Цагдан хорих төвийн хянагч нарыг шалгаж дуусаагүй байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ оны гуравдугаар сард “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдон хоригдож байхдаа түлэгдэж гэмтсэн. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох, хэн үүнд буруутайг хайх ажилд ШШГЕГ-ынхан болон хууль хяналтын бусад байгууллагынхан оролцож, галын шинжээчид “Хоригдогч өөрөө гал тавьсан байж болзошг үй” гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин Ш.Батбаяр болон түүний өмгөөл өгч, ар гэрийнхэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан. ШШГЕГ-ын удирдлага Ш.Батбаярын түлэгдсэн хэрэгт ажилтнуудаа буруутгаж, нэр бүхий долоо алба хаагчаа ажлаас нь чөлөөлж, ангийн даргад нь цалингийн хувиар торгох арга хэмжээ авсан талаараа тухайн үед мэдээлж байв. Энэ хэрэгтэй холбоотой дуулиан түүнийг долоон сар баривчлах ял шийтгүүлснээр төгсс өн хэмээн зарим хүн үзэж буй. Гэвч хууль хяналтын байгууллагад Ш.Батбаярыг болон өөр хэдэн хүнийг шалгасаар байгаа гэнэ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж байсан хэд хэдэн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Ш.Батбаяр галд түлэгдэх үед албан үүрэг гүйцэтгэж байсан ээлжийн дарга, ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж, ахлах ахлагч Д.Батболд, ахлагч Б.ЦэндАюуш, дэд ахлагч Х.Охиноо нарыг албан үүрэгтээ хайнга хандсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийн сэжигтнээр татсан аж. Тэднийг хоригдогч Ш.Батбаярыг дур мэдэн өөр өрөөнд шилжүүлсэн, хориотой арга хэрэгсэл хэрэглэсэн, биед нь үзлэг хийгээгүй тусгаарлах өрөөнд оруулсан хэмээн буруутгаж байна. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, дүрэм, журмаа биелүүлээгүйгээс гадна хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж буй. Олон улсын гэрээ конвенц, холбогдох хууль тогтоомжид зааснаар тусгаарлах өрөөнд ганцаарчлан хоригдож буй хүнийг гав, дөнгөтэй байлгахыг хориглодог. Гэтэл Ш.Батбаярыг бусадтай маргалдаж, Цагдан хорих төвийн сахилга, дэг журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгаарлах өрөөнд хорихдоо дөнгөлсөн аж. Энэ үед биед нь үзлэг хийгээгүйгээс Ш.Батбаяр тамхины асаагуур халаасандаа хийж ороод гал тавьсан аж.
Харин ШШГЕГ-ынхан ахмад Х.Жигдэндан, дэслэгч Б.Бямбадорж, ахлах ахлагч Д.Батболд, ахлагч Б.Цэнд-Аюуш, дэд ахлагч Х.Охиноо нарт сахилгын арга хэмжээ авах үндэслэлдээ “Хоригдогчид тусгай хэрэгсэл хэрэглэх болсон тухай тэмдэглэл хөтөлж, бэхжүүлж баталгаажуулаагүй, үүссэн нөхцөл байдлын талаар ангийн удирдлагадаа танилцуулаагүй, тусгаарлах тасалгаа, хоригдогчийн бие, эд зүйлд үзлэг, нэгжлэг чанаргүй хийж, хариуцлагагүй хандсан, телекамерийн дүрс бичлэгийн техник хэрэгсэл ажиллаж буй эсэхийг шалгаагүй, албан үүрэгтээ хайнга хандсан” гэж дурдсан байв. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй. Цагдан хорих төвд ажиллаж байсан хянагч нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр энэ оны дөрөвдүгээр сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд тэднийг гэм буруутай гэж хэлж чадахгүй. Бусдын гэм буруутай эсэхийг шүүх тогтоох учиртай. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үү, эсвэл хэрэгсэхгүй болгох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй” гэлээ. Харин ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвийн зарим ажилтан “Ш.Батбаяраас болж албан үүргээ гүйцэтгэж байсан жирийн алба хаагчид хохироход хүрээд байна. Түүнийг ч гэсэн эд хөрөнгө устгасан гэсэн зүйл ангиар шийтгэхэд болохгүй юмгүй” хэмээн бухимдан ярьж байв. Харин хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Баавар буюу Ш.Батбаярт мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Санаатайгаар эд хөрөнгө галдан шатааж, устгаж гэмтээсэн” гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Хоёр дахь хэрэгтээ сэжиглэгдэж буй түүнийг эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж бусдын батлан даалтад гаргасан. Шалгалт удахгүй дуусах байх. Хэрэгт холбогдсон хүмүүсийг хэрхэн шийдвэрлэхийг шүүх, прокурорын байгууллага л мэднэ” гэв. Юутай ч багагүй хугацаанд дуулиан тарьсан Ш.Батбаярын түлэгдэж гэмтсэн хэрэгт гэм буруутан бий эсэх нь удахгүй тогтоогдох аж.