Дэлхийн хамгийн эртний тоглоомуудын нэг болох биллиард нь Хойд Европт XV зуунаас үүсжээ. Энэ нь “Алхтай бөмбөг” гэсэн утгатай “Palle maille” хэмээх эртний франц тоглоомоос гаралтай аж. Спортын төрлүүдээс биллиардын ДАШТ-ийг 1873 онд анх зохион байгуулсан гэдэг. Тухайн үед ихэс дээдсүүд язгууртны спорт гэдэг утгаар түлхүү тоглодог байжээ. Монголд биллиардын төрлүүдээр тууштай хичээллэж, амжилт гаргасан олон тамирчин байдгийн нэг нь Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) А.Дэлгэрхүү. Эл спорттой 25 жил нөхөрлөсөн тэрбээр пүүл биллиардын 2015, 2022 оны УАШТ-д түрүүлж, “Шилдэг тамирчин”-аар гурван удаа шалгарч байв. Түүнчлэн сүүлийн үед Ази, Европын орнуудад эрчимтэй хөгжиж буй хэйбол биллиардын тэмцээнд ур чадвараа сорих болсон юм. Дотооддоо зохион байгуулсан УАШТ-ий залуучуудын ангилалд 2021, 2023 онд хүрэл, 2024 онд мөнгөн медаль гардаж, мастер ангилалд өнгөрсөн жил дэд байр эзлэн, энэ онд аваргаар тодров. Тэрбээр тэмцээнд оролцохын зэрэгцээ эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг. Түүний эхнэр Г.Ган-Орхон Улаанбаатарт өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон “Joy heyball International оpen Mongolia stop” олон улсын нээлттэй тэмцээнд тэргүүлж, улмаар Йордан улсын Амман хотод аравдугаар сард зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлж, аваргын цом гардсан билээ.
-Та энэ сард дотоод, гадаадын томоохон тэмцээнд оролцохоор төлөвлөсөн бололтой. Хэйбол биллиардын УАШТ-ий финалд шалгарч, аваргын төлөө Ц.Баярхүүтэй өрсөлдсөн. Хүчтэй өрсөлдөгчөө ямар тактикаар хожив?
-Монголд биллиардын төрлүүдээр хичээллэдэг сайн тамирчин олон бий. Түүний нэг нь Ц.Баярхүү. Бид тэмцээнд өгөө аваатай л байдаг. Үүнээс өмнөх тэмцээнүүдэд түүнтэй нэг бус удаа таарахдаа хожиж, хожигдсон удаа бий. Тэрбээр олон жил тоглосон болохоор туршлагатай. Ур чадвар, тоглох техник, тактикаар бол хаана ч гологдохгүй. Хэйбол биллиардын УАШТ-ий тоглолтууд өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон. Түүнтэй аваргын төлөө өрсөлдөхдөө төвлөрч тоглохыг хичээсэн. Тоглолтдоо орж, тооцоолж байсан бүхнээ гарган ялж, улсын аварга боллоо. Тамирчин хүн сайн өрсөлдөгчтэй байж өөрийгөө хөгжүүлнэ. Тоглолтоос нь өөрийн сул талаа олж харж, давуу талаас нь суралцана гэдэг амжилт гаргаж, урагшлахад том хөшүүрэг болдог. Би өнгөрсөн жилийн тэмцээнд түүнд ялагдсан бол энэ оны амжилтаа алтан медиалиар эхлүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.
-Эхнэр тань мөн алтан медалийн төлөө ОУХМ Б.Нарантуяатай өрсөлдсөн. Харин одоо тивийн тэмцээнд аваргаа хамгаалж тоглох нь дээ.
-Эхнэртээ “Өөртөө байгаа бүх чадвараа гаргаж, аль болох тайван тоглоорой” гэж зөвлөсөн. Азийн АШТ-д тивийн шилдгүүд өрсөлддөг. Тэд ДАШТ-д ч амжилт гаргасан. Олон тэмцээнд оролцсон болохоор нэгнийхээ тоглох арга барилыг мэднэ. Тамирчин хүнд аз ивээх өдөр гэж байдаг. Тэмцээний үед ямар ч өрсөлдөгчтэй таарсан ялагдахгүй хождог тохиолдол бий. Тэр дундаа өмнөд хөршийнхөн хүчтэй өрсөлддөг. Тэд ур чадварын түвшнээрээ бусад орны тамирчнаас нэг алхмын өмнө байдаг. Гал гарсан, ширүүхэн өрсөлдөөн багийнх нь тоглолтоос харагддаг. Энэ нь тэмцээний уур амьсгалыг илүү сонирхолтой болгодог юм. Бидэнд тэднээс суралцах зүйл их бий. Хэйбол биллиард бол БНХАУ-ын үндэсний спорт. Мэргэжлийн түвшинд тоглодог гурван сая гаруй тамирчинтай. Тэгвэл ихэнх оронд 20- 30 мэргэжлийн тоглогч байх жишээтэй. “Master grand final”-ын шагналын сан нь өндөр. Тиймээс дэлхийн шилдгүүд өрсөлдөхөөр ирдэг.

-Өмнөд хөршид дэлхийн шилдгүүдийн өрсөлддөг “Masters grand final” эхлэх гэж байна. Малайз улсад ирэх сард Азийн АШТээс гадна тивийн нээлттэй тэмцээн болно. Таныг гэр бүлтэйгээ оролцохоор хилийн дээс алхсан гэж сонслоо.
-Эхнэрийг минь Г.Ган-Орхон гэдэг. Бид БНХАУ-д болох олон улсын тэмцээнд өөрсдөө мэдүүлгээ өгч оролцдог. Харин Азийн АШТ-д өрсөлдөхөөр болбол дотооддоо сонгон шалгаруулах тэмцээнд оролцдог юм. Миний хувьд амжилттай тоглож, эрхээ авсан. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Нарантуяа, Г.Ган-Орхон нар тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тул шууд оролцох эрхтэй. Тивийн хоёр том тэмцээн Малайзад ирэх сард эхэлнэ. Би тус улсад хоёр дахь удаагаа хөл тавих гэж байна. Өнгөрсөн жил болсон нээлттэй тэмцээнд эхнэр бид хоёр шигшээ наймд шалгарч, олон улсын цол зэргээ авсан. Бидэнд энэ улс ээлтэй санагддаг. Тэнд зохион байгуулах тивийн тэмцээнүүдэд тоглохоос өмнө “Master grand final”-д өрсөлдөхөөр өмнөд хөршид гэр бүлээрээ очсон. Дэлхийн хэйболын тэмцээний шагналын санг БНХАУ-ын “Joy billiards” брэнд санхүүжүүлдэг. Тиймээс Австрали улсад 2032 онд зохион байгуулах зуны олимпын наадмын тэмцээнд биллиардын төрлүүдээс хэйболыг оруулахаар зорьж буй.
-Хэйбол биллиарын тэмцээн шагналын өндөр сантай тул санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тамирчин олон байдаг гэл үү?
-Тийм ээ. Хятадын шилдэг тоглогчдоос 21-25 насны тамирчид санхүүгийн эрх чөлөөнд хэдийн хүрсэн. Тэдний дунд тэрбумтнууд ч бий. Тэмцээний шагнал болох асар их мөнгөнөөс гадна тоглож буй хэрэгслүүдийнхээ бүх газраас цалинждаг. Хамгийн доод тал нь 4-5 брэндтэй хийдэг. Тамирчдын цалин нь хэдэн зуун саяар бодогдоно. Харин олон улсад болдог биллиардын тэмцээн олимпын төрөлд багтана гэдэг утгаараа шагналын сан бага байдаг. Тухайлбал, 10-15, ДАШТ нь 30 мянган ам. доллар гэх мэт. Энэ нь Хятадад болдог тэмцээнд бол бага, харин олон улсынхад бол өндөр юм. Ази, Европын орнуудад сүүлийн гурван жил хэйбол биллиард түлхүү хөгжиж буй. Биллиардын бусад төрлөөр хичээллэдэг тамирчид ч гэсэн үүгээр тоглодог. Өмнөд хөрш шилдэг тоглогчдыг мөнгөөр “зодож” хэйболын тэмцээнд урьж оролцуулдаг. Монголын тамирчид гэсэн чамлахааргүй өрсөлдөж байна. Үүнийгээ харуулж, эрэгтэйчүүдийн баг өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд БНСУ-ын шигшээг хожиж, алтан медаль, цомтой эх орондоо ирсэн.
-Та эхнэрээ дасгалжуулж, Йордан улсад болсон Азийн АШТ-д оролцуулсан байх аа?
-Тийм ээ. Эхнэр минь Монголд зохион байгуулсан хэйболын олон улсын тэмцээнд түрүүлж, Йордан улсад болсон Азийн АШТ-д тэргүүн байрт шалгарсан. Тус тэмцээнд тив, дэлхийн аварга тамирчныг хоёр удаа хожиход нь бахархсан. 2024 онд снүүкер биллиардын дэлхийн аварга болсон Тайландын алдартай тамирчныг эхлээд хэсэгтээ, дараа нь алтан медалийн төлөөх тоглолтод хожсон нь тухайн үед шуугиан тарьж байлаа. Монголын тамирчид хэйболын тив, дэлхийн аварга болохдоо биллиардын төрлүүдээр тоглох авьяастай гэдгээ амжилтаараа баталсан. Манайхан биллиардын спортыг өндөр хөгжүүлсэн өлгий орны тоглогчдоос дутахааргүй авьяас, ур чадвартай. Монголын тамирчидтай өрсөлдсөн БНСУ-ын баг хүчирхэг шүү дээ. Тэд ч гэсэн сайн тамирчдыг хожиж, аваргын төлөө шалгарсан. Үүнээс хойш тус тэмцээнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулахаар болсон юм. Тэгэхээр манайхан дараагийн тэмцээнд аваргаа хамгаалж тоглоно. Миний хувьд улсаа төлөөлж оролцох эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэд шигшээ наймд шалгарч, тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ удаа Хятадын эрэгтэйчүүд хүрэл, эмэгтэйчүүдийн баг алтан медаль хүртэж, шилдэг тамирчидтай гэдгээ олон оронд харууллаа.

-Гэр бүлээрээ биллиард тоглодог тамир чин цөөнгүй байдаг ч тууштай хичээллэж, амжилт гаргасан нь одоогоор танайх л байна.
-Манайх гэр бүлээрээ хэйбол биллиард тоглодог. УАШТ-д 80 гаруй тамирчин оролцоход хүү минь тоглож, хүрэл медаль гардсан. Зургаан настайдаа стандарт пүүл биллиардын УАШТ-д хүрэл медаль хүртэж байв. Тус тэмцээнд өөрөөсөө ах тоглогчдыг хожиж, эхний гурван байрт шалгарсан юм. Бид хүүгээ мэргэжлийн тоглогч болгохыг зорьж байгаа. Энэ жилээс өмнөд хөршид хэйболын төрлөөр суралцаж, тэнд нэг хэсэгтээ амьдарна. Хятадад биллиардын төрлүүдийн сургалт байнга болдог. Тус улс хүүхдүүдийг мэргэжлийн тамирчин болгохын тулд багаас нь бэлддэг. Бидэнд хүүгээ тэр журмаар нь хөгжүүлэх бодол бий. Үүнийг хоёр жилийн өмнөөс ярилцаж байж, томоохон шийдвэр гаргалаа. Хятадын тамирчдын хэмжээнд хүрэхийн тулд улсад нь бэлтгэл сургуулилалт хийх нь илүү үр дүнтэй. Би олон улс, тив, дэлхийн тэмцээнд эхнэрээ оролцуулахдаа дасгалжуулагч, сэтгэл зүйчээр нь ажилладаг. Хэсэгт нь ямар улсын тамирчид таарч, өрсөлдөхийг судалж, тэдэнтэй хэрхэн тоглох талаар зөвлөдөг. Хэйболын Азийн АШТ-ий аваргын төлөөх тоглолтод төвлөрч, алдаа гаргахгүй, тайван тоглохыг сайтар захисан. Эхнэр ч миний зөвлөснөөр тоглож түрүүлсэн. Хэйбол биллиард тоглох нь яг шатраар өрсөлдөхтэй адил. Тухайн тамирчнаас ухаан, ур чадвар, өндөр мэдрэмж, сэтгэл зүй шаарддаг.
-Миний мэдэхээр та биллиардын төрлүүдээр цөөнгүй жил хичээллэж, амжилт гаргасан. Хүсэл сонирхлоороо энэ спорттой нөхөрлөсөн үү?
-Биллиардаар 25 жил хичээллэж байна. Өөрийн сонирхлоор сурч, энэ спортод хөл тавьсан. Эхлээд хэйбол, дараа нь стандарт пүүл тоглож сурсан. Сүүлийн жилүүдэд хэйболоор тууштай бэлтгэл хийж байна. Стандарт пүүл биллиардын дотооддоо зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдэд оролцдог. Энэ төрөлд түлхүү амжилт гаргаж, цөөнгүй медаль хүртсэн. Миний хувьд биллиардын спортоос сурч, мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх нь чухал гэж боддог. БНХАУ-д эхэлсэн “Master grand final”-д тамирчидтай нь Английн тоглогчид ана мана өрсөлдөх болов уу гэж таамаглаж байгаа. Англид биллиардын төрлүүд өндөр хөгжсөн тул тамирчид нь багаасаа бэлтгэгдсэн, мэргэжлийн тоглогч байдаг. Харин Монголд одооноос л хөгжиж байна.

-Тамирчид жилд 3-4 томоохон тэмцээнд оролцдог тул нэгнээ мэддэг. Тэднээс хэнтэй нь хамгийн сүүлд холбогдож, ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Тамирчин, дасгалжуулагчид тэмцээний үед тааралдвал мэндэлж, нэгнийхээ тоглолтод амжилт хүсдэг. Дэлхийн биллиардын холбооны цахим хуудсанд тухайн жилд болох тэмцээнүүдийн товлосон хугацааг тавьж, олонд танилцуулдаг. Тиймээс бүгд мэдээлэл авдаг. Хэйбол биллиардын Азийн АШТ, тивийн нээлттэй тэмцээн ирэх сарын 7-15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээн эхлэх өдөр ойртож байгаа тул сэтгэл зүйгээ бэлдэхээс гадна бэлтгэл сургуулилалтаа сайн хийж оролцоно. Миний хувьд Хятадад үйлдвэрлэсэн “LP”, эхнэр АНУ-д үйлдвэрлэсэн “Predator” брэндийн цохиураар тоглодог. Бид тоглох арга барилдаа тааруулж, цохиураа сонгодог. Чанартай цохиураар 4-5 жил тоглодог юм.
-Тэмцээний дүрэм, заалт, шүүлтэд ойрын үед өөрчлөлт оров уу?
-Биллиардын тэмцээний дүрэм, заалт, шүүлт тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй. Би карьераа өндөрлүүлбэл хойшид дасгалжуулагчаар ажиллах бодол бий. Тамирчдыг бэлтгэл хийлгэж, тэмцээнд оролцуулна гэдэг үүрэг, хариуцлага өндөртэй ажил. Хойшид томоохон тэмцээнд оролцох улсынхаа багийг сайн бэлтгэл хийлгэх зорилго тавьсан. Азийн орнуудаас Энэтхэг, Тайланд снүүкер биллиардын төрөлд мэргэжлийн тамирчидтай. Бид Малайзад болох Азийн АШТ, тивийн нээлттэй тэмцээнд оролцсоныхоо дараа эх орондоо ирж, тавдугаар сард эхлэх снүүкер биллиардын УАШТ-д өрсөлдөнө. Тус тэмцээний дараа Хятадад болох хэйбол биллиардын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд эхнэрээ оролцуулахаар төлөвлөж байна.