнхний УАШТ-д тэргүүлж өсөх мэргэн, 2021 онд насанд хүрэгчдийн УАШТ-д аваргалж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа УАШТ-д мөн л түрүү харваачаар тодрон Монгол Улсын хошой мэргэн, 2024 онд эхний байрт шалгарч, Монгол Улсын дархан, энэ онд дахин аварга болсноор Монгол Улсын үлэмж дархан мэргэн цол хүртэж байна.
-Архангай аймагт удам дамжсан харваач цөөнгүй бий. Та бол тэдний нэг. Багаасаа хичээллэсэн хичээл зүтгэл тань амжилт авчирлаа.
-Өвөө минь (ээжийн аав) шагай сайхан харвадаг хүн байсан. Аав ч бас олон жил тоглож, ах, бид хоёрт шагайн харвааны эрдмээс зааж, гайхамшгийг нь мэдрүүлсэн. 2021 онд болсон мөсний шагайн харвааны УАШТ-д ахтайгаа хамт түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэхэд манайхан их баярласан. Миний хувьд үндэсний шагайн харвааны улсын тэмцээнд “Алдар” спорт хороо, АПУ ХК-ийн багт тоглодог. Хэд хоногийн өмнө болсон “Ерөнхийлөгчийн цом”, “Алдрын цом” тэмцээнд багийнхантайгаа түрүүлж, алтан цом гардлаа. 2026 оныг амжилтаар эхлүүлж, гурав дахь тэмцээндээ аваргаар шалгарсандаа баяртай байна.
-Үндэсний спортын их наадмын тэмцээнд шилдэг харваачид цэц сорьдог тул өрсөлдөөнтэй болдог. Танд түрүүлэх итгэл хэзээнээс төрөв?
-Өмнө нь 40 сумнаас 47 онож дээд амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоож байсан юм. Тус наадмын тэмцээн эхлэх өглөө гэрээсээ өөдрөг бодолтой гарч, сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Мөсний шагайн харваа эр хүний зан чанар, ухаан, ур чадвар, туршлага, мэдрэмж, идэр гурван есийн жавар ид тачигнасан хүйтнийг даван тулах зориг, тэсвэр хатуужлыг шалгадаг. Жинхэнэ эрчүүдийн тэмцэл үүнээс харагддаг. Мөсний шагайн харвааны тоглох техник, арга барил, дүрэм үндэсний шагайн харвааныхаас өөр. Цэвэр агаарт, эрс тэс уур амьсгалд өрсөлддөг нь монгол эрчүүдийн хувьд өөрийгөө ялах давуу тал болдог. Шагайн харваачид нэгийнхээ харвах техник, арга барилыг мэддэг. Би эхний 20 сум тавихад 20 дугаар байрт бичигдэж байсан бол сүүлийн 20 сумаа сайн харваж, оноогоор илт давуу тэргүүлж эхэлсэн юм. Гэхдээ сэтгэл ханаж, тайвшраагүй. Надтай тэргүүн байрын төлөө өрсөлдсөн хоёр тамирчин маш сайн харвадаг тул тэмцээн дуустал өөрт байгаа бүхнээ гаргаж тоглосон. Аварга болчихоод аавтайгаа хамгийн түрүүнд холбогдож, баярт мэдээг дуулгасан. Улаанбаатараас алтан медальтай очиход нутгийнхан баяр хүргэж, сэтгэл өндөр угтсан. Мөсний шагайн харвааны тэмцээнийг лайваар шууд дамжуулсан тул сумын иргэд үзээд баяр хүргэж, урам хайрласан шүү.
-Оюутан болсон танд хичээлдээ явах, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй л байгаа болов уу. Цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд хэр төлөвлөж сурсан бэ?
-Би “Их засаг” их сургуульд эрхзүйч мэргэжлээр сурдаг, I дамжааны оюутан. Оюутны амралт дуусаж, ирэх долоо хоногт хичээл эхэлнэ. Манай сургуульд шагайн харваагаар хичээллэдэг залуус бий. Оюутны УАШТ-ий үндэсний шагайн харвааны төрөлд сургуулиа төлөөлж оролцоод тэргүүллээ. Миний хувьд өнгөрсөн жилийн хавраас “Алдар” спорт хорооны тамирчин болсон юм. Архангай аймаг шагайн харвааны өлгий нутаг тул алдартай мэргэчүүдтэй. Нутгийн болон багийн ах нар мэдэх, чадах зүйлээсээ харамгүй зааж, зөвлөдөг тул алдаа дутагдлаа хурдан засдаг. Оюутан болоод удаагүй болохоор хичээлдээ анхаарал хандуулж, бэлтгэл хийх зав бага гарч байна. Гэхдээ таслахгүйг хичээж, багийнхантайгаа сургуулилалт хийж, томоохон тэмцээнүүдэд оролцдог. Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз “АПУ” ХК, “Алдар” спорт хорооны шагайн харвааны багийн ахлагч. Манай багийнхнаас Б.Пүрэв ах надад илүү зааж зөвлөдөг нь.
-Аавыг тань бөх барилддаг гэж сонссон. Та ч гэсэн бөхийн төрлүүдээр хичээллэсэн бол амжилт гаргах байсан уу?
-Аав, ээж минь хоёулаа бөхийн удамтай. Тухайлбал, аавын талд Монгол Улсын начин Л.Рэнцэндорж, ээжийнхэд Монгол Улсын начин Д.Дэмбэрэл хэмээх хүн байсан. Аав шагайн харвааны аймгийн мэргэн, үндэсний бөхийн сумын заан цолтой. Залуудаа барилдаж, хурдан морь уяж наадамд уралдуулдаг байв.Сумын төвд суурьшсанаас хойш шагайн харваагаар дагнах болсон. Найзуудынх нь олонх нь бөх, уяач. Миний хувьд аав, ахтайгаа аймаг, сумынхаа наадамд 2019 оноос эхэлж шагай харвасан. Харин өнгөрсөн жилээс улсын наадмын харваанд оролцдог болсон юм. Үндэсний их баяр наадмаар харваачдад улсын цол олгодог тул хүн бүр хичээж цэц сорьдог. Аав наадмаар харвааны бүх хэрэгслийг минь бэлдэж өгөөд “Даруу төлөв байж, сайн харваарай” гэж захидаг. Би багийнхаа харваачдаас хамгийн залуу нь. Бид өнгөрсөн жил Тэрэлж дэх амралтын баазад 14 хоног бэлтгэл сургуулилалт хийсэн.
-Та сургуулийнхаа волейболын шигшээ багт тоглож, тэмцээнд оролцдог юм билээ. Үндэсний, багийн спортоор хичээллэж, “хос морьтой” урагшилж байгаа тань бахархал төрүүллээ.
-Есдүгээр ангийн сурагч байхдаа волейболоор сонирхож хичээллэсэн. Тэр үеэс сургуулийнхаа шигшээ багт тоглож, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сумаа төлөөлж оролцдог байв. Сүүлийн үед үндэсний сур харваа сонирхолтой санагддаг болсон. Сумдаа болсон сур харвааны тэмцээнд оролцож, нэг удаа түрүүлсэн. Хойшид харваж болмоор санагдаад байгаа. Архангай аймгаас төрсөн үндэсний сур харааны алдартай мэргэн олон бий. Найзуудаас зарим нь мөсний шагайн харваагаар хичээллэдэг. Тэд үндэсний спортын VIII их наадмын тэмцээнд оролцож, багийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Бид байнга холбоотой байж сайхан нөхөрлөдөг. Шагайн харваатай нөхөрлөсөн хүн үндэснийхээ өв соёлоос суралцаж, хүндэтгэлтэй ханддаг. Ахмад харваачдынхаа туршлагаас суралцаж, зөвлөснийг нь хэрэгжүүлж, ур чадвараа хөгжүүлэх сайхан. Эрхзүйч мэргэжил эзэмшиж, ажил, амьдралын талбарт хөл тавьсан ч дуртай спортоосоо холдохгүй.
-Багийнхан тань сүүлийн үед шинэ залуу харваачдаар хэр хүч сэлбэв?
-Манай багт Дундговь, Өмнөговь аймгаас тус бүр нэг, Өвөрхангайгаас хоёр харваач бий. Тэднээс гурав нь улсын цолтой. Би нутгийнхаа дүү нарыг мөсний болон үндэсний шагайн харваа, волейболоор хичээллэхийг уриалж, заримд нь заадаг. Өнгөрсөн зун наадмын дараа багийнхантай тойром харваанд хэдэн удаа оролцлоо. Төв аймагт дахь Бадын бөөр, Дорноговь аймагт зохион байгуулсан Луугарын тойром харваа их сонирхолтой болсон. Тойром харваанд оролцох үедээ тухайн нутгийн онцлог, түүх соёл, ёс заншил, байгалийн сайхныг харж бахархдаг. Луугарын тойром харваа говьд хадан дунд болдгоороо өвөрмөц санагдсан. Архангай аймагт Тайхарын тойром харваа болдог. Би залуу харваач тул үндэсний спортоос суралцах зүйл их бий. Сүүлийн үед шагайн харвах техник, нясалгаанд анхаарал хандуулж байгаа. Бид багаараа “Ерөнхийлөгчийн цом” тэмцээнд түрүүлснийхээ дараа Архангай аймагтаа үндэсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Улсын болон аймгийн тэмцээнүүдэд оролцох нь харваачдын хувьд нэг талаар бэлтгэл сургуулилалт нь болдог. Тиймээс тэмцээн алгасахгүй оролцож, үеийнхнээсээ суралцаж, өөрийгөө хөгжүүлж байх нь зүйтэй.
-Наадмын үндэсний шагайн харваанд сайхан уухайлдаг багийнхан түрүүлж байгаа харагддаг. Та хэр суралцаж байна вэ?
-Шагайн харвааны тэмцээнийг уухайгүйгээр төсөөлшгүй. Уухайн дуунд байгаль дэлхий баясаж, сонссон хүний хийморь сэргэдэг гэх яриа бий. Тэмцээнд оролцох бүрдээ уухай сонсож, сэтгэлээ сэргээдэг. Амжилт гаргахад маш их нөлөөлнө шүү дээ. Тиймээс Монголд наадам үзэхээр ирсэн ирсэн жуулчид үндэсний сур харваа, шагайн харвааг сонирхож үздэг. Аав минь надад шагайн харваа заасан анхны багш, дасгалжуулагч. Нутгийн харваачдаас Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ч.Мандахбаяр ах зааж, зөвлөснөөр энэ спортод илүү татагдах болсон. Би уяач биш ч гэлээ хурдан моринд их дуртай. Эрдэнэмандал сумын уяачдаас П.Дэмбэрэл, А.Алтангадас нар улсын алдарт уяач болсон шүү. Нутгийнхаа Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва нараар бахархаж, барилдааныг нь сонирхож хардаг. Залуу бөхчүүдээс аймгийн арслан Ө.Батсуурийг дэмждэг. Тэрбээр улсын цол хүртэх бөхчүүдийн тааварт жил бүр багтдаг хүчтэнүүдийн нэг. Миний хувьд үндэсний шагайн харвааны аймгийн гоц мэргэн цолтой. Надад төлөвлөсөн зүйл их бий. Энэ жил наадмын шагайн харваанд багийнхантайгаа амжилттай оролцож, улсын цол хүртэхийг зорьж байна.